"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 91 ДҮГЭЭР БҮЛЭГ
ЛҮШҮЙ УСЫГ ТАХИАД ХАНЬ УЛСЬН ЖАНЖИН ЦЭРЭГ ЭГСЭН
ЖУНЮАНИЙГ БАЙЛДМУЙ ХЭМЭЭН ҮХОУ ИЛТГЭЛ АЙЛТГАСАН
Өгүүлэх нь: Кунмин цэргээ татаж улсдаа эгэхэд Мөнхуо олон агуйн эзэд аймгийн дарга жич олон аймгийн хүмүүсээ дагуулж ёслон мөргөсөөр хүргэжээ. Өмнөд цэрэг Лүшүй голын хөвөөнд хүрэх үес намрын сүүл сарын цаг тохиолдсонд гэнэт будангуй үүл бүрхэж их салхи ихэд боссонд олон цэрэг голыг гэтэлж чадахгүй тул хойш эгэн ирж Кунминд мэдүүлсэнд Кунмин даруй Мөнхуогаас асууваас Мөнхуо өчрүүн: “Энэ голд эртнээс тэрслүү эзэд адалж байсан тул өнгөрөн гарах бүхэн эрхбиш тахих хэрэгтэй”. Кунмин өгүүлрүүн: “Ямар юмаар тахимуй?”. Мөнхуо өчрүүн: “Анхандаа улсын дотор тэрслүү эзэд адлахад хүний тэргүүн долоон долоо дөчин ес хийгээд хар үхэр, цагаан хониор тахиваас аяндаа салхи намхарч долгион дарагдахын дээр тариа төмс үлэмж төрмүй” хэмээхэд Кунмин өгүүлрүүн: “Эдүгээ би нэгэнтээ хэргийг төвшитгөсөн тул нэг хүнийг ч хэрхэн алж төвдөх аж?” хэмээгээд даруй биеэр Лүшүй голын хөвөөнд ирж үзвэл үнэхээр будангүй салхи ихэд босож долгион хямралдан бурхирахад цэрэг морь цөмөөр цочив. Кунмин маш сэжиглэж газрын хүнийг эрж асуусанд газрын хүн хэлэх нь: “Хараахан Чансангийн бие үүгээр өнгөрсний хожим голын ховөөнд шөнө бүр чөтгөр уйлж, хувилгаан бархирах дуу сонстоод гэгээ тасрах үеэс гэгээртэл зогсохгүй. Будан утааны дотор тоогүй чөтгөр байж гамшиг болох тул хүн эмээж гэтлэхгүй бөлгөө” хэмээжээ. Кунмин өгүүлрүүн: “Энэ цөм миний ял болой. Урьд мадай, Шу улсын цэрэг мянга илүүг дагуулж ирээд цөм энэ усанд үхжээ. Ялангуяа өмнө газраас алагдсан хүнийг басхүү энэ газарт орхисон тул хилс сүнс, гомдолтой чөтгөр тонилж чадахгүйдээ ийм болсон ажгуу. Энэ шөнө би биеэр хүрч тахисугай!” хэмээхэд газрын хүн өгүүлрүүн: “Зүй нь хуучин дүрмийг мөрдөж дөчин есөн хүний толгойгоор тахиваас сая гомдолт чөтгөр аяндаа тархмуй” хэмээхэд Кунмин хэлрүүн: “Энэ хүн үхээд гомдолтой чөтгөр болсныг хэрхэн бас амьд хүнийг алж болмуй за? Надад арга баймуй” хэмээгээд даруй тогоочийг дуудан үхэр, морь алуулж гурилыг нухаж хүний толгой болгоод дотор нь үхэр, хониний махыг ор болгож “Мантуу” хэмээн нэрийдэв. Мөн шөнөдөө Лүшүй голын хөвөөнөө хүж зулын ширээ, тахилгын юмыг бэлтгэж тавиад дөчин есөн зул шатааж сүнсийг даллах далбаа хийгээд мантуу зэргийн юмыг газар дээр жагсаан тавьсны хойно гуравдугаар жингийн үес Кунмин алтан малтай зүүж, тогоруун нөмрөг өмсөөд биеэр очиж тахихад дүнцюэгээр тайх бичгийг уншуулав. Тэр бичгийн үг нь:
“Их Хань улсын дахин бадруулагчийн гуравдугаар оны намрын сүүл сарын шинийн нэгэнд Үсян Хоу болон Ижоугийн газрыг захирах Чансан Жугө Лян тахилгын юмыг хичээнгүйлэн жагсаан тавиад улс төрийн төлөө үхсэн Шу улсын жанжин тушаалтан болоод жич өмнө газрын үхэгсдийн сүнсэнд өчих нь: Манай их Хань улсын хаан сүр хүч нь таван чийргээс хэтрэн, гэгээн нь гурван ванг залгамжлан чаджээ. Урьд хол газраас зах хязгаарт халдахаар ирэн өөр аймгаас цэрэг байгуулан хилэнцэт хорхойн сүүл мэт хорыг өвөрлөж, чонын адил муу зүрхийг барьж өрнөн самуурсан тулд би эзний зарлигийг хүлээн авч хол газар ял асуухаар ирэхэд нохой өтөг цуглуулан шоргоолжийг арилган, чийрэг цэргийг үүл мэт хуруулж балмад хулгайг даржээ Хулсыг хугалах дуу сонссон төдийгөөр самж мэт хүчийг алдав. Гагцхүү цэрэг хуягчид цөмөөр есөн мужийн сайн эрс бөгөөд жанжин түшмэд нь мөнхүү дөрвөн далайн доторхи идэрхэг баатар тул тэдгээр хараахан цэргийн эрдмийг боловсорч цэрэгт ороод гэгээн эзнийг үйлдэн дагаснаас нааш алин ч болов гурван зарлалыг дагаж, долоонтоо баримталсан гавьяаг дэлгэрүүлэн хамт улс төрд хариулах үнэнхүү сэтгэлийг барьж эзэнд шударгыг гүйцэтгэх зоригийг барьсан бөгөөтөл санамсаргүй гэнэтхэн цэргийн тухайг алдаж бусдын зальт аргад унаад зарим нь суманд оногдон сөнөсөн нь есөн булагт хүрсэн ба зарим нь илд жаданд шархдаж сүг нь уртад шөнөд эгсэн олон бүхэнд амьд бүхий үес баатар бөгөөд үхсэний хойно нэр бүтжээ. Эдүгээ “Дийлсэн дууг дуулан улсдаа эгээд олзоо өргөсүгэй!” хэмээмүй. Танай аруухан гайхамшигт сүнс басхүү буй аваас миний дуудан залбирахыг сонсмогц миний туг хиурыг дагаж миний цэрэг ангийг хөөгөөд хамтаар дээд улсдаа эгж тус бүр айл гацаагаа таньж өөрийн ураг садангийн тайх тавиглахыг амссугай! Хэрхэвч бус гацааны чөтгөр үл болж өөр хязгаарын сүнс бологтун! Би хаанд айлтгаж танай гэрт цөмөөр хишиг шим хүртүүлэн жил бүр амуу хувцас олгуулж сар бүр цалин буулган өгч гавьяад хариулан таны сэтгэлийг амуулсугай! Жич тус газрын сахиулс өмнө орны чөтгөр ер цусан идээг амсаж байгсдыг түших орон олгуулах нь холгүй болов. Амьд бүхий цагт их сүрээс нэгэнтээ эмээгсэд үхсэний хойно басхүү эзний соёлд гэсэгдэж нам гүм байж битгий бархиран уйлагтун! Үүний тул үнэн сэтгэлийг илрүүлж хичээнгүйлэн тахисныг аяа хөөрхийлэлтэй хураан амсах ажаамуу!” хэмээжээ.
Тайх бичгийг уншиж дуусмагц Кунмин их дуугаар уйлсан нь маш уяралтай тул олон аймгийн цэрэг цөмөөр сэтгэл эвдэрч нулимс унагасны дээр Мөнхуо нар бүгдээр бас ч дуу гарч уйлав. Үзтэл зовлонт үүл гомдолт манангийн дотор бараг бүрэг хэдэн мянган чөтгөр сүнс үзэгдээд цөм салхийг даган сарнижээ. Түүнээс Кунмин жигүүрийн хүнээр тахисан юмыг Лүшүй голд дуустал орхиулав.
Түүнээс дэд өдөр Кунмин их цэргээ дагуулж Лүшүй голын өмнө хөвөөнд хүрч үзэхэд үүл хураан манан сарниад долгио төвшин болсон тул Шу улсын цэргүүд энх амраар Лүшүй голыг гэтлэн гараад үнэхээр ташуураар төмөр дөрөөг тогшиж дуугаргаад “Дийлсэн дууг дуулан эгмүй” хэмээсэнчлэн явсаар Юнчан газарт хүрмэгц Кунмин нь Ванкан, Люйкайг үлдээж дөрвөн хошууны газрыг захируулан сахиулаад Мөнхуо хийгээд олон бүхнийг буцаахдаа сургаж хэлсэн нь: “Засгийн хэргийг хичээн засамжилж доорх хүнээ хэмжээлэгтүн! Суусан ардыг сайнаар тохинуул! Битгий тариалангийн явдлыг алдагдуул!” хэмээхэд Мөнхуо уйлан мөргөсөөр салж одов. Кунмин их цэргийг дагуулж Чөндүд хүрэхийн хэрд Хоужу жагсаалт тэргэнд сууж хотоос гучин газрын эцэст угтахаар ирээд тэрэгнээс бууж замын хажууд зогсож Кунминийг хүлээж байсанд Кунмин санд мэнд тэрэгнээс бууж ирээд замын дунд мэхийн сөгдөж айлтгаруун:
“Сайд би даруйд өмнө газрыг төвшитгөн чадсангүй эзнийг зовоосон нь сайд миний ял болой” Хоужу эзэн Кунминийг түшиж босгоод хамт тэргэнд сууж ордондоо эгж энх төвшин болсон баярын хурим бэлтгэж хуримлаад олон цэрэгт хүнд хишиг буулган шагнав. Үүнээс хойш холхи газрын улсаас алба барьж бараалхахаар ирсэн нь хоёр зуу илүү газар болжээ. Кунмин Хоужу эзэнд айлтгаж улс төрийн төлөө үхсэн, хүмүүсийн гэрийг нэг нэгээр онцоор тэтгэхийг тогтоосон тул хүний сэтгэл цөм амсхийн баярлаж дотоод гадаа газар орон энх төвшин болов.
Тэндээс Вэй улсын эзэн Цаопэй сууринд суугаа, долоодугаар он, даруй Шугийн Хань улсын дахин бадруулагчийн дөрөвдүгээр он болой. Цаопэйгийн авсан гэргий Жэнь овогт эхнэр нь Юаньшаогийн дэд хөвгүүн Юаньсигийн эм мөн бөлгөө. Урьд Ечэн хотыг эвдэх үес олж авсан аж. Хойно нэгэн хөвгүүн заяасан нь нэр Рүй өргөсөн нэр Юаньжун. Хараахан бяцханаас цэцэн гэгээн тул Цаопэй машид хайрламуй. Хожим Цаопэй бас Аньпиньгийн Гуанзунгийн хүн Гуо Юньгийн охиныг эрхэм татвар болгон авав. Өнгө зүс маш үзэсгэлэн гуа тулд түүний эцэг сайшаан өгүүлрүүн: “Миний охин болбоос охидын дотрох Ван болой хэмээмүй. Тийнхүү “Охидын Ван” хэмээн нэрийдэв. Цаопэй эрхэм татварыг болгосноос хойш Жэнь овогт эхнэр янагийг алдсан тул Гуо эрхэм татвар хатан болохыг бодолхийлж ойр сайд Жантао лугаа зөвдөлцөв. Тэр цагт Цаопэй чив хэмээн өвчинтэй болсныг завшиж хуурмагаар Жэнь овогт хатны ордон дотроос уянгат модны хөргийг өрж олов. Дээр нь хаан эзний нас, жил, сар, өдөр, цагийг жагсаан бичиж дарангуй болов хэмээн гүтгэн мэдүүлсэнд Цаопэй ихэд уурлаж мөн даруй Жэнь овогт хатанд үхэл хүртээгээд Гуо эрхэм татварыг их хатан өргөмжлөв. Түүнээс хөвгүүнгүй тул Цаорүйг биедээ хөвгүүн болгон тэжээж хэдий хайрлан санах боловч үр залгамжлуулахгүй. Цаорүй арван таван нас хүрээд харвах намнахад маш боловсронгуй болжээ. Мөн жилийн хаврын дунд сард Цаопэй Цаорүйг дагуулж авлахаар гараад уулын муруйд хүрэхэд согоо, иль хоёр бугыг хөөж гаргасныг Цаопэй нэг сумаар согоог харваж алаад хойш хандаж бага илийг үзвээс шууд Цаорүйгийн морины өмнө гүйн очжээ. Цаопэй их дуугаар бархиран өгүүлрүүн: “Миний хөвгүүн чи юунд харвахгүй аж?”. Цаорүй морин дээр уйлж өчрүүн: “Эзэн нэгэнт түүний эхийг алсан тул яахан бас түүний хөвгүүнийг алж төвдмүй” хэмээсэнд Цаопэй сонсоод нумыг хаяж өгүүлрүүн: “Миний хөвгүүн үнэхээр өршөөл эрдэмт эзэн болой” хэмээгээд даруй Цаорүйг Пин Юань ван өргөмжлөв.
Түүнээс зуны дунд сард Цаопэй жихүүн өвчин хүрээд эмнэвч илаар болохгүй тул дундад цэргийн их жанжин Цаожэнь, түшээ цэргийн их жанжин Чэньцюнь, тохинуулагч цэргийн их жанжин Сыма И гурвуулыг хонох ордонд дуудаж оруулсан хойно Цаопэй Цаорүйг дуудан ирээд зааж Цаожэньд өгүүлрүүн: “Эдүгээ миний өвчин нэгэнт хүнд болоод дахин амьдарч чадахгүй болжээ. Энэ хөвгүүний нас залуу тул сайд та гурвуул сайтар тусалтугай! Битгий миний сэтгэлийг үтээрэгтүн!” хэмээхэд гурвуул цугаар өчиж өгүүлрүүн: “Эзэн юунд ийм үгсийг өгүүлмүй. Сайд бид хүчийг гүйцэтгэн хааныг үйлчилж түмэн насанд хүрүүлэхийг хүсмүй!”. Цаопэй хэлрүүн: “Энэ жил Сюйчан хотын үүд учиргүйгээр өөрөө унасан нь муу ёр мэдэгдсэн тул би эрхбиш үхэхээ мэдэв” хэмээн хэлэлцэж атал дотоод зардас айлтгаруун: “Зүүнийг дайлах их жанжин Цаосю ордны дотор амгаланг айлтгахаар ирэв” гэхэд Цаопэй дуудан оруулж хэлрүүн: Сайд та цөмөөр улс гэрийн нуруу багана мэт түшмэд болой. Хэрвээ нэгэн сэтгэлээр миний хөвгүүнд тусалбаас би үхэвч нүд анимуй” хэмээн хэлж дуусаад нулимс унагасаар халив. Тэр үес дөчин настай бөгөөд сууринд долоон он суужээ. Түүнээс Цаожэнь, Чөньцюнь, Сыма И, Цаосю нар нэгэнтээгүүр гасалж нэгэнтээгүүр Цаорүйг Их Вэй улсын хаан ширээнд залаад эцэг Цаопэйг Вэньхуанди хэмээн нэхэж өргөмжлөн эх Жэнь овогтыг “Вэньжао их хатан” хэмээн нэхэж өргөмжилсөн хойно Жүн Яог Тайфу, Цаожэнийг их жанжин, Цаосюг Да Сыма, Хуасинийг Тай Юй, Ванланыг Сыту, Чөньцюнийг Сыкун, Сыма Иг Бяоци их жанжин өргөмжлөөд өөр олон бичиг цэргийн түшмэдийг тус бүр хөхүүлэн өргөмжилж дэлхий дахиныг ихэд өрөлхийлөв. Энэ үес Юн, Лян хоёр мужийн газрыг сахих хүнгүй тул Сыма И нь “СиЛян зэрэг газрыг сахихаар очсугай!” хэмээн илтгэл айлтгасанд Цаорүй айлтгалыг тогтоож Сыма Иг Юн, Лян хоёр мужийн цэрэг морийг захирах сайд болгон өргөмжилсний дараа зарлигийг хүлээн тушаалын газар одов.
Түүнээс харуулын хүн энэ учрыг Сычуаньд нисэх мэт мэдүүлэхээр ирсэнд Кунмин ихэд цочиж өгүүлрүүн: “Цаопэй нэгэнт үхээд нялх хөвгүүн Цаорүй суурийг залгамжилсанд бусад хүнээс зовох хэрэггүй! Гагц Сыма И нь арга бодлого гүн нэвтэрсэн тул эдүгээ Юн, Лян хоёр мужийн цэрэг морийг захираад хэрэв сурган боловсруулж гаргасан цагт эрхбиш манай Шу улсын их дайсан болмуй. Урьдчилан цэрэг үүсгэж дайлахад хүрэхгүй” хэмээхэд Цаньзюнь түшмэл Масу өгүүлрүүн: “Эдүгээ Чансан өмнө газрыг төвшитгөж сая эгсэнд цэрэг морь ядаж зүдсэн тул гагц тэтгэн тэжээвээс зохихоос бус хэрхэн хол газар байлдахаар очиж болох аж? Надад нэгэн арга буй. Сыма Иг Цаорүйгийн гарт үхүүлсүгэй! Чансангийн санаанд тогтоох ба үгүйг эс мэдмүй” хэмээхэд Кунмин: “Ямар арга байна вэ?” хэмээн асуухад Масу өгүүлрүүн: “Сыма И хэдийгээр Вэй улсын их сайд боловч Цаорүй ердөө маш сэжиглэнэм бөлгөө. Юунд Луо Ян, Езюнь зэрэг газар сэмээр хүн зарж Сыма Иг “Уравсугай!” хэмээж буй хэмээн цуу үг тархаахгүй аж, нэнд бас Сыма Игийн ухуулсан бичиг хийгээд дэлхий дахинаа тархаасан тунхаг бичиг үйлдэж газар газарт нааж Цаорүйгийн сэтгэлийг сэжиглүүлбээс эрхгүй энэ хүнийг алмуй” хэмээсэнд Кунмин үг дагаж даруй хүн гаргаж сэмээр энэ аргыг явуулав. Тэндээс Ечэн хотын үүдэн дээр гэнэт нэгэн өдөр тунхаг бичиг наасныг үүд сахигч шаалан буулгаж Цаорүйд айлтгахад Цаорүй үзвээс тэр бичгийн үг нь:
“Бяоци их жанжин бөгөөд Юн, Лян зэрэг мужийн цэрэг морийг ерөнхийлөн захирагч Сыма И хичээнгүйлэн бат журмыг барьж дэлхий дахинаа зарлан ухуулах нь: Эртний тайзу Үхуанди тулгар төр байгуулаад чухам Чэнь Сы ван Зизяныг улс төрийн эзэн болгосугай хэмээснийг хишиггүй зальхай ховч харилцан сүлбэлдэж үнэн эзнийг он удтал нуугдуулав. Хааны ач Цаорүй ерөөс эрдэмгүй атал хэтрэмхийлэн их суурийг эзлээд тайзугийн гэрээсийн санаанаас үтээрчээ. Эдүгээ би тэнгэрийн улирлыг эедүүлж олон түмний санааг дагуулан өдөр болзож цэрэг үүсгэн түмэн иргэний эрмэлзлэлд нийлүүлсүгэй! Тунхаг бичиг хүрсэн өдөр тус бүр шинэ эзний захиаг дагагтун! Хэрвээ зөрчигсөд байваас есөн угсаанд хүртэл хүйс тэмтэрмүй. Үүнийг урьдаас ухуулан сонсгосныг нийтээр мэдтүгэй! хэмээжээ. Цаорүй үзэж дуусмагц царай хувилан ихэд цочиж даруй олон түшмэдээс асуухад Тай Юй түшмэл Хуасинь айлтгаж өгүүлрүүн: “Сыма И илтгэл айлтгаж Юн, Лян хоёр мужийн газрыг сахихаар одсугай!” хэмээсэн нь чухам ийм санааг барьсан болой. Урьд тайзу үхуанди үргэлж түшмэдийн зүг өгүүлрүүн: “Сыма И болбоос харцага чонын адил гэтэлхийлэн үзэх харалттай тул цэргийн эрхийг тушааж болохгүй! Хожим эрхгүй улс гэрт их зовлон болмуй” хэмээсэн бөлгөө. Эдүгээ урвах санаа нэгэнтээ сэрэгдсэнд түргэн албаас зохимуй”. Ванлан өгүүлрүүн: “Сыма И арга бодлогод гүн нэвтэрч цэргийн явдлыг сайтар ухах бөгөөд ерөөс их зоригтой тул хэрвээ эртээс арилгахгүй болбоос удаандаа гамшиг болмуй” хэмээн айлтган хэлсэнд Цаорүй зарлиг буулган: “Биеэр шадар цэрэг авч дайлахаар очсугай!” гэтэл гэнэт зэргээс их жанжин Цаожэнь гарч айлтгаруун: “Болохгүй! Вэй хуанди өнчин эзнийг сайд бидний хэдэн хүнд тушаасан бөлгөө. Үүгээр үзвээс Сыма Ид өөр санаагүйг мэдсэн нь болой. Эдүгээ хэргийн үнэн ташаа ялгараагүй байхад мөн даруй цэрэг авч байлдахаар очвоос гэдрэг түүнийг цухалдуулан урвуулахад хүрмүй. Эсхүл Ү, Шу хоёр улсын тагнуулч завсардуулах арга хэрэглэж бидний эзэн түшмэдийг харилцан самууруулаад “Тэр завсрыг эрж байлдсугай!” хэмээсэн арга ухаан ч магадгүй. Эзний байцаан толилохыг хүсмүү!”. Цаорүй өгүүлрүүн: “Хэрэв Сыма И үнэхээр урвасан болбоос яамуй?”. Цаожэнь өгүүлрүүн: “Хэрэв эзэн дотроо сэжиглэх бөгөөс эртний Хань улсын Гаозу хааны Юньмөн газарт тойрохоор очсон аргыг106 хэрэглэж эзний бие Ань И хотод морилбоос Сыма И эрхгүй угтахаар ирмүй. Тэр цагт хөдөлбөр байдлыг үзэж тэрэгний өмнө баримтлаваас болмуй” хэмээсэнд Цаорүй үгийг дагаж Цаожэнийг үлдээн улсын хэргийг шийтгүүлээд өөрийн бие шадар цэрэг арван түмийг дагуулж шууд Ань И хотноо ирэв. Түүнээс Сыма И тэр учрыг мэдэхгүй тул гэдрэг хаанаар “Түүний сүр байдлаа үзүүлсүгэй!” хэмээн даруй цэрэг морио засамжилж хуяг дуулгат цэрэг хэдэн түмийг дагуулан угтан ирсэнд ойр түшмэд айлтгаруун: “Сыма И арваад илүү түмэн цэргийг авч урагш эсэргүүцэхээр ирснийг үзэхүл үнэхээр урвах санаатай болов” хэмээсэнд Цаорүй даруй Цаосюг зарж цэрэг авч угтан байлдахаар илгээв. Сыма И цэрэг морь хүрч ирснийг үзээд “Хааны тэрэг ирэв үү?” хэмээн сэтгэж замын хажууд мэхийн угтахад Цаосю гарч өгүүлрүүн: “Жүнда чи урьд хааны өнчнийг тушаасан хүнд тушаалыг хүлээсэн атал юуны учир сэтгэл хувилсан аж?” гэхэд Сыма И ихэд цочиж царай хувилан бүх бие дээр хөлс урсаад тэр учрыг асууваас Цаосю урьдын хэргийг хэлж өгөв. Сыма И өгүүлрүүн: “Энэ нь Ү, Шу хоёр улсын тагнуулч завсардуулах арга хэрэглэж бидний эзэн түшмэлийг харилцан хорлон сөнөөгөөд тэр завшааныг үзэж “Байлдахаар ирсүгэй!” хэмээх нь болой. Би биеэр эзэнтэй уулзаж ялган айлтгасугай!” хэмээн даруй цэрэг морио эгүүлээд Цаорүйгийн тэрэгний өмнө мэхийн сөгдөж уйлан айлтгаруун: “Сайд би урьд эзний өнчнөө тушаасан хүнд өршөөлийг хүртээд ямар аймшиггүй өөр санаа өвөрлөх аж. Энэ эрхгүй Ү, Шу хоёр улсын зальт арга мөн тул сайд би даруй нэгэн анги цэрэг авч очоод урагш Шу улсыг эвдэж хойно Ү улсыг байлдаад урьд хаан бөгөөд эзний хишигт хариулж сайд би миний сэтгэлээ илэрхийлсүгэй!” хэмээжээ. Цаорүй сонсоод татгалзаж байтал Хуасинь айлтгаж өгүүлрүүн: “Цэргийн эрхийг тушааж болохгүй! Тушаалаас буулгаж нутагт нь эгүүлбээс зохимуй” хэмээсэнд Цаорүй ёсоор тогтоож Сыма Игийн тушаалыг хасаж, нутагт эгүүлээд Цаосюг Юн, Лян хоёр мужийн цэрэг морийг ерөнхийлөн захирагч болгоод Цаорүй Луо Ян хотод эгэв.
106 Хань Гаозү Чэньпингийн аргыг хэрэглэж Юньмөнд тойрохоор очмуй хэмээн Ханьсинийг хууран угтуулж барьж авсан бөлгөө.
Тэндээс харуулын хүн энэ учрыг мэдэж олоод Сычуаньд мэдүүлэхээр ирсэнд Кунмин сонсоод ихэд баярлаж өгүүлрүүн: “Би “Вэй улсыг байлдсугай!” хэмээн санаж удав. Гагцхүү Сыма Ид Юн, Лян хоёр газрын цэрэг байхын учир түдгэлзсэн бөлгөө. Эдүгээ нэгэнтээ арганд оногдон тушаалаас ангижирсан тул одоо юунаас зовмуй?” хэмээжээ. Дэд өдөр Хоужугийн өглөөний бараалхал дээр олон түшмэл сайд хуралдсанд Кунмин зэргээс гарч нэгэн илтгэл бичиг өргөв. Тэр илтгэлийн үг нь:
“Сайд Жугө Лян үг айлтгах нь: Урьд хаан тулгар төр байгуулж хагас болохын урьд зуурмаг өөд болжээ. Эдүгээ дэлхий дахин гурван хувь болж Ижоугийн газар ядангуйран зүдээд энэ үнэхээр бэрх шахам мөхөх хоцрохын тухай болов. Тийм боловч ойрх хамгааллын сайд дотоод явдалд осолдохгүй шударга зоригт түшмэд гадаад хэрэгт биеийг гээх нь лав урьд хааны онцгой өршөөснийг санаж эзэнд хариулсугай хэмээх нь болой. Хаан богд гэгээнийг нээж урьд хааны гэрээс эрдмийг гэрэлтүүлээд зоригт түшмэдийн санааг ихэтгэн гүйцээвэс зохихоос талаар биеэ нимгэлж их журмыг алдагдуулан шударга түшмэдийн ятгах замыг хаагдуулахад хүрүүлбээс үл зохих нь болой. Дотоод ордон гадаад яам107 хэмээн ялгахгүй цөм нэгэн адил аваачиж дэвшүүлэн яллахыг өөр болгож үл болмуй. Хэрвээ зальхай явдал үүдэж цаазад халдсан ба шударга сайныг зүй нь тус захируулгын газар тушааж түүний ял олох ба шан хүртээхийг шүүмжлэн тогтоолгож хааны төв гэгээнээр засахыг илрүүлэхээс хэлбийгүү гуячаар өмөөрөн дотоод гадаадыг өөр болгон засаж үл зохимуй. Шыжун, Шылан түшмэл Гуо Южы, Фэй И, Дун Юнь нар цөмөөр бат чигч сайд богөөд түүний санаа бодлого шударга голч тийнхүү урьд хаан заан гаргаж эзэнд үлдээн өгсөн нь болой. Мунхаг сайд би санахад ордон доторхи их бага хэргийг ялгахгүй цөмөөр түүнд тушаан хянуулсны хойно явуулбаас эрхгүй эндэгдэл, алдагдалд нөхвөр дөхөм болж ихэд тусыг олмуй за! Жанжин Сянчунгийн чанар үйлс нь мэргэн гэгээн бөгөөд цэргийн явдлыг нэвт мэдэх учир эрт өдөр тэнсэж хэрэглэсэнд урьд хаан чадалтан хэмээн сайшаав. Тиймийн тул олноор зөвдөлцөж Сянчунг захирагч өргөн баталсан бөлгөө. Мунхаг сайд би санахад цэргийн хамаатай их бага хэргийг цөмөөр түүнд тушаан явуулбаас эрхбиш жагсаалын цэргүүдийг эв найртай болгож, сайн муу нь илрэн гарч чадмуй. Мэргэн сайд лугаа ойртож өчүүхэн хүнийг хол болгосон нь энэ урьд Хань улсын хөгжин бадарсан учир болой. Өчүүхэн хүн лүгээ ойртож мэргэн сайдыг хол болгосон нь энэ хойд Хань улсын бууран мөхсөн учир болой. Урьд хаан байх цагт сайд над лугаа энэ хэргийг шүүмжлэх бүр шүүрс алдаж Хуань, Лин хоёр хаанд хорсож гаслахгүй нь үгүй. Шыжун, Шаншу, Жанши, Цаньзюнь108 цөмөөр голч гэгээн чин зоригт сайд мөн болой. Хүсэх нь хаан тэдгээрийг ойр болгон итгэмжилбээс Хань улсын бадран хөгжих нь өдрийг тоолж хүлээж болмуй.
107 Дотоод орд гэж хааны ордныг хэлж байна, гадаад яам гэж Чансангийн яамыг зааж байна.
108 Эдгээр нь цөм түшмэлийн тушаалын нэр болой. Энд Шыжун гэж Гуо Южы, Фэй И нарыг зааж байна. Шаншу гэж Чэньзэнийг, Жанши гэж Жан И, Цаньзюнь гэж Зянванг заажээ.
Сайд би угтаа бөс дээл өмсөж Нань Янгийн газар тариалангийн үйлийг үйлдэн гагц самуун цагаас зайлж амь биеэ бэхлэн амьдраад мужийн эздэд нэрийг сонсгохгүй асан билээ. Урьд хаан сайд миний бүдүүлэг хөдөөхийг жигшсэнгүй аюултайяа биеэр сайд миний өвсөн гэрт гурван удаа өөд болж энэ цагийн хэргийг асуув. Үүний учир сэтгэлдээ талархаж даруй урьд хааныг дагаж хүч барихыг амалдсан бөлгөө. Хойно улсын явдал эвдрэхэд хүрээд цэрэг дийлэгдсэн үед тушаалыг хүлээн бэрх зүдгүүр болсон цагт зарлигийг олсноос нааш хорин нэгэн он болжээ. Урьд хаан сайд миний хичээнгүй болгоомжтойг мэдэж тийнхүү халих үес сайд надад их хэргийг тушаасан болой. Зарлигийг хүлээн авснаас нааш өдөр шөнийн хувьд зовниж тушаасан санаанд тус гарган чадахгүй болоод урьд хааны гэгээнийг хиртүүзэй хэмээн санаж, сая таван сард Лүшүй голыг гэтлэн, өвс мод ургахгүй газар дайлахаар очсон бөлгөө. Эдүгээ өмнө газрыг нэгэнтээ төвшитгөөд хуяг, цэрэг нэгэнт бүрэн болсон тул одоо гурван аймаг цэргийг дагуулж умард Жун Юаньгийн газрыг төвшитгөвөөс зохимуй. Би хамаг хүчээ дуусган зальхай харгисыг дарж арилгаад Хань улсыг дахин бадруулж хуучин нийслэлд буцаан чадваас энэ сая сайд миний урьд хааны хишигт хариулан эзэнд шударгыг гүйцэтгэх тушаалын хувь болой. Шударгыг гүйцэтгэн үгийг уламжлах нь Южы. Фэй И, Дун Юнь нарын тушаал бөлгөө. Эзнээс хүсэх нь: “Хулгайг дайлах хэргийг сайд надад тушааж хөгжөөн бадруулах тус эс гарваас сайд намайг ял хийж, урьд хааны сүмд очиж донгодму! Хэрвээ шударга үнэнч үгийг мэдүүлэхгүй болбоос Южы, Фэй И, Дун Юнь нарыг буруушааж түүний ослыг илрүүлсүгэй! Эзэн бас өөрөө хянан бодож сайн замыг зүглэн явж учиртай үгсийг байцаан толилоод урьд хааны гэрээс. зарлигийг гүн нээвээс сайд би хишигт хүртэн шүтэж барахгүй. Өнөө хол газар салалцан явах тул илтгэл өргөхөд уйлаад хэлэх үгээ олохгүй болжээ” хэмээв.
Хоужу илтгэл бичгийг үзээд өгүүлрүүн: “Сянфү өмнө газрыг байлдахад түгшүүр бэрхийг амсаж хол газар одоод өнөөхөн сая нийслэлд эгж суугаад амар болоогүйгээр эдүгээ басхүү хойд газар байлдахаар очвоос сэтгэл санааг зүдээхээс зовнимуй”. Кунмин өгүүлрүүн: “Сайд би урьд хааны өнчнийг тушаасан хүнд тушаалыг хүлээсэн тул өдөр шөнийн хувьд өчүүхэн ч осолдож эс болмуй. Эдүгээ өмнө газрыг нэгэнтээ төвшитгөөд дотоодыг түгшээх зовлонгүй болсон тул энэ цагт завшиж хулгайг арилган Жун Юаньгийн газрыг эгүүлэхгүй, одоо бас аль өдрийг хүлээх аж?” хэмээсэнд гэнэт Тайши түшмэл Цяожоу зэргээс гарч ирээд айлтгаруун: “Түшмэл би үдэш тэнгэрийн одыг шинжихүл умард этгээдийн амьсгал төвхийтэл бадарч одны гэрэл хувь илүү гэрэлтэж аху тул байлдахаар очиж болохгүй” хэмээгээд Кунмингийн зүг өгүүлрүүн: “Чансан тэнгэрийн утгыг гүн мэднэм бөгөөд хэрхэн хучирхэглэн үйлдмүй за?” Кунмин өгүүлрүүн: “Тэнгэрийн ёс нь хувилан шилжиж тогтомгүйг яахан баримталж болмуй. Би цэрэг морийг түр Ханьжунд буулгаж тэдгээрийн аясыг үзсэн хойно сая явсугай!” хэмээхэд Цяожоу дахин давтан хоригловч сонссонгүй. Кунмин даруй Гуо Южы, Дун Юнь, Фэй И нарыг үлдээж Шыжун түшмэл болгоод тухайлан ордон доторхи хэргийг ерөнхийлөн шийтгүүлэв. Бас Сянчунг их жанжин өргөмжилж шадар цэргийг захируулаад, Чэньзэнийг Шыжун, Зянванийг Цаньзюнь, Жан Иг Чанши түшмэл болгоод хамт Чансангийн яамны хэрэг явдлыг шийтгүүлэв. Дүцюнийг Зянь И Дайфу, Дүвэй Янхуныг Шаншу (эрхин сайд), Мөнгуан, Лайминийг Зизю (эрхлэн сургагч), Еньмо, Лижуанийг Бөши (суралцсан түшмэл), Цюэжэн, Фэйши нарыг Мишү (нууц бичигч) болгов. Цяожоуг тайши түшмэл болгоод жич дотоод гадаад бичиг цэргийн нэг зуу илүү түшмэдээр хамт Шу улсын хэргийг хамааруулан шийтгүүлэв.
Тэндээс Кунмин зарлигийг хүлээн авч яамандаа эгээд олон жанжин нарыг дуудан авчирч зарлалыг сонсгов. Өмнө ангийг захирах умрыг дарангуйлах жанжин Чансангийн Сыма Лянжоугийн Цыши түшмэл бөгөөд Дү Тинхоу Вэй Янь, өмнө цэргийн Дүдү бөгөөд Фуфэнгийн тайшоу түшмэл Жан И, Я Мэньзян бөгөөд хажуугийн жанжин Ванпин, хойд цэргийг удирдах сайд Хань улсыг амаржуулагч жанжин бөгөөд Зяньнингийн тайшоу түшмэл Лю И, амуу зөөх цэргийг хавсран захирах зүүн цэргийг удирдагч сайд умрыг төвшитгөх жанжин бөгөөд Чэнь Цанхоу Мадай, дэд жанжин нисэн хамгаалагч жанжин Ляохуа, баруун цэргийг удирдагч сайд шаламгайлагч жанжин бөгөөд Буо Ян Тинхоу Мажун, дарангуйлан номхотгох жанжин Гуань Нэйхоу Жан И, дунд цэргийн багш тэрэг хөлөглөгч их жанжин Дү Сянхоу Лю Янь, дунд Зяньзюнь түшмэл цог бадруулах жанжин Дөнжы, дунд Зазюнь түшмэл хол дахиныг амаржуулах жанжин Масу, өмнө жанжин Ду Тинхоу Юаньчэнь, зүүн жанжин Гао Янхоу Ү И, баруун жанжин Сюань Дүхоу Гаосян, хойд жанжин Ань Лөхоу Ү Бань, Жанши түшмэл цэргийг амаржуулагч жанжин Ян И, өмнө жанжин өмнийг дайлагч жанжин Люба, өмнө цэргийг хамгаалагч хажуугийн жанжин Ханьчэн Тинхоу Сю Юнь, зүүн цэргийг хамгаалагч Дүсинь Жунлан жанжин Динсянь, баруун цэргийг хамгаалагч хажуугийн жанжин Люминь, хойд цэргийг хамгаалагч Дяньзюнь Жунлан жанжин Гуань Юн, явган цэргийн захирагч сүрийг илэрхийлэх жунлан жанжин Хужи, явах цэргийг захирагч туслагч жанжин Дү И, цэргийн бодлогот жунлан жанжин Дүци, цэргийг амар болгох Дү Юй түшмэл Шөнбо, цэргийн бодлогыг дагаж шийтгэгч жунлан жанжин Паньци, Дяньзюньгийн бичээч Паньзянь Чансангийн Линши түшмэл Дунцюэ, цацрын өмнө зүүн этгээдийг хамгаалагч түшмэл Мөнсян жанжин Гуаньсин, баруун этгээдийг хамгаалагч түшмэл Ху И жанжин Жанбао, үүнээс дээш тушаалтан нар цөмөөр умрыг төвшитгөх их Дүдү Чансан Үсян Хоу бөгөөд Ижоугийн бүгдийг захирагч сайд улс төрийн дотоод гадаад хэргийг мэдэж шийтгэгч Жугө Ляныг дагаж байлдахаар одохоор тус тусдаа зарлаад бас Ли Яньд зарлаж Чуанькоу амыг бэхлэн сахиж Зүүн Ү улсыг сэрэмжлүүлэв. Дахин бадруулагчийн тавдугаар оны хаврын сүүл сарын улаан барс өдрийг сонгож цэрэг мордон Вэй улсыг байлдахаар очихоор тогтоосонд гэнэт цацрын дороос нэгэн хөгшин жанжин гарч их дуугаар бархиран өгүүлрүүн: “Би хэдийгээр насжсан боловч басхүү Ляньпогийн мэт баатар байж Ма Юаньгийн адил хүчирхэг буй.
Энэ хоёр эртний хүн цөмөөр өтөлснөө хайхрахгүй бөгөөтөл юуны учирт намайг хэрэглэхгүй аж?” хэмээсэнд олон үзвээс Жао Юнь болой. Кунмин өгүүлрүүн: “Би өмнө газрыг төвшитгөж эгснээс нааш ма мөнци109 өвчнөөр эцэслэсэн тул миний нэгэн тохой хугарсан мэт маш хайрланам бөлгөө. Эдүгээ жанжны нас нэгэнт өндөр болсон тул хэрвээ алдагдал гарваас нэгэн үеийн аруухан нэрийг устгахаар үл барам бас Шу улсын хурц сүрийг бууруулмуй” хэмээсэнд Жао Юнь бархиран хэлрүүн: “Би урд хааныг дагаснаас нааш байлдаанаас эгсэн зүйлгүй. Дайсанд учирваас урагшлан байлдсан бөлгөө. Их эр болж торөөд байлдааны талбарт үхвээс завшаан болой. Юунд хорсмуй? Би өмнө ангийн гавшгай болохыг хүсмүй” хэмээхэд Кунмин дахин давтан хориглоход Жао Юнь өгүүлрүүн: “Хэрвээ намайг гавшгай болгон хэрэглэхгүй болбоос даруй яндрын өмпө мөргөлхийлж үхсүгэй!” гэхэд Кунмин өгүүлрүүн: “Жанжин нэгэнтэйеэ гавшгай болсугай хэмээвээс нэгэн хүн лүгээ хамт очих хэрэгтэй” хэмээн үг дуусахаас урьд нэгэн хүн гарч өгүүлрүүн: “Би хэдийгээр чадалгүй боловч дуртайяа хөгшин жанжинд тусалж урьдчилан нэгэн салааны цэрэг дагуулж хулгайг эвдлэхээр очсугай!” хэмээсэнд Кунмин үзвээс Дөнжы болой. Кунмин ихэд баярлаж даруй таван мянган шилсэн цэрэг салган өгч дэд жанжин арван нэртэй Жао Юнь, Дөнжы нарт дагуулан явуулав. Кунмин цэрэг мордоход Хоужу зуун түшмэдийг дагуулан хойд хаалганы гадна арван газрын эцэс хүртэл үдсэнд Кунмин Хоужугаас салаад туг газрыг халхлан жад, илд шугуй мэт зэрэгцэж олон цэргийг дагуулан Ханьжунгийн зүг дараа дараагаар морджээ.
109 Мачаогийн өргөсөн нэр
Тэндээс хязгаарын хүн энэ учрыг сонсож мэдээд Луо Ян хотноо мэдүүлэхээр очив. Тэр өдөр Цаорүй харшид суусны хойно урдах түшмэл айлтгаруун: “Хязгаарын түшмэлийн мэдүүлсэн нь “Жугө Лян гучин түм илүү цэргийг авч ирэн Ханьжунд буудаллаад Жао Юнь, Дөнжыг гавшгай болгон цэрэг авч улсын хязгаарт халдахаар ирэв” хэмээжээ. Цаорүй сонсож ихэд цочин олон түшмэдээс асууруун: “Хэн хүн жанжин болж Шу улсын цэргийг дайлмуй?” Гэнэт нэгэн хүн гарч өгүүлрүүн: “Сайд миний эцэг Ханьжунд үхсэн хорсолд хариу авч чадаагүйн дээр эдүгээ Шу улсын цэрэг манай хязгаарт ирсэн тул сайд би дуртайяа харьяат баатар жанждыг авч нэн бас эзнээс Гуаньсигийн цэргийг гуйж нэгэн хамт Шу улсыг эвдэхээр очоод дээдэд болбоос улс төрд хүчээ гүйцэтгэж доордод болбоос эцгийн өшөөг авахад сайд би түмэнтээ үхэвч гомдолгүй!” хэмээсэнд олон үзвээс Сяохоу Юаньгийн хөвгүүн Сяо Хоумао ажгуу. Сяо Хоумаогийн өргөсөн нэр Зы Сюй. Түүний чанар маш түргэн бөгөөд эдэд харам. Хараахан багаас Сяо Хоудүньд тэжээгдсэн бөлгөө. Хожим Сяохоу Юань Хуанжунд алагдсан учирт Цаоцао хөөрхийлөн өөрийн охин Цинхө гүнж лүгээ холбож хүргэн болгосноор төрд маш хүндлэгдмүй. Хэдийгээр цэргийн эрхийг атгасан боловч байлдааныг өнгөрүүлсэнгүй аж. Энэ тухай өөртөө байлдахаар очихоор гуйсныг Цаорүй тогтоож даруй их Дүдүгийн тушаал хүртээгээд Гуаньсигийн олон замын цэрэг морьдыг дайчлан захируулж “Байлдахаар илгээсүгэй!” гэхэд Сытү түшмэл Ванлан хориглож өгүүлрүүн: “Сяо Хоу Фүма110 ердөө байлдааныг өнгөрүүлсэнгүй тул эдүгээ их тушаалыг өгөх нь зохих хэрэг бус. Нэн ялангуяа Жугө Лянгийн ухаан гүн, бодлого үлэмж тул хөнгөнөөр байлдаж эс болмуй” хэмээсэнд Сяо Хоу мао зандан өгүүлрүүн: “Сытү чи харин Жугө Лян лүгээ сүлбэлдэж дотуураас туслах санаатай буюу?. Би хараахан багаас эцгийг дагаж бодлогыг суралцаж цэргийн аргыг гүн нэвтэрсэн бөгөөтөл яахан намайг залуу хэмээн доромжлон үзмүй? Би хэрвээ Жугө Ляныг амьдаар баримталж эс чадваас хэрхэвч хаан эзэнд дахин уулзахгүй!” хэмээн тангараглахад Ванлан нар цөм дуугүй болжээ. Сяо Хоу мао Вэй улсын эзнээс салж шөнө дөлөөр Чан ань хотод хүрээд Гуаньсигийн олон замын цэргийг хорин түм илүү цуглуулж Кунмин лүгээ байлдахаар ирэв. Энэ чухамхүү:
“Цагаан тугийг барьж жанжин цэргийг дохьсугай хэмээтэл
Харин залуу бага хүүхдэд цэргийн эрхийг бариулав”
Эгнэгт дийлэх дийлэгдэхийг мэдэхгүй доор бүлэгт үзтүгэй!
110 Хааны хүргэн
Сэтгэгдэл ( 0 )