Гурван улсын үлгэр | 92 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ -  92 ДУГААР БҮЛЭГ

 

ЖАО ЗЫЛУН ХҮЧЭЭР ТАВАН ЖАНЖИНГ АЛСАН

ЖУГӨ ЛЯН АРГА ХЭРЭГЛЭЖ ГУРВАН ХОТЫГ ОЛСОН

 

Өгүүлэх нь: Кунмин цэргээ дагуулж Мянь Ян газар хүрч Мачаогийп хүүрийн өмнүүр өнгөрөн гарсанд түүний дүү мадайгаар бэлэвсрэлийн хувцас өмсгүүлж Кунмин биеэр очиж тахисан хойно хүрээнд эгж цэрэг орохыг зөвдөлцөв. Гэнэт харуулын хүн мэдүүлрүүн: “Вэй улсын эзэн Цаорүй, Фума Сяо Хоумаог зарж Гуаньжунгийн олон замын цэргийг цуглуулан нааш байлдахаар ирэв” хэмээсэнд Вэй Янь цацарт гарч арга өргөж өгүүлрүүн: “Сяо Хоумао болбоос баян өрхийн үрсийн дээр үхээнц дорой арга бодлогогүй хүн болой. Вэй Янь надад шилсэн цэрэг таван мянгыг өгвөөс Баожунгийн замаар өнгөрч Циньлингийн зүүн дэх Зы Үгү заваар умар зүг орсонд арван өдөр өнгөрөхгүй Чан Ань хотод хүрмүй. Сяо Хоумао миний довтолгон орсныг сонсвол эрхбиш хотоо гээж Хэнмэнь, Дигөгийн зүг буруулмуй. Тэр үес би түүний зүүн этгээдээс ирвээс чансан их цэргийг авч шууд Сегү заваар орсугай! Иймээр явбаас Сянь Ян хотын барууншийг цаг зуур тогтоох болой”. Кунмин инээн өгүүлрүүн: “Энэ бүрэн төгс арга бус. Чи Жун Юаньд “Мэргэн хүн үгүй!” хэмээж битгий бодогтун! Хэрэв хүн арга өргөж уулын зав дотор цэрэг бүгүүлэн тосож албаас гагц таван мянган хүн хорлогдохын төдий бус, бас урамс хугарахад хүрмүй. Огт хэрэглэж болохгүй!” хэмээв. Вэй Янь бас өгүүлрүүн: “Чансан их замаар цэрэг давшваас тэр эрхбиш Гуаньжунгийн цэргийг дуустал авч зам тосон байлдах бус уу? Ийм болбоос талаар өдөр удаж саатаад аль өдөр сая Жун Юаньгийн газрыг олмуй за?”. Кунмин өгүүлрүүн: “Би Лүн Ю газрын төвшин уудам замаар аргын ёсоор цэрэг давшваас тийнхүү дийлэхгүйгээс юун эмээмүй?” хэмээгээд Вэй Яньгийн аргыг хэрэглэсэнгүйд Вэй Янь урамгүй болжээ. Кунмин хүн зарж Жао Юнийг “Цэрэг орогтун!” хэмээв.

Тэндээс Сяо Хоумао Чан Ань хотод олон замын цэргээ цуглуулан хуруулахад тэр цагт Силян газрын их жанжин Ханьдө гэгч гартаа уулыг нээх их сүх хэрэглэх түмэн эр ялахгүй баатар хүчтэй. Силянгийн олон замын цэрэг найман түмийг дагуулж ирээд Сяо Хоумаод золгосонд Сяо Хоумао хүндээр шагнаад даруй гавшгай болгов. Ханьдө дөрвөн хөвгүүнтэй бөгөөд цөмөөр цэргийн эрдэмд боловсронгуй. Мөн харвах намнах нь хүнээс хэтэрмүй. Ахмад хөвгүүн Хань Ин, дэд хөвгүүн Хань Яо, гуравдугаар хөвгүүн нь Ханьцюн, дөрөвдүгээр хөвгүүн Ханьци болой. Ханьдө дөрвөн хөвгүүнээ авч Силянгийн найман түмэн цэргээ дагуулан ороод Фөнмин Шань ууланд хүрэхэд чив гэтэл Шу улсын цэрэг лүгээ учирсан тул хоёр этгээд эсэргүүцэн жагсаагаад Ханьдө гарч ирсэнд дөрвөн хөвгүүн хоёр этгээдэд зэрэгцэн зогсжээ. Ханьдө их дуугаар харааж өгүүлрүүн: “Урвасан хулгай ямар аймшиггүй бидний хязгаарын дотор халдахаар ирмүй?”. Жао Юнь ихэд хилэгнэн жадаа өргөж морь довтолгон ирээд гагц Ханьдө лугаа байлдсугай хэмээхэд ахмад хөвгүүн Хань Ин морио давхиулан угтан байлдаад гурван удаа болсонгүй Жао Юньд жадлагдан мориноос унав. Дэд хөвгүүн Хань Яо үзээд морио давхиулан илд барьж байлдахаар ирсэнд Жао Юнь эрт цагийн барс мэт сүр хүчээ дэлгэж угтан байлдахад Хань Яо ялахгүй болсонд гуравдугаар хөвгүүн Ханьцюн сэрээт жад барьж ирээд хавчин байлдсан боловч Жао Юнь өчүүхэн төдий айхгүйн дээр жад хэрэглэх нь нэг ч самуурахгүйд дөтгөөр хөвгүүн Ханьци хоёр ахынхаа Жао Юнийг ялахгүйг үзээд басхүү гартаа наран сарны хоёр илд атгаж морио давхиулан хүрээд Жао Юнийг хаав. Жао Юнь төв дундад гагцаар гурван жанжин лугаа байлдмуй. Удалгүй Ханьци жаданд оногдож мориноос унасанд Ханьдөгийн жагсаал доторх хажуугийн жанжин яаран гарч тэнхрүүлэн очиход Жао Юнь жадаа чирч явав. Ханыцөн сэрээт жадаа тавьж яаран нум сум авч дараалан гурвантаа харвасанд Жао Юнь цөм жадаар зайлуулан унагажээ. Үүнд Ханьцөн ихэд хилэгнэж басхүү сэрээт жад атгаж морь довтолгон нэхэж иртэл харин Жао Юньгийн харвасан суманд магнай оногдон мориноос унаж үхэв. Хань Яо үзээд морь довтолгон дам илдийг өргөж Жао Юнийг цавчихад Жао Юнь жадаа газарт хаяад дам илднээс зайлж Хань Яог амьд бариад жагсаалдаа аваачиж тавьсны хойно дахин морь довтолгон жадаа авч жагсаалд байлдахаар ирэв. Ханьдө түүний дөрвөн хөвгүүн цөм Жао Юньгийн гарт хөнөөгдсөнийг үзээд элэг цөс цөм хэмхэрч жагсаалдаа буруулан эгэв. Силянгийн цэрэг ерөөс Жао Юньгийн алдрыг мэдэхийн дээр эдүгээ түүний баатар эрэлхэг, урьд өдрийн адил байсаар тул хэн аймшиггүй түүн лүгээ эсэргүүцмүй? Жао Юньгийн морь хүрсэн газар дам дамаар хойш ухраад Жао Юнь ганц морь нэгхэн жадаар нааш цааш дайран явах нь хүнгүй газар орсон мэт.

Хожмын хүмүүний магтсан шүлэг:

“Чаншань газрын Жао Зылун жанжин эртнээс алдартай

Цагаан толгой далан настай боловч гайхамшигт гавьяа байгуулжээ

Дөрвөн жанжинг ганцаар алаад жагсаалыг дайран ирэх нь

Дан Янгийн газар эзнээ тэнхрүүлсэн лүгээ нэгэн адил болой”.

Дөнжы Жао Юньгийн ихэд дийлснийг үзээд даруй Шу улсын цэргийг дагуулж даран алсанд Силянгийн цэрэг ихэд дийлэгдэж буруулав. Ханьдө Жао Юньд арай эс баригдаад дуулгыг гээж явганаар оргов. Жао Юнь, Дөнжы лүгээ цэрэг хурааж хүрээнд эгсний хойно Дөнжы баяр хийж өгүүлрүүн: “Жанжин нэгэнт далан нас шахсан атал басхүү баатар хүч эрт өдрийн мэт асаар энэ өдөр жагсаалд ганцаар дөрвөн жанжныг алсан нь ертөнцөд чухаг болой” хэмээхэд Жао Юнь өгүүлрүүн: “Чансан намайг хөгшрөв хэмээн хэрэглэхгүй, би тийнхүү өөрийгөө өчүүхэн төдий илрүүлсэн бөлгөө” хэмээгээд даруй хүн зарж Хань Яог хүлж бичиг үйлдэн Кунминд мэдүүлэхээр илгээв.

Тэндээс Ханьдө дарагдсан цэргээ дагуулан эгж Сяо Хоумаотай учран тэр учрыг уйлж хэлсэнд Сяо Хоумао өөрийн бие их цэрэг авч Жао Юнийг угтан байлдахаар ирэв. Харуулын хүн Шу улсын хүрээнд ирж “Сяо Хоумао цэрэг авч ирэв” хэмээн хэлсэнд Жао Юнь даруй жад барин морь унаад мянга илүү цэрэг авч Фөнмин Шань уулын доор жагсаал жагсаав. Тэр өдөр Сяо Хоумао алтан дуулга өмсөж цагаан морь унаад гартаа цавчих илд барьж жагсаалын өмнөх тугийн доор зогсож үзвээс Жао Юнь жад өргөж урагш хойш морь довтолгон явмуй. Сяо Хоумао өөрийн биеэр гарч байлдъя хэмээхэд Ханьдө өгүүлрүүн: “Миний дөрвөн хөвгүүнийг алсан өсийг яахан авахгүй болж болмуй?” хэмээгээд уул нээх сүхийг барьж морь довхин шууд Жао Юньтай байлдахаар оров. Жао Юнь жадаар угтан байлдаж гурван удаа болсонгүй жад өргөмөгц Ханьдөг жадалж мориноос унагаагаад даруй морь буцаан Сяо Хоумаог цавчихаар ирсэнд Сяо Хоумао яаран жагсаалдаа орсонд Дөнжы цэргийг дохиж даран алснаар Вэй улсын цэрэг бас нэгэн зэрэг дарагдаад арваад илүү газар буруулж хүрээ байгуулсан хойно Сяо Хоумао мөн шөнөдөө олон жанжин нар лугаа зөвлөж өгүүлрүүн: “Би хэзээний Жао Юньгийн нэрийг сонссон боловч нүүр уулзсангүй. Эдүгээ түүний нас хөгшин боловч аруухан баатар нь басхүү байсаар тул сая Дан Ян болон Чанбаньгийн хэргийг итгэв. Үнэхээр түүн лүгээ тэнцэж байлдмаар хүнгүй. Үүнийг яаваас сайн?” хэмээхэд тухайд Цаньзюнь Чэн Ү арга өргөв. Тэр нь Чэн Юйгийн хөвгүүн болох аж. Арга өргөж өгүүлрүүн: “Жао Юнь баатар боловч бодлого үгүй тул зовох хэрэггүй! Маргааш өдөр Дүдү дахин цэрэг авч гараад урьд хоёр аймаг цэргийг зүүн баруун этгээдэд бүгүүлэгтүн! Дүдү жагсаалд хүрмэгц буцаж Жао Юнийг бүгсэн цэргийн тэнд гэнэдүүлэн аваачаад Дүдү уулан дээр авиран гарч дөрвөн зүгийн цэргийг дохиж тойрон хаасанд Жао Юнийг баримталж болмуй”. Сяо Хоумао түүний үгийг дагаж даруй Дунсид гурван түмэн цэрэг өгч “Зүүн этгээдэд бүгэгтүн!” Сюэзөд гурван түмэн цэрэг өгч “Баруун этгээдэд бүгтүгэй!” хэмээсэнд хоёул бүгэхээр одов.

Түүнээс дэд өдөр Сяо Хоумао хэнгэрэг харанга туг хиураа дахин тэгшлээд цэрэг авч ирсэн хойно Жао Юнь, Дөнжы хамт угтан байлдахаар гарахад Дөнжы морины дээрээс Жао Юньд хэлрүүн: “Өчигдөр шөнө Вэй улсын цэрэг ихэд дийлэгдсэн бөгөөд энэ өдөр бас ч ирсэн нь лав хуйхар арга байх буй за, хөгшин жанжин сэргийлэх хэрэгтэй!”. Зылун өгүүлрүүн: “Энэ мэт амны салиа нь арилаагүй өчүүхэн хүүхдийг юун өгүүлэх аж. Би мөн өдөр эрхгүй баримталмуй” хэмээгээд морь довтолгон гарав. Үүнийг Вэй улсын жанжин Паньсүй угтан байлдаж гурван удаа болсонгүй морь буцаан буруулав. Жао Юнь нэхэж ирсэнд Вэй улсын жагсаал доторх найман жанжин цугаар гарч угтан байлдаад мөн дараалан буруулав. Жао Юнь мөн хүчинд нэхэж алсанд Дөнжы бас цэргээ авч дагаж орсонд Жао Юнь хаасан газарт гүн оржээ. Гэнэт дөрвөн этгээдээс бархирах дуу ихэд сонсогдоход Дөнжы яаран цэрэг хурааж эгсүгэй хэмээтэл зүүн этгээдээс Дунси, баруун этгээдээс Сюэзө хоёр замын цэрэг байлдан ирэв. Дөнжыгийн цэрэг цөөхөн тул Жао Юнийг аварч чадахгүй. Жао Юнь төв дунд хаагдаад зүүнийг дайран, барууныг нэвтлэн явавч Вэй улсын цэрэг улам зузаан болжээ. Энэ үест Жао Юньгийн гар доор сая мянга гаруй хүн амуй. Нэгэн уулын хөтөл доор байлдаж хүрээд үзвээс Сяо Хоумао уулын дээр зогсоод олон цэргийг дохиж буй. Жао Юнь баруунш очвоос баруун зүг зааж, зүүнш хүрвээс зүүн зүг заамуй. Тийнхүү Жао Юнь хааснаас гарч чадахгүй цэргээ авч уулан дээр гарсугай гэхүл уулан дээрээс өнхрүүл мод, үхэр чулуугаар цохиж буулгах тул дээш гарч чадсангүй. Жао Юнь хараахан луу цагаас тахиа цаг хүртэл байлдаад гарч чадахгүй тул аргагүй мориноос буугаад “Баахан амсхийж гэгээн саран мандсан хойно дахин байлдсугай!” хэмээн сая хуягаа тайлж суугаад сарны гэрэл мандтал гэнэт дөрвөн зүгээс галын гэрэл тэнгэрт тулж хэнгэргийн дуу ихэд түрхрэн сум чулуу бороо мэт, Вэй улсын цэрэг байлдан хүрч ирээд цөм бархиран өгүүлрүүн: “Жао Юнь эртхэн дагагтун!” хэмээмүй. Жао юнь яаран морь унаад угтан байлдахад дөрвөн этгээдээс цэрэг морь улам улам ойр хүрч ирээд найман зовхисоос сум харвах нь маш шахам тул хүн морь урагшилж чадахгүй болсонд Жао Юнь тэнгэрийн зүг хандан шүүрс алдаж өгүүлрүүн: “Би хөгширсөнгүй хэмээн ирээд одоо энэ газарт үхмүй зэ!” хэмээжээ. Гэнэт зүүн хойд этгээдээс бархирах дуу их л гарч Вэй улсын цэрэг тус тус бутран сарниж нэгэн анги цэрэг хүрч ирэв. Тэргүүлэгч их жанжин нь гартаа найман алдын могойт жад атгаж морины хүзүүнд нэгэн хүний толгойг өлгөжээ. Жао Юнь үзвээс харин Жанбао мөн болой. Жанбао Жао Юнийг үзээд: “Чансан хөгшин жанжныг эндэгдэл гаргахаас эмээж тусгайлан надад таван мянган цэрэг өгч туслуулахаар илгээсэн бөлгөө. Хөгшин жанжны хаагдсаныг сонсоод даруй хаасныг нэвтлэн байлдахад төвхийтэл Вэй улсын жанжин Сюэзө учирч замыг тоссон тул надад алагдав” хэмээв. Жао Юнь ихэд баярлаж даруй Жанбао лугаа баруун хойд зовхисоор байлдан гарч ирээд үзвээс Вэй улсын цэрэг цөм зэвсгээ хаяж дутаан явмуй. Нэгэн анги цэрэг гадаадаас хашхирсаар алан орж ирэв. Тэргүүлэгч их жанжин хөх луут дам илд атгаад гартаа хүний толгой барьж амуй. Жао Юнь үзвээс Гуаньсин ажгуу. Гуаньсин хэлрүүн: “Чансан хөгшин жанжинг алдуузай хэмээн тухайлан таван мянган цэрэг өгч өмөглөхөөр илгээв. Сая жагсаалд Вэй улсын жанжин Дунситэй учраад би нэгэн илдээр цавчиж алаад тэргүүн нь энд буй. Чансан даруйд хүрч ирмүй”. Жао Юнь өгүүлрүүн: “Хоёр жанжин нэгэнтээ их гавьяаг бүтээсэн тул юунд мөн өдөр Сяо Хоумаог барьж их хэргийг тогтоохгүй буй?” хэмээсэнд Жанбао үгийг сонсоод цэрэг авч одов. Гуаньсин өгүүлрүүн: “Би бас гавьяа бүтээхээр одсугай!” хэмээн цэргээ дагуулан одов. Жао Юнь хойш хандаж олны зүг өгүүлрүүн: “Тэр хоёр жанжин надад хөвгүүн ач нар болох бөгөөд харин гавьяа байгуулахыг тэмцэлдмүй. Би болбоос улс гэрийн дээд жанжин бөгөөд хаан төрийн хуучин сайд атал гэдрэг энэ бага хүүхдэд хүрэхгүй үү? Би хөгшин амиа гээж урьд хааны хишигт хариулсугай!” хэмээгээд цэргээ авч Сяо Хоумаог барихаар ирэв. мөн шөнө гурван замын цэрэг хавчин байлдаад Вэй улсын цэргийг ихэд дарав. Дөнжы цэрэг авч туслан байлдсанд үхдэл тал дүүрч цус гол мэт урсав. Сяо Хоумао гэгч нэгэн бодлогогүй хүн бөгөөд нас залуугийн дээр дайн өнгөрөөсөнгүй тул цэргийн ард самуурсныг үзээд цацрын доорх зуу гаруй баатар жанжингаа дагуулж Нань Ань хошууны зүг дутаав. Олон цэрэг эзэн жанжингүй болсон тул цөм сарнижээ. Гуаньсин, Жанбао хоёр жанжин Сяо Хоумаог Нань Ань хошуу руу явсныг сонсож шөнө дөлөөр нэхэж ирсэнд Сяо Хоумао хотын дотор орж хэрмийн хаалгыг чанга хаагаад цэргээр бэхлэн сахиулав. Гуаньсин, Жанбао хоёр жанжин нэхэж хүрээд хотыг хаатал Жао Юнь бас хойноос нэхэж ирсэнд гурван этгээдээс хавчин байлдав. Удалгүй Дөнжы бас цэрэг авч ирсэн тул дараагаар арван өдөр хааж байлдаад эвдэн чадахгүй бүхийд гэнэт харуулын хүн мэдүүлрүүн: “Чансан хойд цэргийг Мянь Янд үлдээж зүүн этгээдийн цэргийг Янпинд суулган баруун этгээдийн цэргийг Шичэн хотод тавиад өөрийн биеэр дундад цэргийг дагуулж ирэв” хэмээсэнд Жао Юнь, Дөнжы, Гуаньсин, Жанбао нар цөм Кунминд золгохоор ирээд өдөр дараалан байлдаад хотыг авч чадахгүй учрыг хэлэв.

Түүнээс Кунмин даруй бага тэргэнд сууж биеэр хотын доор хүрч эргэн тойрч нэгэн зэрэг үзээд хүрээнд ирсэн хойно цацарт суугаад олон жанжин нарыг хуруулан зогсоож өгүүлрүүн: “Энэ хот бат бөгөөд гуу гүн тул хялбараар олохуйяа бэрх. Миний уг санаа энэ хотод үгүй, Энэ хотыг удтал байлдаад хэрвээ Вэй улсын цэрэг зам хуваан гарч Ханьжунг авахаар ирвээс манай цэрэгт түгшүүр болмуй”. Дөнжы өгүүлрүүн: “Сяо Хоумао гэгч Вэй улсын хааны хүргэн болой. Хэрвээ түүнийг олж бариваас зуун жанжинг алснаас илүү. Эдүгээ энд хаагдсаны хэрхэн гээн явж болмуй?”. Кунмин өгүүлрүүн: “Надад бус арга байнам. Энэ газар баруун тийш Тянь Шүйзюнь хошуу лугаа залгалдаж умардад Ань Динзюньд тулмуй. Энэ хоёр газрын тайшоу түшмэл ямар хүнийг мэдэхгүй” хэмээхэд харуулын хуяг өчрүүн: “Тянь Шүйзюнь хошууны тайшоу Мазүнь, Аньдин хошууны тайшоу Цүйлян болой”. Кунмин ихэд баярлан даруй Вэй Янийг дуудан арга сурган “Ийм! Тийм!” хэмээж бас Гаошон, Жанбаод “Ийм! Тийм!” хэмээн арга сургаад жич сэтгэл зүрх мэт хоёр цэргийг дуудаж “Ийм тиймээр явагтун!” хэмээсэнд олон жанжин захиаг хүлээн цэрэг авч одов. Кунмин Нань Ань хотын гадна цэргийн хүнээр түлээ өвсийг хэрмийн ёроолд овоолон тавиулаад “Хотыг гал тавь!” хэмээн хэлснийг Вэй улсын цэрэг сонсоод цөм инээлцэж айхгүй бөлгөө. Тэндээс Аньдин хошууны тайшоу Цүйлян хот дотор байж Шу улсын цэрэг Нань Ань хотыг бүслээд Сяо Хоумаог хаав хэмээн сонсож ихэд айгаад даруй дөрвөн мянга шахам цэрэг морь салгаж хотыг сэргийлүүлэв. Гэнэт нэгэн хүн цэх өмнөөс ирээд “Нууц хэрэг буй” хэмээн хэлсэнд Цүйлян даруй дуудан оруулж асууваас тэр хүн өчрүүн: “Би Дүдү Сяо Хоумаогийн доорх сэтгэл зүрхний мэт жанжин Пэйсюй болой. Эдүгээ Дүдүгийн захиагаар тусгайлан Аньдин Тяньшүйгийн хоёр хотод туслах цэрэг гуйхаар ирэв. Нань Ань хот ихэд цухалдаад өдөр бүр хотын дээр гал ноцоож тэмдэг болгон хоёр хотын туслах цэргийг хүлээвч огт одохгүй тул дахин намайг зарж хүнд хаасан газрыг нэвтлэн гаргаад яаруу мэдээг хэлэхээр илгээжээ. Шөнө цэрэг үүсгэн гадуураас туслахаар одвоос зохимуй. Дүдү хэрвээ хоёр хотын цэрэг хүрснийг үзвээс хотын хаалгыг нээгээд угтах болой”. Цүйлян асууруун: “Дүдүгийн бичиг буй юу?” Пэйсюй өврөөс нэгэн бичиг гаргаж ирсэнд цөм хөлсөнд норжээ. Даруйд нэгэнтээ үзүүлээд яаран доорх хүнээр морь солиулж унаад Тяньшүй хотын зүг одов, Хоёр өдөр болсонгүй бас хүн ирж хэлрүүн: “Тяньшүйгийн тайшоу нэгэнт цэрэглэж Нань Ань хотод туслахаар одов. Аньдин хурдхан очиж тусал хэмээмүй” хэмээхэд Цүйлян яамны түшмэд лүгээ зөвлөхөд олон түшмэд өгүүлрүүн: “Хэрвээ туслахаар одохгүй Нань Ань хотыг алдаад Сяо Хоу Фумагийн амийг гээлгэвээс цөм бидний хоёр жанжны ял тул туслахаар очих хэрэгтэй!” хэмээсэнд Цүйлян даруй харьяат цэргийг аван хотоос гарч одов. Гагц бичгийн түшмэдийг үлдээж хотыг сахиулжээ. Цүйлян цэрэг авч Нань Ань хотын зүг их замаар одоход холоос анхаарваас галын гэрэл тэнгэрт тултал мандсанд даруй цэргээ шавдуулж урагш явсаар Нань Аньгаас тавин газрын эцэст хүрсэнд гэнэт өмнө хойноос хашхирах дуу сонстмуй. Удсангүй харуулын хүн мэдүүлрүүн: “Өмнө талд Гуаньсин явах замыг тосоод хойноос Жанбао байлдахаар ирмүй” хэмээсэнд Аньдин хотын цэрэг дөрвөн зүг сарнин буруулав. Цүйлян ихэд гэлмэж гар доор зуу илүү хүнийг авч бага замаар үхэн байлдаж арайхийн гараад Аньдин хотын зүг буруулан одож сая хотын доор хүрсэнд Вэй Янь хэрмийн дээр зогсож өндөр дуугаар өгүүлрүүн: “Би хотыг хэдийн авсан болой. Юунд хурдан дагахгүй аж?” хэмээмүй. Үзвээс Вэй Янь Аньдин хотын цэрэг мэт хувьсган өмсөж шөнө хуурч хотын хаалгыг нээлгэсэнд Шу улсын цэрэг дуусган ороод тийнхүү Аньдин хотыг авсан бөлгөө.

Түүнээс Цүйлян ихэд цочиж яаран Тянь Шүйзюнь хотын зүг одож хэдэн газар явсангүй өмнө талд нэгэн багийн цэрэг жагсаав. Их тугийн доор нэгэн хүн хэвт малгай, өдөн дэвүүр, бумбын дээл тогорууны нөмрөг өмсөөд тэргэнд төв суужээ. Цүйлян үзвээс Кунмин ажгуу. “Яаран морь буцуулж буруулсугай!” хэмээхэд Гуаньсин, Жанбаогийн хоёр салааны цэрэг нэхэхээр ирээд гагц “Хурдан дага!” хэмээн дуудмуй. Цүйлян дөрвөн зүгт цөм Шу улсын цэрэг болсныг үзээд аргагүй Кунминд дагасан тул хамт их хүрээнд эгээд Кунмин дээд зочны ёсоор хүндэлж асууруун: “Нань Ань хотын тайшоу түшмэл авгай лугаа гүн найртай буюу?”. Цүйлян өгүүлрүүн: “Тэр хүн Янфугийп төрлийн дүү Янлин болой. Над лугаа зэргэлдээ хот болох тул нэлээд зузаан нөхөрлөжээ”. Кунмин өгүүлрүүн: “Эдүгээ авгайг зүдээж хотод ороод Янлинийг хэлэлцэж Сяо Хоумаог бариулж болмуй уу?”. Цүйлян өгүүлрүүн: “Чансан хэрвээ намайг илгээвээс цэрэг морийг түр хойш эгүүлэгтүн! Би хотод орж хэлэлцсүгэй!”. Жугө Лян тэр үгийг дагаж даруй цааз зарлан дөрвөн зүгийн цэргийг тус бүр хорин газарт эгүүлэн хүрээ буув. Цүйлян ганцаар мориор хотын доор хүрч хаалгыг нээлгэн яаманд ороод Янлинд учирч ёсолсны хойно тэр учрыг хэлбээс Янлин өгүүлрүүн: “Бид Вэй улсын эзний хишгийг хүртээд яахан төвдөж урвамуй?. Түүний аргыг дагаж арга хийсүгэй!” хэмээгээд даруй Цүйляныг авч Сяо Хоумаогийн дэргэд ирээд учрыг хэлсний хойно Сяо Хоумао өгүүлрүүн: “Ямар арга хэрэглэмүй?”. Янлин өгүүлрүүн: “Гагц хотыг өргөсүгэй хэмээн Шу улсын цэргийг хууран оруулаад даруй хотын дотор албаас болмуй” хэмээв.

Тэндээс Цүйлян аргын ёсоор явсугай хэмээн хотоос гарч Кунминд золгож өгүүлрүүн: “Янлин хотын хаалгыг өргөж их цэргийг оруулаад Сяо Хоумаог барьтугай хэмээмүй. Янлин чухам өөрийн биеэр барьсугай хэмээн санавч гар доор баатар ард цөөн тул хөнгөлөн хөдлөхөөс эмээмүй”. Кунмин өгүүлрүүн: “Энэ үйл маш хялбар. Эдүгээ авгай таны уг дагасан цэргийг зуу илүү нэрийг аваад дотор нь Шу улсын жанжныг Аньдингийн цэрэг морины ёсоор хувьсган өмсгөж нуугаад хотод дагуулан орж урьд Сяо Хоумаогийн гэрийн ойр бүгүүлсний хойно Янлин лүгээ шөнө дөлөөр хаалгыг нээж өргөөд дотор гаднаас угтахаар болзож тогтогтун!” хэмээсэнд Цүйлян сэмээр санаруун: “Хэрвээ Шу улсын жанжныг аваачихгүй болбоос Кунмин лав сэжиглэмүй. Дагуулан орсон хойно урьд алаад тэмдэг галыг өргөж Кунминийг хууран оруулж алсугай!” хэмээн санаж тэр үгийг дагав. Кунмин сургаж өгүүлрүүн: “Би бас Гуаньсин, Жанбаог урьдаар авгайд дагуулан илгээвээс гагц туслах цэрэг хэмээн хэлж хотод байлдан оруулаад Сяо Хоумаогийн сэтгэлийг амуул! Гагц тэмдэг гал өргөсөнд миний бие хотод орж баримталсугай!” хэмээв. Тэр үдэш Гуаньсин, Жанбао, Кунмингийн нууц аргыг хүлээн авч хоёул морь унаж өөр өөрийн зэвсгийг бариад Аньдингийн цэргийн дотор холилдон Цүйляныг дагаж Нань Ань хотын доор хүрэхэд Янлин хотын дээр зогсож хавтгай модыг өлгөөд биеийг хамгаалах хэрсгийг түшиж асууруун: “Ямар газрын цэрэг морь буй?” хэмээвээс Цүйлян өгүүлрүүн: “Аньдингийн өмөглөх цэрэг ирсэн бөлгөө” хэмээн даруй нэгэн тэмдэг зэвийг хотын дээр харваж илгээв. Зэвэнд уясан бичигт хэлрүүн: “Эдүгээ Жугө Лян урьдаар хоёр жанжинг хотын дотор бүгүүлж дотроос угт хэмээн илгээжээ. Түр битгий гар хөдлөгтүн! Арга задруузай. Яаманд орсон хойно хичээвээс болмуй” хэмээжээ. Янлин даруй бичгийг авч Сяо Хоумаод үзүүлэхээр очоод тэр үйлийг нарийвчлан хэлсэн хойно Сяо Хоумао өгүүлрүүн: “Жугө Лян нэгэнтээ аргад орсон болбоос илд сүх барьсан зуу илүү хүнийг яаман дотор бүгүүлээд хэрвээ хоёр жанжин Цүйлянийг дагаж яаманд орж ирсний хойно хаалгыг хааж алаад жич хэрмийн дээр тэмдэг гал өргөн Кунминийг хууран оруулаад хот дотор бүгсэн цэрэг хамтаар гарч ирвээс Жугө Ляныг барьж болмуй” хэмээн хэлэлцэж дуусаад Янлин хэрмийн дээр гарч өгүүлрүүн: “Мөн Аньдингийн цэрэг болбоос хотод тавьж оруул!” хэмээсэнд Гуаньсин Цүйлян лугаа урьд яван Жанбао хойно дагаж орсонд Янлин хотоос бууж хаалганы хажууд угтсаныг Гуаньсин гар өргөмөгц Янлинийг цавчиж мориноос унагав. Үүнд Цүйлян ихэд цочиж морийг буцуулан гүүрний ойр хүрсний хойно Жанбао их дуугаар зандан өгүүлрүүн: “Хулгайн зулзага битгий буруулагтун! Танай хуйхар арга яахан манай чансанг мэхлэн чадмуй?” хэмээгээд нэгэн жадаар Цүйляныг жадалж мориноос унагатал Гуаньсин хэдийн хотын дээр гарч гал ноцоосонд Шу улсын цэрэг нэгэн зэрэг хотод орж ирээд Сяо Хоумао гар хөдлөн завдахгүй яаран өмнөд хаалгаар үхэхээр байлдаж гарсанд нэгэн салааны цэрэг замыг тосов. Жанжин Ванпин мөн, ганц нэгэн удаа Сяо Хоумаог морин дээр амьдаар нь барин аваачаад үлдсэнийг цөм алав.

Түүнээс Кунмин Нань Ань хотод ороод цэрэг иргэнийг элсэж өчүүхэн ч халдсангүй. Олон жанжин нар өөр өөрийн гавьяаг өргөсөн хойно Кунмин Сяо Хоумаог битүү тэргэнд хорьжээ. Дөнжы асууруун: “Чансан яаж Цүйлянгийн хуурахыг мэдсэн болой?”. Кунмин өгүүлрүүн: “Би тэр хүний дагах сэтгэлгүйг мэдээд зориудаар хотод зарсан бөлгөө. Тэр эрхгүй Сяо Хоумаод учрыг дуусган хэлээд аргад аясдуулан явсугай хэмээмүй. Би түүний надад золгохоор ирсэн байдал хуурмагийг мэдэж олоод бас хоёр жанжинг хамт илгээж түүний сэтгэлийг сулхан болгосон болой. Тэр хэрвээ үнэн сэтгэл байваас эрхгүй хоригломуй. Тэр харин баярлан хүлээж хамт явсан нь намайг сэжиглүүзэй хэмээсэн нь болой. Түүний санаанд “Хоёр жанжинг хамт аваачаад хотын дотор хууран оруулсан хойно алахад хожигдохгүй бөгөөд бас бидний цэрэгт итгэсэн газар байж сэтгэлийг сул тавин оруулсугай!” хэмээсэн нь болой. Би сэмээр хоёр жанжинд “Хотын хаалганд хичээ! Хотын дотор лавтай бэлтгэсэнгүй тул би хойноос даруй цэрэг авч хүрсүгэй! хэмээн сургасан бөлгөө. Энэ түүний санаандгүйгээр явуулсан нь болой” гэхэд олон жанжин цөм бишрэв. Кунмин өгүүлрүүн: “Цүйляныг аргадаж аваачсан нь би сэтгэл зүрхний мэт хүнийг зарж Вэй улсын Пэйсюй болгон хуурсан болой. Би бас Тянь Шүйзюнийг аргадахаар илгээсэн бөлгөө. Эдүгээ болтол хүрч ирээгүй, ямар учрыг мэдэхгүй. Өнөө мөн хүчинд авахаар очсугай!” хэмээгээд Ү Игээр Нань Аньгийг, Лю Яньгаар Аньдинийг сахиулаад Вэй Яньгийн цэргийг сольж гарган Тянь Шүйзюнь хотыг авахаар очив.

Тэндээс Тянь Шүйзюнь хотын тайшоу түшмэл Мазүнь нь Сяо Хоумаогийн Нань Ань хотын дотор хаагдсаныг сонсож даруй бичиг цэргийн түшмэдийг хуруулан зөвлөхөд Гүнцао түшмэл Лянсю, Жубо түшмэл Иньшан, Жужи түшмэл Лянцянь нар өгүүлрүүн: “Сяо Хоу Фума болбоос алтны салаа, хасын навч болой. Хэрвээ алдагдах болохул үзсээр суусан ялаас хэлтрэхэд бэрх. Тайшоу юунд харьяат цэргээ дуусган байгуулж туслахаар одохгүй аж?”. Мазүнь төв хийтэл сэжиглэж байтал гэнэт хүн ирж хэлрүүн: “Сяо Хоу Фума итгэлт хүн Пэйсюйг зарж илгээв” хэмээн мэдүүлжээ. Пэйсюй яаманд ороод албан бичгийг гаргаж Мазүньд тушаагаад өгүүлрүүн: “Дүдү Аньдин, Тянь Шүй хоёр хотын цэргийг шөнө дөлөөр очихыг гуйж наашаа илгээв” хэмээн өгүүлээд санд мэнд одов. Дэд өдөр бас харуулын хүн ирж мэдүүлрүүн: “Аньдингийн цэрэг нэгэнтээ урьдаар одов.

Тайшоуг гал мэт түргэн нийлэхээр очигтун хэмээмүй”. Мазүнь төвхийтэл цэрэг авч мордсугай хэмээж байсанд гэнэт гаднаас нэгэн хүн орж өгүүлрүүн: “Тайшоу Жугө Лянгийн аргад унасан бөлгөө” хэмээмүй. Олон үзвээс Тянь Шүйзюнь газрын хүн овог Зян, нэр Вэй, өргөсөн нэр Бо Юэ. Эцэг Зянжун урьд Тянь Шүйзюнь хотод Гүнцао түшмэл болоод Цян аймгийн цэрэг самуурсан үед улсын төлөө дайнд үхсэн бөлгөө. Зянвэй бяцханаас бичиг бүхнийг олонтоо үзээд цэргийн эрдэмд нэвтэрсэн бөгөөд эхийгээ хүндэлсэн нь ихэд ачлалтай тул уул гацааны хүмүүс туйлаар хүндэлмүй. Хойно Жунлан жанжин болоод даруй цэргийн хэргийг хавсран шийтгэв. Тэр өдөр Зянвэй, Мазүньгийн зүг өгүүлрүүн: “Ойрд сонсвоос Жугө Лян, Сяо Хоумаог Нанъ Аньд хаасан нь ус ч нэвтрэхгүй хэмээх тул хэрхэн давхар хаасан газрыг нэвтлэн гарч ирэх хүнийг олж чадмуй? Нэнд Пэйсюй хэмээгч нэгэн нэргүй доор жанжинг угаас үзсэнгүй. Тэр ч байтугай Аньдингийн харуулын хүн хэмээгээд бас албан бичиггүй, үүгээр бодвоос энэ хүн даруй Шу улсын жанжин, Вэй улсын жанжин хэмээн хууран хэлж тайшоуг гэнэдүүлэн хотоос гарсан хойно хотын дотор цэрэггүй болох тул эрхгүй сэмээр нэгэн анги цэргийг хажууд бүгүүлж хоосны тухай Тянь Шүй хотыг авсугай хэмээгч болой” хэмээсэнд Мазүнь гэнэт ухаж өгүүлрүүн: “Бо Юэгийн үгнээс бус болбоос эрхгүй эндэж зусар аргад орох бөлгөө. Ийм болбоос яамуй?”. Зянвэй өгүүлрүүн: “Тайшоу сэтгэлээ сулхан болгогтун! Надад нэгэн арга буй. Эрхгүй Жугө Ляныг амьд бариад Нань Аньгийн бэрхийг тайлж болмуй” хэмээжээ. Энэ чухамхүү:

“Арга сүвэгчлээд бас чийргийн доторх гарт учраад

Ухааныг тэмцээд харин санааны гаднах хүнд уулзав”

Эгнэгт түүний ямар арга гаргахыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top