Яруу найрагч Г.Мөнхцэцэг: ”Зохиолчдын эвлэлийн хорооны хамгийн том шалгуур нь авьяас юм”

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 15

 Хүннү гүрэн байгуулагдсан 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805,  Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 100, Ардын хувьсгалын 90 жилийн ой тохиосон наадмын босгон дээр Монголын зохиолчдын эвлэлийн хороо олз омогтой, шагналын хур ихтэй байв. Зохиолчдын хороогоор ороход олон сайхан зохиолчид энгэрээ цоолоод баяр хөөрөөр дүүрэн байлаа. Чухам ийм л сайхан амжилт  баяр давхацсан  өдөр  МЗЭХ-ний гүйцэтгэх захирал, яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-Юуны өмнө олон сайхан зохиолч яруу найрагчид маань шагнал гардсан энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье.  Өөрийгөө танилцуулахгүй юу ? Хаанахын уугуул вэ, аль сургууль төгссөн, МЗЭХ-г удирдаад хэчнээн жил болж байгаа вэ?

-Би  Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат  хүн. МЗЭХ гэдэг энэ их том айлд  арван хэдэн настай цагаан фарчиктай /фартук/ тай дунд сургуулийн хүүхэд анх орж ирж байсан. Тэр цагаас хойш хориод жил өнгөрсөн байна. Бараг хориод жилийн дараа энэ их түүхтэй айлын  тамгыг барьж  хойморт сууж байх  их хувь тавилан намайг түшсэн гэдгийг би их бэлэгшээж явдаг. Гүйцэтгэх захирал гэдэг энэ албыг аваад хоёр жилийн нүүрийг үзэж байна. Утга зохиолын  том өргөө МЗЭ гэдэг энэ их айл үүсэн байгуулагдсанаас хойш 83 жил энэ жил тохиож байгаа. Хэзээ чадахаа болино тэр цагийг хүртэл би зүтгэхэд бэлэн гэж ямагт өөрөөрөө омогшиж явдаг.  Анх удаа арван хэдтэй жижигхэн хүүхэд сурагчийнхаа дэвтэр дээр хэдэн шүлэг бичээд Сайншандаас галт тэргэнд суугаад ирж байхад энэ айлын хоймор хормой бүгдээрээ бүтэн, миний сурах бичгэн  дээрээс хардаг байсан олон сайхан ахмадууд   сэрүүн тунгалаг байлаа.  Тэр л үед  жижигхэн хүүхэд анх үүдийг нь чагалзуулж орж ирж байсан. Тэгэхээр яалт ч  үгүй би бол утга зохиолын буянаар өдий зэрэгтэй яваа. Ухамсартайгаас эхлээд ухамсаргүй болтлоо би энэ айлын төлөө явна. Энэ бол миний үүрэг юм байгаа юм.

-Энэ жилийн хувьд ойрын арван жилд тохиохооргүй олон сайхан тэгш ой давхацсан сайхан наадам болж байна. Монголчууд угаасаа тэгш тоог ихэд бэлэгшээдэг.Таны баяр наадмын сэтгэгдлийг сонирхвол?

-Тэгэлгүй яах вэ. Энэ жил онцгойлон сайхан жил болж байна гэж манай хөгшчүүл ч ярьж байна. Том ой гэдэг олон хүний хийморийг сэргээсэн  онгодыг баясгасан ийм жил байдаг юм байна. Монгол улс ийм их түүхтэй ойгоо энэ жил тэмдэглэж байгаа. Улсын түүх гэдэг бол тэр чигээрээ утга зохиолын түүх байдаг гэж боддог. Тэр нь ч үнэн юм. Хүн төрөлхтөн ярьдаг хэлтэй болсон цагаас, бичиг үсэг үүссэн цагаас түүх эхэлдэг. Тэгэхээр энэ бол тэр чигээрээ бичиг үсэгтэй болсны, соёлтой болсны түүх. Давхар утга зохиолын түүхэн ой болж байна гэж бэлэгшээж байна.

-Таны хувьд хамгийн сайхан наадам хэзээ байсан бэ, эмэгтэй хүний хувьд ямар гоёо өмсдөг вэ?

-Жил жилийн наадам дандаа сайхан болдог. Энэ жилийн хамгийн гайхамшигтай юм юу гэхээр ЮНЕСКО Монгол наадмыг дэлхийн соёлын өвд албан ёсоор бүртгэлээ. Монголчууд үүгээрээ бахархаж дэлхийд танигдсан гэдгээрээ их сайхан наадам болох нь. Хүүхэд байхдаа  манай аймгийн наадам, сумын наадам сайхан болдог гэж баясдаг байлаа. Хотын хүн болсоор үзсэн хамгийн сайхан сонин өнгө төрхтэй наадам маань энэ жил болох нь ээ гэж бодож байна. Энэ жил манай Зохиолчдын эвлэлийн хороо олон сайхан гадаадын зочид, зохиолчид, үзэг нэгтнүүдээ  угтаж авч байгаа. Ветнамын, Солонгосын олон зохиолчид энэ жил ирнэ. Ер нь бол сайхан бүхэнд дандаа хүн горьдлого тээж байдаг учраас энэ жилийн наадам их сайхан болно оо гэж найдаж байна. Манай аймгийн  80 жилийн ой энэ жил болж байгаа. Гоёлын хувьд мэдээж бусдын жишгээр үндэснийхээ сайхан дээл хувцсаар гоёж ирсэн. Энэ жил ч бас сайхан дээлээр гоёно доо.

 

-МЗЭХ-нд зохиолчид яаж гишүүн нь болж ордог вэ? Анхлан бичиж байгаа хүн болгон шууд босгыг нь давж ордоггүй байх. Ямар нэг шалгуур байдаг уу?  МЗЭХ зохиолчдынхоо төлөө нийгэм талаас нь юу хийдэг вэ? Ямар үүрэг оролцоотой байдаг юм бол?

-Тийм ээ. Үнэхээр МЗЭХ 83 жилийн ойдоо хүрэхэд 800 гаруй гишүүнээр эгнээгээ тэлсэн их өнөр өтгөн айл. Авьяас билэгтнүүд нь энд цуглаж аугаа ихүүд нь энд амьдарч ажиллаж аж төрж ирсэн. Цаашид ч авьяастнуудын улбаа  тасрахгүй үүдтэй ийм л газар.  МЗЭ бол авьяастай хүмүүсийн цугладаг газар. Эхлээд хүн байж дараа нь зохиолч болдог  гэж манайхан ярьдаг. МЗЭ өөрөө ТББ–ынхаа хувьд тодорхой дүрэмтэй журамтай. Дүрмийнхээ дагуу эгнээндээ авьяастай улсыг нэгтгэж байдаг. Хэн авьяастай тэдэнд үүд хаалга нээлттэй байдаг. Хамгийн том шалгуур нь авьяас юм аа.

-Өнөөдөр харахад танай өрөө  зохиолчдын баяр хөөрөөр дүүрэн таныг харахад ч гэсэн сэтгэл хангалуун сайхан өдөр байх шиг байна. Энэ олон тэгш сайхан ойг угтаад хэн хэн гэдэг зохиолчид ямар шагналаар энгэрээ мялаагаад байна?

 -Зохиолчид хамгийн их баярладаг хүмүүс гэж би боддог. Манай зохиолчдод баяргүй сар, өдөр, улирал гэж байдаггүй.  Яагаад гэвэл хэн нэгэн  шинэ хүн төрж байгаа шиг шинэ ном  нь гарч байдаг. Номынхоо баярыг хийж, бас шинэ шүлэг төрөхөд  баярлаж байдаг. Ер нь бол авьяасандаа уран бүтээлдээ үргэлж баясаж байдаг хүмүүс бол зохиолчид юм. Энэ өдөр онцгой сайхан өдөр болж байна. МУ-ын төр олон сайхан зохиолчдоо хүндэлж одон медалиараа нэлээдгүй зохиолч яруу найрагчдыг шагналаа. Энэ түүхэн жил үе үеийн зохиолчдыг үе үеийн төлөөллийг шагнасан нь их сайхан үйл явдал боллоо. Манай зохиолчид угаасаа ямар нэгэн баяраа дандаа зохиолчдынхоо байгууллагатай хуваалцдаг. Ийм учраас өнөөдөр төр таалсан уран бүтээлчидтэй боллоо гэж манай зохиолчид баясаж гэр дүүрэн сууна даа. Эрэнжидийн Хархүү гэж Монголын  яруу найргийн нэжгээд их цагийг түшиж явсан гайхамшигтай сайхан  уран бүтээлийг туурвиж говь нутгийн төлөөлөл болсон яруу найрагч маань Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авлаа. Дээрээс нь манай  Дамдинсүрэнгийн  Баянтунгалаг гэж Булган нутгийн халгиатай цалгиатай дотоод уянгатай олон уран бүтээлийг туурвисан ах маань байдаг. Энэ хоёр маань  хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсаныг аргагүй нүдээ оллоо гэж бид баяртай байна.  Алтангадас одонгоор манай үеийн төлөөлөл болох яруу найрагч ширээний анд Арлааны Эрдэнэ-Очир, сэтгүүлзүйн том төлөөлөгч Галаарид,  яруу найрагт үнэнч байдаг шигээ  төрсөн нутагтаа их үнэнч байдаг Цэвээний Цэнд, олон сайхан хүүхдийн зохиол бичиж хүүхдийн төлөө буян хийсэн зохиолч гэвэл  Сундуй гуайг хэлнэ.  Эдгээр хүмүүс маань  шагнагдлаа. Дээрээс нь хамгийн том шагнал болох Сүхбаатарын одон гэж энэ сайхан одонг МУ-ын хэмжээнд өнөөдөр анх удаагаа ганц хүн авсан маань манай ЗЭХ-ний удирдах зөвлөлийн гишүүн  Дарь.Сүхбаатар.  Энэ хүнийг үнэхээр Монголын ардчиллын түүх, Монголын ардчилал хөгжсөн утга зохиолын түүх хэлнэ.  Өсч яваа сайхан яруу найргийн төлөөлөл болсон Төгсжаргал, дунд үеийн яруу найргийн сонин содон өвөрмөц өнгө төрх яруу найргийн Батцэцэг маань бас шагнагдлаа.  Олон сайхан хүмүүс маань энэ төрд үнэлүүлж төр бас тэдний маань уран бүтээлийг ингэж сайхан үнэлсэнд би өөрөө хүртсэний адил их баясаж байна.  Дэлхий дэлэгнэж байгаа хуртай байхтай адилхан уран бүтээлийн олз омог онгод хийморьтой сайхан наадам эхэлж байна.

-Жирийн албан  байгууллага биш үргэлж сэтгэл нь халгиж цалгиж байдаг зохиолчдын хороог удирдахад  нэлээд цаг зав зарцуулдаг байх. Үр хүүхэд, гэр бүл, гоо сайхандаа хэр цаг гаргаж амждаг вэ?

-Ер нь алив юмны хүндийг нь үүрч хүчрийг  нь дааж явахгүй юм бол угаасаа ямарваа нэгэн юманд  битгий зорогдол үүсгээч ээ гэж боддог. Тэр ч утга санаа маань дандаа намайг тод авч явдаг. Долдугаар сарын 12-ний өдөр бол миний нөхрийн төрсөн өдөр байдаг. Олон түмэн миний нөхрийн төрсөн өдрийг олон удаа  тэмдэглээд өнгөрчихсөн байдаг. Гэр бүлийн хүн маань МУ-ын начин Шархүүгийн Лхагвасүрэн  хүн бий.  Миний хувьд дандаа хариуцлаган дунд наадам өнгөрч байдаг. Тэгэхээр энэ жилийн наадам мөн л том хариуцлаган дунд өнгөрөх нь. Ер нь  цаг хугацаа орон зай гэдэг бол хамгаас үнэтэй.  Ийм учраас цаг хугацаа орон зайд өөрийгөө авч  үлдэж байх нь өөрөө түүх өөрөө орон зай болохоос биш даган урсаж өнгөрч байх юм бол  усны урсгал дагаад урсаж байгаа орхигдсон навч лугаа адил  гэж би ойлгодог. Тийм болохоор ямар цагийг үнэгүй гэх вэ ямар цагийг үнэтэй гэх вэ гэхээр аль алинд нь  сөрж урсаж даван туулж өөрийнхөөрөө үлдэж өөрийнхөөрөө хандсан юм бүхэн маань хамгийн үнэтэй цаг. Тийм учраас тэгэх гэж л энэ цагийг туулж байдаг даа.

- Гомпилдоогийн Мөнхцэцэг гээд ийм сайхан найрагч бүсгүйтэй уулзчихаад уран бүтээлийнх нь талаар асуухгүй өнгөрвөл алдас болох байх. Сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна. Утга зохиол яруу найргийн ертөнцөд хөл тавьсанаас хойш хэчнээн яруу найргийн ном гаргасан бэ?

-Миний яруу найргийн гурван ном байдаг. Би  заримдаа боддог. Шүлгээ  их бодож байж бичдэг юм уу даа гэж. Тэр болгон би халгиад цалгиад байдаггүй. Яруу найргийн онгод гэдэг юм их ямбалж ирдэг ш дээ. Сайн бодож байж их юм судалж байж бичихийг хичээдэг. Үг гэдэг амьтай үнэтэй зүйл байдаг. Ариглаж хямгадаж гамнаж эдэлж хэрэглэж байхыг хичээдэг. Тийм учраас шүлэг дотроо илүү үг хэрэглэхгүй байх юмсан, шүлгэн дотроо дэмий санаа явуулахгүй байх юмсан. Дандаа сэтгэлийн хөөрөл онгодоо хянаж байдаг учраас магадгүй тэр онгод гэдэг зүйл надад хямгатай ирдэг байх. Тийм учраас дандаа шүлэг бичээд дандаа тэмдэглэж хөтлөөд байхыг зорьдоггүй. Их л бодож байж их л ухаарч байж таван үг тавьж байх юмсан. Хүнд ч гэсэн үг хэлэхдээ үгийнхээ талыг нь хэлж санааныхаа сүүлчийг нь хэлж байх юмсан гэж боддог. ЗЭХ-ны 83 жилийн ойг  угтаад шүлгийнхээ дөрөв дахь номыг хэвлүүлчих юмсан гэж бодож байна. Ер нь ихэнхдээ  хүний төлөө хийж байгаа ажлаас минь өөрийн ажил бол дандаа орхигдож явдаг.

-Энэ тал дээр харамсах үе байдаг уу?

-Утга зохиолын буян гэдэг  дандаа  ирж байдаг учраас миний эдлэх гэж байгаа жаргалаас бусад нь илүү их эдлэж байвал би тэрэнд их баяртай байна. Тийм ч учраас би тэрний төлөө энд суугаа гэж боддог. Тийм учраас хорогдох юм юу байх вэ.

-Ямар яруу найрагчид шагнал өгөв өө гэхэд хамгийн түрүүнд Эрэнжидийн Хархүү гээд Өмнөговь аймгийн зохиолч яруу найрагчийг нэрлэлээ. Та энэ хүнийг хэзээнээс мэдэх вэ? Уран бүтээлийнх нь талаар ямар бодолтой явдаг вэ?

-Хүүхэд байхаасаа мэдэх юм. Яагаад гэвэл Сайншандын арван жилийн дунд сургуулийн хүүхэд байхдаа манай ангийн Эрдэнэ-Очир бид хоёр нэг том яруу найрагчид захиа бичсэн нь Эрэнжидийн Хархүү гэж хүн байлаа. Бас хамгийн анх хүүхдүүдийг тоож хариу бичсэн хүн маань бас энэ хүн байсан юм. Монголын утга зохиолын үлдсэн түүхийн хамгийн том хамгийн тод гэрэл гэгээ  гэж би  боддог байсан. Жишүү хараагүй юм байна аа гэдэг нь цаг хугацаа өнгөрөх тусам мэдрэгдэж байна. Энэ яруу найрагчийн олон сайхан шүлгүүдийг би мэдэх юм. Их говийн нэг их тийм эзэнгүй юм шиг задгай салхи, тэгсэн хэрнээ бас тийм тээр алсад байгаа юм шиг хэрнээ их ойрхон байдаг зэрэглээ, за тэгээд дээрээс нь бас нэг тийм баргийн хүн туулчихна даа барчихна даа гэж бодож байдаг хэцэсхэн даваа гүвээ, тэр бүгдийн дүр төрх тэгээд дээр нь нэг говийн хүний за яах вэ дээ гэж уужирмаар, тийм л байж дээ гэж тайвширмаар тийм олон утга санаа өмөг түшиг энэ хүний шүлгэн дотор амь болон оршдог. Би хар багаасаа мэдэх учраас багадаа харсан тэр дүр төрх шүлэг яруу найраг, тэр амт үнэр өнгө бүгд л явж байдаг учраас эрт мэднэ ээ гэж хэлэх байна.

-Zindaa.mn сайт, Сонгуулийн менежментийн төвтэй хамтран  Сонгууль-2012 гээд улс төрчдийн чансааг тодорхойлох их сунгааг зохион байгуулсан. Тэгэхэд  та өөрийн чинь төрсөн нутаг Дорноговь аймгаас шалгарсан Хамгийн өндөр чансаатай улс төрчдийн 7-д нь  жагсчээ. Маш олон хүн таны төлөө саналаа өгсөн байна. Үүнээс гадна МАН-ын эмэгтэйчүүдийн  холбооны удирдах зөвлөлд сонгогдсон. Энэ бүхнээс харахад улс төрч болохоор зэхэж байгаа юм шиг санагдлаа. Ирэх жилийн сонгуульд өрсөлдөх үү? Өөрийнхөө төлөө саналаа өгсөн Дорноговийнхондоо хандаж юу гэж хэлэх вэ?

-Гэрийнхээ ажлыг хийдэггүй эмэгтэй хүнийг би их муу эмэгтэй хүн гэж боддог. Тийм учраас Зохиолчдын эвлэл бол тэртээ тэргүй миний гэр. Ийм учраас гэрийнхээ ажлыг хийсэн шиг хийж яваа  гэж хэлэх байна. Хоёрдугаарт, бас нэг төрсөн гэр маань бол Дорноговийн Сайншанд. Тэр гэрийнхээ ажлыг хийх цаг минь иржээ, нас минь иржээ гэж бас бодож байна. Тийм учраас их түүхтэй МАН энэ хүн - Гомпилдоогийн Мөнхцэцэг төрсөн гэрийнхээ төлөө юм хийж чадна аа гэж үзсэний үндсэн дээр эмэгтэйчүүдийн байгууллага нь өөрөө удирдах зөвлөлдөө авч намайг ажиллуулж байгаа байх гэж бодож байгаа. Манай нутгийн ард түмэн намайг бага балчраас минь намайг мэднэ. Энэ сайхан нутгийнхаа нэрээр давхар овоглож өдий хүрсэн. Тэгэхээр бас нэг өөр ажил хийх ёстой гэж хувь тавиланг минь эргүүлсэн юм болов уу гэж бодож суугаа.   Надад итгээд энэ айлын бас нэгэн зарц  байх ёстой гэж гэж бодож байгаа бол мэдээж би өөрийгөө бэлдэх ёстой. Бэлтгэл хангах гэж суугаа. Танай сайтын зүгээс зохион байгуулсан сунгаанд нутгаасаа 7-д жагссандаа их бэлэгшээж байгаа. Дорноговийн догшин ноён хутагт  маань долоон дүрд хувилсан дүр байдаг. Тэрний тав дахь ноён хутагт Данзанравжаа байсан. Долдугаар ноён хутагтаар  хамгийн сүүлийн хутагт тодорсон юм. Тийм учраас долоогийн тоог ихэд бэлэгшээж байгаа. Энэ төрд бас Дорноговьчуудад үнэхээр эмэгтэй хүн хэрэгтэй гээд  квот юмнууд нь тодорхой хэмжээгээр батлагдаад ирэх юм бол магадгүй хэрэгтэй газраа хэрэгтэй цагтаа байх ёстой гэж намайг тоож үнэлэх юм бол өөрийнхөө төрсөн газар гал голомт болсон Дорноговийнхоо төлөө энэ гэрийнхээ зарц нь явахад бэлэн байна.

-Сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье. Сайхан наадаарай.

-Баярлалаа. Танай Zindaa.mn-сайтын хамт олонд бас ажлын өндөр амжилт хүсье.

Г.Оюун.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болормаа(103.242.47.86) 2015 оны 11 сарын 03

надад П. Бадарч гуайн утас хэрэгтэй байна Төв аймаг Эрдэнэ суманд сурч байсан гэсэн манай сургууль зохиолчдын уулзалт зохиох гэсэн юм

0  |  0
Булагням(49.0.170.172) 2013 оны 06 сарын 27

утас 88851048 биш 89851048

0  |  0
Булагням(49.0.170.172) 2013 оны 06 сарын 27

надад туслалцаа үзүүлээч миний утас 88851048 миний face ketty1029 yahoo ketty1029

0  |  0
Булагням(49.0.170.172) 2013 оны 06 сарын 27

би зохиолч болохыг хүсдэг яавал дээрүү

0  |  0
Булагням(49.0.170.172) 2013 оны 06 сарын 27

зохиолчдын эвлэлийн хороонд яаж бүртгүүлэх вэ?

0  |  0
Top