Шөнөдөө -40 хэм, өдөртөө -27-28 хэм хүрч хүйтэрч буй энэ өдрүүдэд бид гадуур явах, малчид малаа хариулах зэрэг үеэрээ бээрэх, осгох эрсдэл үүсэж байна. Тэгвэл амархан бээрэх, осгохоос хэрхэн сэргийлэх талаар дараах зөвлөгөөг бэлтгэлээ.
Булчингийн массаа нэм
Биеийн булчин нь дулааныг нэмэгдүүлдэг. Ийм учраас булчин багатай, туранхай хүмүүс амархан даарч, бээрдэг тул булчингаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Эрүүл байхын үндэс болсон булчингийн массыг нэмэхийн тулд уургаар баялаг хүнс хэрэглэж, өөрийн ачаалалд тохирсон дасгал хөдөлгөөн хийж байгаарай. Туранхай, хоол хүнсээрээ уураг хангалттай авч чаддаггүй хүмүүсийн биеэс дулаан ялгарах чадамж буурч, өөхөн давхарга байдаггүй тул осгох эрсдэлтэй.
Бамбай булчирхайгаа эрүүл байлга
Амархан даарах нь бамбай булчирхайн хэвийн бус үйл ажиллагааны шинж тэмдэг. Бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, хангалттай хэмжээний даавар ялгаруулахгүй бол бодисын солилцоо удааширч, шаардлагатай дулаан ялгаруулахад хүндрэл үүснэ. Мөн үс унаж, арьс хуурайшиж, амархан сульдана.
Хангалттай унтаж амар
Хангалттай хэмжээгээр унтаж амрахгүй байх нь мэдрэлийн системийг доголдуулж, биеийн дулааныг бууруулдаг. Нойр дутуу, амралт муутай бол биеийн дулааныг удирддаг өнчин тархины үйл ажиллагаа доголдоно.
Ус уу
Насанд хүрсэн хүний биеийн талаас илүү хувийг ус эзэлдэг. Хүний бие зохих хэмжээний ус, шингэн авч чадахгүй бол биеийн температур мөн л тэнцвэрээ алддаг. Хүний бие хэрэгцээт шингэнээ авах үед бодисын солилцоо хурдасч, биеийн бусад үйл ажиллагаа ч хэвийн байдалд шилждэг.
Хүнсэндээ хангалттай хэмжээний төмөр хэрэглэ
Төмрийн агууламжтай хоол хүнс, бэлдмэл хангалттай хэмжээгээр хэрэглэхгүй байх нь хүнийг амархан дааруулдаг түгээмэл шалтгаануудын нэг юм. Учир нь цусны улаан эс хүний биеэр эргэлдэж, хүчилтөрөгч дамжуулах явцад төмөр дэмжлэг болсноор эрхтэн систем дулаанаас гадна бусад хэрэгцээт амин дэмээр хангагдах ёстой.
Сэтгэгдэл ( 0 )