Мичиганы их сургуулийн эрдэмтэд гэдэсний микробиомд гарсан өөрчлөлтийн улмаас сүүлийн 150 жилд хүний биеийн халуун буурсан болохыг тогтоожээ.
“American Journal of Respiratory and Critical Care Medicine” сэтгүүлд нийтэлсэн судалгаанаас үзвэл, хүний биеийн халуун янз бүр байдаг ч дундаж халуун 1860-аад оноос эхлэн тодорхойгүй шалтгаанаар буурч эхэлсэн байна. Биологичид цусны халдвар гэсэн оноштой эмнэлэгт хэвтэж байсан 116 өвчтөний мэдээллийг судлахад тэдний гэдэсний микробиом нь асар их ялгаатай байжээ. Гэдэсний бактерийн бүтцээс хамааран өвчтөнүүдийн биеийн халуун өөр өөр байсныг тогтоосон байна. Цусны халдварын үед хүний биеийн халуун ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байна. Lachnospiraceae бактери нь өндөр халуунтай илүү холбоотой гэнэ. Эдгээрийн бий болгодог бодисын солилцооны дундын бүтээгдэхүүн нь цусны эргэлтэд орсноор дархлалын хариу үйлдэл болон бодисын солилцоонд нөлөөлдөг байна. Судалгааны үр дүнгээ батлахын тулд эрдэмтэд жирийн болон гэдэсний бактериудыг нь устгасан хулгануудын биеийн халууныг харьцуулжээ. Цусны халдварын эсрэг үзүүлэх халууны хариу урвал гэдэсний бактеригүй болсон хулгануудад илүү сул байсан аж. Гэдэсний микробиомын хүний биеийн халууныг зохицуулахад гүйцэтгэдэг үүргийг дутуу үнэлснийг тус судалгаанд онцлоод сүүлийн 150 жилд хүний биеийн халуун буурсныг үүгээр тайлбарлах боломжтой гэж эрдэмтэд дүгнэж байна.
Хүний генетикт сүүлийн 150 жилд томоохон өөрчлөлт гараагүй ч хоол хүнс, эрүүл ахуй болон антибиотикт гарсан өөрчлөлтүүд хүний гэдэсний бактерид ихээхэн нөлөөлсөн болохыг эрдэмтэд онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )