"Цагаан сарын мэнд хүргэе" гэж бичсэн алдартнууд ХАЛДЛАГАД ӨРТЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

 

Цагаан сар уу, Хятадын шинэ жил үү?

"IVE" хамтлагийн гишүүн Жан Уон Ён болон "Girls Generation" хамтлагийн Со Хён нар Хятадын интернэт хэрэглэгчдийн цахим халдлагад өртжээ.

Азийн зарим орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалт "Цагаан сар"-ын баяр өнгөрсөн амралтын өдрүүдэд тохиосон. Энэ үеэр тэд өөрсдийн инстаграм хуудаснаа үндэсний хувцсаа өмссөн зургаа оруулж, "Lunar New Year" буюу Солонгосоор "Happy Seollal" хэмээн бичсэн нь Хятадын интернэт хэрэглэгчдийн эгдүүцлийг хүргэжээ. 

Тэд алдартнуудын баярын пост доор "Happy Chinese New Year" гэсэн бичиж, уг баярыг өөрсдийн үндэсний баяр хэмээн тодорхойлжээ. Хятадад 5000 жилийн тэртээгээс эхлэн энэ баярыг тэмдэглэж эхэлсэн бол БНСУ 1000 орчим жилийн өмнөөс тэмдэглэж эхэлжээ. Тиймээс "Хятадын шинэ жил" хэмээн бичих нь зүйд нийцнэ гэж тэд үзсэн бололтой. 

Нөгөөтэйгүүр "Хятад шинэ жилийн мэнд хүргэе" хэмээн бичиж, мэнд хүргэсэн алдартнууд ч байв. Тэд эсрэгээрээ өмнөд солонгосчуудын сэтгэлийг гонсойлгосон бөгөөд энэ явдалдаа уучлалт хүссэн байна. 

 

 

Энэхүү баярыг АНУ-д "Хятадын шинэ жил" хэмээн нэрлэдэг. Хятадын сарны хуанлиг ашиглан шинэ жилээ тэмдэглэдэг орнууд цөөнгүй бий. Тухайлбал БНСУ, Япон, Вьетнам зэрэг улсууд уг хуанлиг ашиглан шинэ жилээ тэмдэглэдэг бөгөөд шинэ бүхний эхлэл болж байна хэмээн билэгддэг байна. 

Нэг хуанли ашигладаг ч улс бүр өөр өөрсдийн онцлог, соёл уламжлалын дагуу тэмдэглэнэ. Сүүлийн үед тус баярыг ерөнхийд нь "Хятадын шинэ жил" хэмээн нэрлэх нь элбэг болсон. Гэсэн ч улс үндэстэн бүр өөр өөрөөр тэмдэглэдэг учир нэршлийн тал дээр ийнхүү маргаан дэгдэх болжээ. 

Манай улсын хувьд Төгсбуянтын монгол зурхай ашиглан Цагаан сарын баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүнийг од, гараг эрхсийн үндэслэлтэйгээр тайлбарлахад Хятад болон азийн бусад орнуудын тооцоолол нь нэг сарыг 30 өдрөөр л тооцдог. Тиймээс хуанлийн зурхайн тооцооллоор жил бүрийн цагаан сар нь ижилхэн давтамжтай байдаг. Тэгтэл Төгсбуянт монгол зурхай дээр нэг сарыг од, гараг эрхсийн хөдөлгөөн, сар болон дэлхийн харилцан үйлчлэлээс нь хамааруулаад нэг сар нь 29.54 хоног гэж нарийн авч үздэг. Өөрөөр хэлбэл 1 жил дотор арваад хоног илүү гарч байна гэсэн үг. Тэгэхээр 3 жил тутамд 30 хоног буюу 1 сар илүү гарч байгаа. Үүнийг Төгсбуянт шинэ зурхай маш нарийн тооцооллоороо 3 жил тутамд илүү гарч байгаа 1 сарыг илүү сар гэж тооцдог. Өнгөрч буй Бар жилд зуны сар нь илүү байсан. Ингэж зуны сар дээр 1 сар нэмэгдээд ирэхээр Монголын цагаан сар азиас зөрж байгаа юм. Энэ нь астрологийн нарийн тооцооллоор гарч ирдэг ажээ. 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top