Б.Баярсайхан: Төлөөр мал хийж чаддаг ч хүүхдээрээ хүн хийж чаддаггүй

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 26

УИХ-ын гишүүн Б.Баярсайхантай ярилцлаа.


-Та УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон. Гишүүнээр ажиллаж, төр түшилцэж байгаа энэ цаг хугацаагаа хэрхэн дүгнэж байна вэ?

-Нийгэм нэлээд бухимдалтай, эдийн засаг муудсан, хүмүүсийн амьдрал хэцүүдсэн, улстөрчид, төрийн түшээдийн нэр хүнд унасан цаг хугацаа өнгөрч байна. Магадгүй сүүлийн 30 жилд ямар ч Засгийн газар, УИХ-ын даваагүй, монголчууд төдийгүй дэлхийн улс орнууд туулж үзээгүй зүйлтэйгээ нүүр туллаа. Өмнө нь даван туулж байсан ийм тохиолдол байхгүй учраас тулгамдсан. Зарим үед бараг л зөв, буруугаа мэдэхгүй шахам өдөр хоногууд байлаа шүү дээ. Харин одоо бол иргэдийн амьдрал хүнд хэцүү, үнийн өсөлт гээд залгаж байна.

Гэтэл үүнтэй давхцаад Монгол Улсад нүүрлэсэн ёс суртахууны хямралаас болоод төрд итгэх ард түмний итгэл алдагдаж байна.

Ёс суртахууны хямрал нүүрлээгүй байсан бол нөгөө хямралуудыг бусад улс орнуудын жишгээр хохирол багатай даваад гарах боломж байсан. Дайн дажин, ковидгүй байсан ч гэсэн манай улсын хөгжлийн гацаа нь ёс суртахууны хямрал гэдгийг би байнга хэлж байгаа. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд авлигын асуудалд холбогдож байгаа, ашиг сонирхлын асуудал, нийгэмд шударга бус байдлыг бий болгож байгаа нь хүмүүсийн бухимдлыг төрүүлж, зарим нь бүр эх орноосоо явах тухай ярьж эхэллээ. Тиймээс ёс суртахуунтай, нэр цэвэр байж, сонгогчдынхоо итгэлийг алдчихгүйхэн шиг явна гэсэн итгэлтэй явж байна.  

-УИХ-ын 2022 оны намрын чуулган хаалтаа хийлээ. Намрын чуулганд ямар, ямар хуулийн төсөл, Ажлын хэсгүүдэд орж ажиллав?

-Өнгөрсөн намрын чуулганаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг зарим гишүүдийн хамт өргөн мэдүүлж, батлуулаа. Мөн сая батлагдсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн нэг бүлэг болгож Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг оруулах байсан ч орсонгүй. Уг нь бол тус хуулийг хуульчидтайгаа хамтран бүхий л судалгаа, үнэлгээг нь хийлгээд бие даасан хууль байхаар тооцож байсан боловч хүний эрхийг хамгаалах хуульд нь бүлэг болгоод оруулъя гэж ярьсан. Харамсалтай нь бүлэг болгож оруулалгүйгээр дангаар нь баталчихлаа.

Бид техник технологийн дэвшлийн хөгжлөөр дамжуулан мэдээ мэдээллийг хурдтай авахаас эхлээд сайн талыг нь хүртэж байгаа ч муу талынх нь хамгийн их хохирогч нь хүүхдүүд болчхоод байна.

Сахарын хэрэглээг бууруулах, эмийн чанарыг шалгах зэрэг ажлын хэсэгт мөн орж ажиллалаа. Ер нь миний хувьд олон хууль санаачлахдаа биш хуулийн хэрэгжилтэд анхаарал хандуулахыг хичээдэг. Намрын чуулганы үеэр Хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн хэрэгжилт, хүүхдийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсгийг удирдаад явж байна. Өөрөө БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа санаачилсан сургууль, цэцэрлэг, дотуур байрны бие засах газрыг шинэчлэх ажилд зарцуулж байгаа хөрөнгийн зарцуулалт, бүтээн байгуулалтад хяналт тавих ажлын хэсгийг мөн ахалж байгаа. Хамгийн их хуулийн төсөл санаачилсан гэдгээр би бусадтай уралдахгүй. Харин өөрийн санаачлан батлуулсан хуулийн хэрэгжилт ямар байгаа дээр хяналтаа сайн тавьж, хэрэгжүүлж ажиллана

-Таны хувьд хүүхдүүдийн сурч боловсрох, хөгжих эрх, хөгжлийн талаар хүчтэй дуугардаг хүн шүү дээ?

-Ер нь миний хувьд монгол хүний хөгжлийн бодлого, эрүүл, аз жаргалтай, сайн зан чанартай, ёс суртахуунтай байх, монгол хүн монголоороо үлдэх, монгол жудагтай иргэн бий болгохыг л чухалчилдаг. Үүнийгээ дагаад төрд итгэх итгэл алдагдсан энэ үед төрийн түшээд, төрийн албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэх нэн шаардлагатай. Ингэж чадвал нийгэм илүү сайхан болно гэсэн итгэлтэй л явдаг хүн. Түүнээс биш би бүх зүйл рүү оролцож чадахгүй, бүгдийг нь угаасаа мэдэх ч үгүй. Би чинь өөрөө нийгмийн салбарын мэргэжилтэй, олон жил хүмүүнлэгийн ажил хийсэн. Тийм ч болохоор нийгмийг сайн сайхан болгоход хамгийн чухал зүйлийг барьж авсан гэж ойлгодог.

Өнгөрсөн хавар эмэгтэй парламентчид, нийгмийн манлайлагч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болоход нэг эмэгтэй “Эмэгтэй гишүүд уул уурхай, эдийн засгийн хөгжил гэсэн том юм ярихгүй яагаад хүүхэд зэрэг жижигхэн зүйл ярьдаг юм бэ” гэж асуусан. Би түүнд нь үнэхээр эгдүүцсэн. Монгол үндэстэн цаашдаа оршин тогтнох уу, бид хэнд энэ улс орноо даатгаж үлдээх вэ гэдэг чинь маш том асуулт. Яагаад гэхээр Монгол Улсад хүний хөгжлийн бодлого алдагдчихсан.

Малынхаа төлөөр мал хийгээд байгаа хэрнээ хүүхдээрээ хүн хийж чадахаа больчихсон. Хүүхэд нь мал, машин хоёрынхоо ард эрэмбэлэгдэж байгаа болохоор хүүхэд гэдэг уул уурхай, эдийн засгийн хөгжлийн урд байх ёстой. Өөрөөр хэлбэл улс орны хамгийн үнэт баялаг бол хүн, хүүхэд юм гэдгийг тухайн үед нь тайлбарлаж байсан.

-Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг хэрээс хэтэрсэн тухай уг нь амтай болгон л ярьж байна шүү дээ?

-Харамсалтай нь түүнийхээ эсрэг хийж хэрэгжүүлсэн дорвитой ажил алга. Тэгээд ч хүүхэд гэхээр л хүчирхийлэл байж болохгүй. Идэж байгаа хоолны шим тэжээл, хүүхдийн зан чанар, төлөвшил, монгол өв соёл, зан заншлаа мэддэг байх гээд олон асуудал бий.

Ёс суртахууны доголдолд орчихсон энэ цаг үетэйгээ тэмцээд барахгүй юм бол ирээдүй хойчоо яаж монгол хүн болгох вэ, эрүүл саруул өсгөх вэ гэдгээ хамгийн түрүүнд харах ёстой. Хэрвээ хүүхэд, хүн нь зөв байхгүй бол уул уурхай, эдийн засаг нь хөгжөөд яах юм. Яг л баян аав тэнэг хүүгээрээ өмч хөрөнгөө үрэн таран хийлгэдэг үлгэр болно. Энэ үлгэр өнөөгийн нийгэмд бодитоор ч байна шүү дээ.  

-Та өөрөө БШУ-ны яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан хүн. Намрын чуулганаар Боловсролын багц хуулийг хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт байсан ч хэлэлцсэнгүй. Энэ асуудалд хэр анхаарал хандуулж байгаа вэ?

-Боловсролын багц хуулийн ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа. Мэдээж өөрөө яаманд нь ажиллаж байсан учраас боловсрол бол миний хамгийн анхаарах ёстой салбарын нэг яах аргагүй мөн. Би Боловсролын багц хуулийг яаран батлах гэж байна. Тус хууль нь Үндсэн хуулийн дараа орох буюу Монгол Улсын хүний хөгжлийн гол суурийг тавих үндсэн хууль юм. Тийм учраас ээн хуульд нягт нямбай хандаад өгөөч гэдэг зүйлийг байнга ярьсан. Боловсролын багц хуулийг боловсруулах ажлын хэсгийнхэнтэй Ерөнхий сайд уулзахад ч гэсэн үүнийгээ хэлсэн. Энэ талаараа гишүүдтэй ч тулж ярьж байгаа.

Өнөөдрийн боловсролын хуулийн ерөнхий зорилго дээр нь “Бид ёс суртахуунтай, өндөр боловсролтой, эх орноо хайрладаг хүн бэлдэнэ” гэсэн байдаг. Гэтэл зан чанарын боловсрол гэдэг зүйл манай боловсролын хууль дээр огт байхгүй болчихсон. Харин бусад хөгжингүй улс орнууд зан чанарын боловсролыг чухлаар авч үздэг. Үүнийг хүмүүс тэр бүр ойлгохгүй байна. Тиймээс намрын чуулганаар хэлэлцэх гэж байхад нь хүн бүрийн өрөөнд орж, тулж ярилцсан.

Зан чанарын боловсрол чухал гэдгийг бүхий л сэтгэл зүйчид ч хэлдэг юм. Боловсролын судлаачид ч үүнийг л хэлдэг. Яамны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа ч олон орны хуулиудыг судалж байсан. Жишээлбэл, Японы Ерөнхий сайд агсан Ш.Абэ япон хүн гэж ямар байх ёстой юм, бид ямар хүн бэлдэх хэрэгтэй вэ гэдгээ судлаад зан чанарын боловсролыг бүр хуульчилж өгсөн байдаг. Сайн зан чанарыг иргэндээ төлөвшүүлэх нь сайн сайхан нийгэм бий болгоход чухал гэдгийг энэ хүн ойлгосон хэрэг. АНУ, Солонгос, Скандинавын орнуудад ч гэсэн зана чанарын боловсролын хичээл ордог юм билээ. Зан чанарыг төлөвшүүлэхгүйгээр бид ёс суртахуунтай нийгмийг байгуулж чадахгүй.

-Зан чанарын боловсролыг тэгвэл хэдий үеэс нь заах боломжтой юм бэ?

-Монголчууд хүүхдийг гурван нас хүртэл нь хаан мэт байлга гэж сургадаг байсан. Гэтэл эрдэмтэд хүүхэд ямар хүн болж төлөвших нь 0-3 настайд нь тогтдог гэдгийг судлаад тогтоочихсон байдаг. Даанч өнөөдөр манайд эцэг эх ч тэр бага, дунд, ахлах ангид нь ч энэ талын боловсрол олгох юм алга. Эцэг эхчүүд маань өөрсдөө зан чанарын доголдолтой, багш нар нь хүүхдүүдийн нүдэн дээр үүнийгээ үзүүлдэг. Тэгсэн мөртлөө еврэй, япон ээжийн хүүхдээ сургах арга барилыг хайгаад, хуваалцаад сууж байдаг болсон. Уг нь бол манай өвөг дээдэс энэ талыг маш сайн мэддэг байж.

Хүүхдээ 0-3 насанд нь хөхөөр хооллож, айлгаж цочоолгүй, хайр энхрийллээр дүүрэн өсгөхийг эрхэмлэдэг байсан. Ингэж өссөн хүүхэд тусч, энэрэнгүй, сайхан сэтгэлтэй, өөртөө итгэлтэй хүн болохын 70 хувь нь суудаг байна.

Энэ асуудлыг би Төрийн нарийн бичгээр ажиллаж байхдаа л ярьж, 2-3 насны хүүхдээ гэртээ харж байгаа ээжид улсаас цэцэрлэгт өгдөг хувьсах зардлыг нь өгөх, төрөөс сүү, живхний худалдан авалт дээр нь тодорхой хөнгөлөлт өгөх боломжтой гэдгийг хэлж байсан. Мэдээж сүү, живхний борлуулагч нарт нь татварын уян хатан нөхцөл санал болгож болно шүү дээ. Зах зээлийн нийгэмд шилжих үед олон хүн амьдрахын төлөө, хоолны төлөө зүтгэсэн. Энэ үед буюу 1992-1995 оны хооронд 40 гаруй мянган хүүхэд сургуулиас завсардсан байдаг. Үүнийг боловсролын салбарын их завсардалтын үе гэж нэрлэдэг. Эдгээр хүүхдүүд маань өнөөдрийн 30-40 насны ээж, аавууд болсон байна.

-Эцэг, эхчүүдийн хариуцлагын асуудлыг ч гэсэн сүүлийн үед хөндөж ярих болсон байна?

-Үнэхээр энэ цаг үед хүний зан чанар маш их эвдэрсэн, эцэг эхчүүд хариуцлагагүй болсон. Ганцхан жишээ дурдахад орон гэртээ бэртэж гэмтэж, хүчирхийлүүлж, хүчиндүүлж, нас барж байгаа хүүхдийн тоо ковидоос өмнө 25 мянга байсан бол үүний дараа 35 мянга болж өссөн. Үүнийг хүмүүс “Ээлгүй төр” гээд байдаг ч гэсэн эсрэгээрээ “Ээлгүй эцэг, эхчүүд” бий болчихоод байна.

Үнэндээ яг л хөхөө шувуу шиг нь олон болсон. Хүүхэд гаргаад багшид даатгачихдаг. Нэг хүн хэзээ тэр олон хүүхдэд зэрэг хүрч, эцэг эх шиг хайр халамж, анхаарлыг өгч чадахгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгийн орчимд хүүхэд бэртэж гэмтэх нь багассан учраас “Гэрийн стандарт”-ыг яаманд ажиллаж байхдаа батлуулж байсан. Харамсалтай нь эцэг, эхчүүд маань тэр бүр тоодоггүй. Гэтэл сошиал орчинд бүгд л цэцэн мэргэн болчихдог. Энэ талаас нь эцэг эхчүүдийг соён гэгээрүүлэх хэрэгтэй. Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, ХНХЯ соён гэгээрлийн ажлаа хийж, боловсролын хуульд нь зан чанарын боловсролыг заавал оруулж өгөх хэрэгтэй байгаа юм. “Мөр бүтэн гэдэс цатгалан” гэдэг үгээр хэрхэвч халхавч хийж болохгүй. Хүүхэд хоол идэхээс гадна тэдэнд хайр, энхрийлэл хэрэгтэй. Тиймээс л боловсролын хуулийн зорилгод сайн зан чанартай иргэн бэлдэнэ гэдэг зүйлийг оруулаад өгөөч гэдгийг яриад байгаа юм. Харамсалтай нь гишүүд маань тэр бүр сайн ойлгож өгөхгүй л байна. Гэхдээ чадахынхаа хэрээр хичээж л байна. Үндэсний өв соёл, уламжлалт зан заншлаа мэддэг, өөрийгөө хөгжүүлдэг хүн бий болгож, гар утаснаас салгахад бага ч гэсэн нэмэр тус болог гэсэндээ Завхан аймгийнхаа 30 сургууль, 14 цэцэрлэгийг үндэсний хөгжим, сонгодог хөгжимтэй болгосон.  

-Хөдөлмөрийн тухай хуульд та санаачилж, хүүхэд хамгааллын бодлого оруулж өгсөн байх аа?

-Хөдөлмөрийн тухай хуульд би гурван заалт оруулсан. Тэрний нэг нь байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлоготой байх гэсэн заалт. Байгууллагын удирдлагууд хүүхэд бүр аав, ээжтэйгээ хамт байх цагтай байх ёстой гэдгийг ойлгож, ажилчдаа цагт нь тараадаг соёлыг нэвтрүүлэх хэрэгтэй.

Гэтэл манайд цаг наргүй ажиллуулдаг, амралтын өдрөөр дууддаг, цалин хөлсгүй ажиллуулдаг учраас амьдралын төлөө гэж явсаар гэр бүлээ хойш нь тавьдаг. Энэ нь ч гэсэн гэр бүл салалтын нэгэн томоохон шалтгаан болж байгаа.

Энэ заалт бол Австралийн Засгийн газрын туршлагыг хэрэгжүүлсэн явдал юм. Гэвч тэр улс үүнийг хуульчилж өгөөгүй. Яагаад гэхээр тэд хуульчлах ёсгүй, ухамсраараа зохицуулаад явдаг. Харамсалтай нь манайд ийм ёс суртахуун алга байгаа учраас хуульд оруулж өгөхөөс өөр арга байгаагүй.

Ажил олгогч ажилтныхаа ажил, амралтын цагийг уян хатан зохицуулж өгснөөр олон давуу тал бий болно. Хангалттай амарсан, хайртай гэр бүлтэйгээ цагийг жаргалтай өнгөрөөсөн хүний ажлын бүтээмж өндөр байна. Ингэснээр тухайн компанийн ашиг орлого өснө.

Тэгэхээр ажил олгогчид эргээд ашигтай тусаж байгаа биз дээ. Австрали улсын хувьд ажилтнууддаа жилд хоёр удаа гэртээ сайн аав, ээж байх тухай сургалт ордог. Тухайн хүн гэртээ хүчирхийлэл үйлддэггүй, сайн аав, ээж байснаар дээр дурдсан гэртээ гэмтэж бэртээд, нас бараад байгаа 35 мянган хүүхдийн тоо цөөрнө. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, намынхаа бүлэгт илтгэл тавьж, салбар бүрийн удирдлагуудтай уулзалт хийсэн. Салбарын удирдлагууд ч нааштай хүлээж авсан. Ер нь Монгол Улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсон байдаг юм. Ингэснээр аливаа шийдвэр гаргагч нар бүх эрх ашгаас дээр хүүхдийн эрх ашгийг тавьж, хүүхдийн язгуур эрхийг хөндөж байгаа эсэхийг үндэслэж шийдвэрээ гаргахаар болсон юм шүү дээ.

-Сургууль, цэцэрлэг, дотуур байрны биз засах газрыг шинэчлэх, сумдын эмнэлгийг мэргэжлийн эмч нартай болгох асуудлыг та нэлээн хөндөж ярьдаг. Эдгээр асуудал хэр нааштай байгаа вэ?

-Сургууль, цэцэрлэг, дотуур байрны бие засах газрыг шинэчлэхэд Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд 100 тэрбум төгрөг гаргаад 819 сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламж болгохоор болсон. Одоогийн байдлаар 12 аймгийн 53 сумын 161 объект ашиглалтад орсон байна. Уг нь бид чинь сургууль, цэцэрлэгийн нэг өрөөг л ариун цэврийн өрөө болгох гээд байгаа шүү дээ. Гэтэл сум, аймгийн удирдлагууд нь тэр ганц өрөөг гаргаж өгдөггүй, өгсөн нэг нь засвар ихтэй гээд асуудал их бий. Удаашралтай байгаа ч гэсэн чанартай ажил болоосой гээд шахаж, шаардаад явж байна.

Хүний шүд өвдөхөд орон нутагт сум дундын эмнэлэгтээ очихын тулд 200 километр газар туулж байна. Уг нь зүй нь хотын бөөгнөрлийг багасгаж, хөдөөгөө хөгжүүлэх гэж байгаа юм бол сумаа л хөгжүүлэх ёстой.

Хөгжил гээд ярихаар барилга байшин биш шүү. Зүгээр л хүүхдүүд нь айж ичихгүйгээр бие засчихдаг байх хэрэгтэй. Хүүхдүүд орой бие засахгүйн тулд шингэн юм уухаа багасгадаг гэсэн судалгаа бий. Дээрээс нь хүүхдээ сумын төвдөө төрүүлчихдэг, малчин өвгөн дусал хийлгээд гадагшаа гарч салхи авхуулчихдаггүй байх нь хөгжил юм шүү дээ. Мөн шүдний, хүүхдийн эмчтэй, төрөх ганцхан ортой, сумын иргэд нь биеэ угаачихдаг халуун устай болгоод тавьчихвал хүмүүс суманд ирж ажиллана. Харамсалтай нь бид ийм нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгч чадахгүй байна.

Завхан аймгийн хувьд л гэхэд 78 мянган хүнтэй, дундаа ганцхан ходоодны дурантай байгаа. Ийм байхад хөдөө орон нутгаас хот руу нүүхийг буруутгах ямар ч арга байхгүй. Өнөөдөр суманд мал хариуцсан таван мэргэжилтэн байдаг хэрнээ хүн хариуцсан нэг ч хүн алга. Мөн алслагдсан орон нутгийн төрийн албан хаагчдад дэмжлэг олгодог байх хэрэгтэй. Ингэж байж л хөдөө, хотын ялгаа багасаж, хөдөөд хөгжил бий болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Top