“Сэрвээний шинэ дүрэм” хэрэгжиж, уяачид “шилэрч", цөөхөн морь уралдлаа

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын Хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худгийн ногоон дэнжийг хөглөж, үзэгчдийн сэтгэлийг сөглөж наадамчид хуртай, нартай сайхан наадлаа. Энэ жил Хүй долоон худгийн дэнжид уяачдын гал цөөн гарсан байв. Монгол Улсын хэмжээнд 21 аймгийн нийт 330 сумаас 41 нь 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаатай холбоотой хөдөө орон нутгаас уяачид бараг л ирсэнгүй. Нэр алдартай зарим  уяачид ч нутаг усаа зорьсон сурагтай байна. Түүнээс гадна зарим уяачийн зүгээс “Улсын наадмын хурдан морины уралдаан улс төр, бизнесийн бүлэглэлийнхний цэнгэл болж, элдэв аргаар  эрлийз адуу уралдуулах болсонд сэтгэл дундуур байгаа тул уяачдын галд гараагүй. Бүсийн наадам, нутгийнхаа ойд морьдоо уралдуулах бодолтой байна” хэмээн ярьж байлаа. Тиймээс Хүй долоон худаг сэлүүхэн, хүний хөл сийрэг, уралдах морьдын тоо ч цөөхөн цомхон уралдаан болсон гэж болно. Дээр нь шинэчилсэн хууль, хурдан морины уралдааны дүрмээр хурдан морьдын  сэрвээний өндрийн  дээд хязгаарыг даага 127, шүдлэн 132, хязаалан 137, соёолон, азарга 140, их нас 141 см байхаар тус тус тогтоосонтой холбоотой  морьд олноор хасагдаж байлаа. Ингэснээр төрийн наадамд анх удаа маш цөөн хурдан хүлэг алтан тоосоо өргөлөө. Тухайлбал, хурдан азарганы уралдаан гэхэд сумын наадмын дайтай болж, 50 орчим морь уралдсан юм.

Увс, Хөвсгөл, Говь-Алтайн хурдан хүлгүүд өнгөллөө 

Хурдан морины уралдааны түүхэнд сүүлийн хэдэн жил зүүн зүгийн хурдан хүлгүүд өнгөлөх болсон. Дорнодын матад адуу, Хэнтийн гал шар, Сүхбаатарын ширээтийн цагаан, Асгат адуу, Халзан адуу, нэрт уяач Ц.Онгуугийн Буган халиуны удам, Эрдэнэцагааны Егүзэр адууны угшил, Сүхбаатарын гаралтай хурдан хүлгүүд уясан эзэн, уралдаанч хүүхдийнхээ магнайг тэнийлгэж наадамчин олныг баясгаж байв. Энэ жил Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт оршдог монголчуудын  эртнээс тахиж шүтэж ирсэн сүлдэн уулсын нэг болох  Төрийн их  тахилгат Алтан-Овооны  тахилга наймдугаар сарын 5-6-нд болно. Мөн зүүн гурван аймгийн зарим сумд 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа учир Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн уяачдын олонх нь улсын наадамд ирэлгүй дээрх наадмуудад бэлтгэж байгаа  бололтой. Энэ жилийн улсын наадмын хурдан морины уралдаанд Увс, Хөвсгөл, Говь-Алтайн хурдан хүлгүүд өнгөлж, уясан уяач, уралдаанч хүүхдүүдийн магнайг тэнийлгэж, наадамчин олноо баясгалаа.

Хязаалан: Говь-Алтайн Жаргалант сумын уяач Д.Жаргалсайханы халтар үрээ түрүүллээ

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан энэ сарын 10-нд хязаалан насны уралдаанаар эхэлж, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уяач Д.Жаргалсайханы халтар үрээ түрүүлж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул “Шунхлай” группын захирал Пүрэвийн Батсайханы тогоруу халзан үрээ аман хүзүүдлээ. Айргийн гуравт Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач Хишиг-Очирын Бөхбатын хүрэн, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Жигмэдийн Дэмбэрэлсайханы бор үрээ, айргийн тавд Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Ганболдын Ариунболдын бор хязаалан тус тус хурдлав.

Шүдлэн: Морь бариач будлиулсан ч Б.Пунцагбалжирын хар үрээ торгон жолоо өргүүлэв

Хурдан шүдлэнгийн уралдаанд  нийслэлийн  СХД-ийн  Партизаны хорооны уяач Б.Пунцагбалжирын хар үрээ түрүүлж,  Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы шарга үрээ аман хүзүүдсэн. Эхлээд морь бариач З.Мэндсайханы шаргыг түрүүлсэн гэж үзэж барьсан. Улмаар  маргаан дэгдэж,  түрүү, аман хүзүүнд ирсэн морьдын асуудлыг Морины салбар хороо, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороогоор хэлэлцсэнээр хар үрээг түрүүлсэн гэсэн  дээрх шийдвэрийг гаргасан юм. Айргийн гуравт Архангайн  Өндөр-Улаан сумын уугуул  Ч.Энхбатын сартай хүрэн, айргийн дөрөвт Говь-Алтайн  Халиун сумын харьяат Г.Жавхлантөгсийн хээр, айргийн тавд Төв аймгийн  Заамар сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Ч.Уламбаярын буган халтар тус тус хурдалсан юм.

Азарга: Увсын Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн гоё хээр хурдаллаа

Хурдан азарганы уралдаанд 124  хурдан хүлэг  бүртгүүлснээс  67 нь шүдэлгээ, сэрвээ хэмжилтээр хасагдаж, 57 нь уралдсан юм. Үүнээс  Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Б.Норовсамбуугийн гоё хээр түрүүлж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул,  Нийслэлийн алдарт уяач Д.Даяндэмидийн  хонгор азарга аман хүзүүдлээ. Айргийн гуравт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул,  Монгол Улсын тод манлай уяач Т.Ууганбаярын уулс хүрэн, айргийн дөрөвт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Х.Аминхишигийн хүрэн халзан, айргийн тавд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уяач Ц.Буянбаатарын хүрэн халзан орсон юм.

 Их нас: Хөвсгөлийн Галт сумын уугуул Г.Даваадалайн хавчиг саарал түрүүлэв

Их насны  уралдаанд 220 гаруй хурдан морь бүртгүүлснээс 150 нь  уралдлаа.  Үлдсэн 70 азарга нь  сэрвээний өндрөөр хасагдсан юм. Үүнээс  Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Ганбатын Даваадалай хавчиг саарал морь түрүүлснээр хөвсгөлчүүд  хоёр жил дараалан Үндэсний их баяр наадмын их насны уралдаанд хурдан хүлгийнхээ торгон жолоог өргүүллээ  хэмээн баяр хөөр дүүрэн наадсан юм. Энэ удаагийн наадамд  “Дүүгүүр хээр” гэж алдаршсан  хурдан хээрийг сэрвээний өндрөөр хассанд уяачид ч, наадамчин олон ч тун харамсалтай үлдлээ. Гэхдээ уяач С.Энхтөр “Ардын хүүхэд уралдаж болдоггүй юм байна, шүүхдэнэ”  гэдгээ  мэдэгдсэн. Дүүгүүр хээр өнгөрсөн жил  Үндэсний их баяр наадам болон  "Их хурд", түүнчлэн Ховд аймгийн наадамд тус тус  түрүүлсэн хурдан хүлэг  юм. Их насны уралдааны аман хүзүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Доржийн Баттөгсийн бор халзан хурдалж, айргийн гуравт  Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Гомбожавын Баярцогтын хээр морь, айргийн дөрөвт, Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат Төмөрийн Мөнхбаярын хулгар хээр морь, айргийн тавд, Архангай аймгийн Хотонт сумын харьяат Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул морь тус тус хурдаллаа.

Соёолон: Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр хурдан гэдгээ баталлаа

Хурдан соёлонгийн уралдаанд  205 морь  бүртгүүлсэн ч 93 нь сэрвээний өндрөөр хасагдаж ,112 нь  уралдлаа. Үүнээс Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Ганболдын Ариунболдын хээр соёолон түрүүлж, аман хүзүүнд Орхон аймаг Баян-Өндөр сумын уугуул Аймгийн алдарт уяач Чулуунбатын Батжаргалын Зээрэн зээрд торгон жолоо өргүүлэв. Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын халтар, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул “МБЧ” ХХК-ийн уяач Санжаагийн Бямбасүрэнгийн хүрэн, айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Одонбаатарын Болдсүхийн ухаа соёлон хурдаллаа.

Даага: Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар даага түрүүллээ

Наадамчдыг хамгийн их  огшоож, самсаа  шархируулдаг уралдаан бол дааганы уралдаан байдаг. Энэ жилийн хурдан дааганы уралдаанд 243 морь бүртгэгдсэнээс 208  хэмжигдэж, сэрвээгээр 91, бусад дөрвөн морь нийт 95 морь хасагдсан. Ингээд 113 даага уралдсанаас  түрүү магнайд Түрүү магнайд Өвөрхангайн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар даага түрүүллээ. Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын сумын харьяат Дагвасүрэнгийн хул даага хурдаллаа. Айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М.Ононгийн бор даага, айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат Г.Мөнх-Эрдэнийн шарга даага, айргийн тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ч.Батжаргалын цавьдар даага орлоо.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.112.88) 2023 оны 07 сарын 13

СҮХБААТАРЫН ОДОН ДЭЭРХИ ДҮР БОЛ ИХ ЖАНЖИН ДАМДИНЫ СҮХБААТАРЫН Л ДҮР ӨӨР ХЭНИЙХ Ч БИШИЙН АДИЛ МОНГОЛ ТӨРИЙН СҮЛДЭНД ДҮРСЛЭГДСЭН МОРЬ БОЛ АРАБ АЛЬ НЭГ ЭРЛИЙЗ АДУУНЫХ БИШ ГАГЦХҮҮ МОНГОЛ МОРИНЫ ДҮР ЮМ ШҮҮ

0  |  0
ао(64.119.16.20) 2023 оны 07 сарын 13

эрлийз морьдын уралдаан болжээ. Морь үзэх сонирхол байвч эрлийз морьд хараад дургүй хүрдэг болсон

1  |  0
иргэн(103.212.117.148) 2023 оны 07 сарын 12

монгол морьд биерхүү том болоосой , өндрийг нь махалж идээд , жижгүүдийг нь тэжээж уралдуулаад байвал тун удахгуй монгол морь илжигнээс ялгарахгүй боллоо

0  |  0
Top