Ёроолгүй ангалын мангасууд: Дулаарал эртний вирусийг ичээнээс гаргаж байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 22

Саяхны судалгаа өнгөрснөөс ирэгсэд ээлжит цар тахал дэгдэх шалтгаан болохыг харуулжээ. Дэлхийн дулаарал олон мянга, сая жилээр унтаж байсан вирус, бактерийг сэрээж байна. Бидний дархлаа тэднийг танихгүй ба тэмцэх арга хараахан гараагүй л байна. Эртний вирус, бактери хэр аюултай вэ?

Биднийг тусгаарласан мөс хайлж байна

Өнөө цагт болж буй дэлхийн дулаарал анхных биш. Тэгвэл өмнөх дулаарлууд аймшигт өвчнийг яагаад дэгдээгээгүй вэ? Үнэн хэрэгтээ 1920-1940-өөд оны үед манай гараг дээр бичил дулаарал алхаж байжээ. Санниковын газар зэрэг нууцлаг арлууд үүний золиос болж байв. ХХ зууны эхээр туйл судлаачдын нүдээр үзэж, гэрэл зурагт буулгасан асар том арлууд 1930-аад онд алга болсон байж. Үнэндээ эдгээр газар нь гүехэн газар гацсан мөсний үлдэгдлүүд байсан аж. Тэд зүгээр л хайлж орхиж.

Өнөөгийн дулаарал тэр үеийнхээс илүү гэж ярих нь бий. Сүүлийн 500 жилд тохиогоогүй хэт халалт хэмээн шуугина. Тэгвэл өнөөгийн дулаарал үнэхээр тийм хүчтэй юу?

Мөсний зузааныг хэмждэг цорын ганц ICESat-2 хиймэл дагуул байдаг. Нарийвчлал нь ч өндөр. Дөнгөж хоёр мм. Хиймэл дагуулын мэдээллээс үзвэл Гринланд хамгийн хурдацтай хайлж байгаа. Эрэг орчмоор нь мөсний зузаан 4-6 метрээр нимгэрчээ. 2003 оноос хойш тус арал 80 сая олимпын усан санг дүүргэх хэмжээний усыг далай руу цутгажээ. Харин Өмнөд туйл арай удаан хайлж байгаа аж. Тус тивийн гүнд мөс тэр бүү хэл зузаарч байгаа гэнэ. Ингэхдээ хиймэл дагуул мөсөн доорх голыг илрүүлээгүй. Өмнөд туйл дотроо хоосон, хөндий юм биш байгаа.

Оросын хойд хэсэг Канадаас илүү халж буйг судалгаагаар тогтоосон. Үүнд усны урсгал, салхи буруутай. Дулаан намар үүнд нэрмээс болно.

Ямал дахь аймшигт явдал

Ямал хойг. 2016 он. Тундрын гүнээс гарсан гэлтэй боом өвчин гэнэт дэгдэв. Тэнд энэ өвчнийг ялаад 75 жил болжээ. Юуны түрүүнд бугууд өртөж, улмаар хүнд халдварласан. Нас баралт ч бүртгэгдсэн.  

Цар тахал дэгдсэн 2020 онд шинжлэх ухааны нэр хүндтэй сэтгүүлд “Өнгөрснөөс ирсэн аюул ирээдүйд заналхийлж байна” гэсэн гарчиг бүхий нийтлэл хэвлэгдэн гарчээ. Ямал хойгт гарсан энэ явдал судлаачдыг энэ сэдвийг нухацтай барьж авахад хүргэсэн байна. Эрдэмтдийн дүгнэлт цочирдом. Цаашид илүү хүнд байх болно.

Дэлхийн агаарын температур нэмэгдэж, эртний мөс хайлснаар олон мянга, сая жилээр хавханд байсан амьдрах чадвартай вирус, нян, мөөгөнцөр болон бусад бичил биетийг ичээнээс нь гаргаж байна.

“Өнгөрснөөс ирсэн аюул ирээдүйд заналхийлж байна” нийтлэлийн зохиолчид Амр Эль-Сайеди, Мохамед Камель нар судалгааныхаа хүрээнд дахин амилсан нянгуудын талаарх бүхий л мэдээллийг цуглуулжээ. Тухайлбал, Оросын Сибирьд арслан зааны сэг зэмд хоёр төрлийн аюултай нян, Оросын хойд хэсэгт байгальд 300 мянган жилийн настай хөлдсөн вирус, Төвөдөд найман сая жилийн настай аюултай нян, Египетийн V Рамсесийн занданшуулсан шарилд вирус, Гринландад үхлийн аюул тарих чадвараа хадгалж үлдсэн хамгийн эртний вирус илэрсэн тухай мэдээлэл багтжээ.

Эртний вирус, нян яагаад тийм аюултай вэ? Нэгт, бид халдлага ирнэ гэж хүлээгээгүй. Хоёрт, олон мянга, сая жилээр мөсөн дотор амь тэмцсэн бичил биетүүд маш тэсвэртэй болжээ. Тэд бол супер дайчид л гэсэн үг. Эцэст нь бидний дархлаа тэдэнтэй тэмцэх чадваргүй болсон. Олон сая жилийн дараа бид дахин суралцах болж.

Зарим вирус өөрсдөө амилдаг. Заримыг нь лабораторийн нөхцөлд амилуулах боломжтой. Эртний нян, вирустэй “тоглох” эрдэмтэд олдож л таарна. Эрдэмтэд хэрэгт дуртай. Амилуулсан бичил биетүүдийн гуравны нэг нь үржих чадвартай. Сибирийн цэвдэгт гэхэд л 100 гаруй омгийн нян илэрчээ.

Нөхцөл байдал ноцтой

2000 онд нэгэн нийтлэл шуугиан тарьсан. Эртний вирус хүчтэй, илүү халдвартай л байгаа биз. Гэхдээ тэд цөөхүүлээ. Орчин цагийн микро биетүүд тэднийг дуртайяа идчихнэ. Чанарыг тоогоор ялна гэцгээн, тайвширцгаасан. Гэтэл саяхан “Цаг хугацаагаар аялдаг өвчин үүсгэгчид ба тэдний аюул” гэсэн судалгаа гарсан. Энд анх удаа математикийн тооцооллыг гаргажээ. Ковидын цар тахал математикийн загварын тооцоолсноор өрнөснөөс үзвэл тооны хэл үнэнийг хэлдгийг гэрчилнэ. Судалгаанд тооцоолсноор, өнгөрснөөс ирэгсдийн ихэнхийг үнэхээр л орчин цагийн төрөл нэгтнүүд нь ялах ч нэг хувь нь амьд гарна, мөнхийн цэвдэг жилд 4 секстиллион буюу 36 тэг залгасантай тэнцэх тооны вирус, нянг нийлүүлдэг, эртний олдворууд дэлхий дээрх бүх организмын гуравны нэгт халдварлана.

Мөнхийн цэвдэг хүн бага суурьшсан газарт нуугдаж байгаа нь биднийг одоохондоо аварч байна. Нэгэнт шинэ эзэн олоогүй вирус шалбаагт жаахан тийчилж байгаад, үхнэ. Гэхдээ хэтэрхий аз туршсан бодол. Ойролцоо нь үнэг гүйнэ, шувуу ус ухаар сууна. Геологичид цай чанана. Өмнөд туйлаас судлаачид, Төвөдөөс уулчид вирус тээж ирэхгүй гэсэн баталгаа байхгүй. Ер нь бол айдас бий.

Шинжлэх ухаанч хандлага

Шинжлэх ухаан дэлхий дээрх вирус, нянгийн 10 хувийг л таньсан. Халдвар судлаачдын хэлснээр, эртний вирус, бактери гарч ирэх гурван болзошгүй эх үүсвэр бий. Нэгт, дэлхийн дулаарал хурдацтай явж байна. Түлш шатааснаас үүсэх эрчим хүч бидэнд эргээд хар салхи, аадар бороо, цүнами болон ирж байна. Үүний үр дүнд уул, мөсний гадаргуу эвдрэлд ордог. Эртний бичил биетүүд хаанаас гарах тухай таамгийг эрт дээр үеэс гаргаж байсан. Тэр бүү хэл үүнийг судалдаг шинжлэх ухааны бие даасан салбар бий. Палеомикробиологи. Палеомикробиологичдод хийх зүйл мундахгүй. Хойд туйлд мөнхийн цэвдэг, Өмнөд туйлд мөс хайлж байгаа. Хоёрт, солир. Ялангуяа мөсөн солирууд. Тунгусын солир тийм байсан гэх таамаг ч бий. Сансрын зочид дэлхийд үл мэдэгдэх биетүүдийн үр хөврөлийг авчирна гэсэн болгоомжлол байдаг. Гуравт, хүний үйл ажиллагаа. Өмнөд туйлын мөсөн доорх Восток нуурын 3.7 км гүнээс  усны дээж авч байсан. Энэ ус манай ертөнцтэй 15 сая жил холбоо тогтоогоогүй.

Одоогоор солироос бусад бүх эх үүсвэрт микроб, вирус, нян илэрсэн ч бүгд амьдрах чадваргүй болж таарсан. Азаар салхин цэцэг өвчний эртний вирус ч амьгүй байжээ. Эс бөгөөс жинхэнэ гамшиг байх байв. Онолын хувьд шинжлэх ухаан болон хорон зорилгоор эл вирусийн ДНХ, РНХ-ийн дээж авч, орчим цагийн төрөл нэгтнүүдэд нь суулгаж, амьдруулах боломжтой. Яг ийм аргаар арслан зааныг сэргээхээр туршиж байгаа. Гэвч одоогоор бүтэхгүй л байна.

Цорын ганц ноцтой хэрэг явдал бол дээр дурдсан 2016 оны Оросын тундрт боом өвчин дэгдээсэн вирус байв. Тэд олон зуун жил, хөлдөөсөн байдалд үүнээс ч удаан унтах чадвартай. Тэдний олз нь буга байсан. Азаар орчин үеийн анагаах ухааны бүхий ч арга, чаргаар өвчнийг дарж чадсан билээ.

Хүн төрөлхтнийг цочроож байсан ковид, денге зэрэг цар тахал, тахал “энгийн” үүсэл гаралтай байдаг. Гэтэл бид манай гараг дээр амьдарч буй вирус, нянгийн дөнгөж 10 хувийг л таниад байна. Бусад нь Марианы хонхор, ширэнгэ, мөсөнд чимээгүйхэн оршсоор. Бидний мэдэх вирус, нянгийн 10 орчим хувь нь өвчин үүсгэх чадвартай. Эрт, орой хэзээ нэгэн цагт хүн тэдэнтэй таардаг. Өөрийгөө байгалийн хаан мэтээр аашилбал хариуг нь хангалттай хүртдэг. Үүний тод жишээ бол дэлхий дээр 30-50 жилийн өмнө үүссэн нянгаас үүдэлтэй легионеллез буюу легионеруудын өвчин эсвэл ХДХВ/ДОХ.

Вирус бол шоргоолж шиг сүрэглэн амьдардаг организм. Бүлэг вирус таатай орчинд ороход бусад нь мэддэг. Вируст мутац маш хурдан явагдана. Өдөрт хэд хэдэн удаа мутацад ордог. SARS-COV-2 вирус хүнээс хүнд дамжиж сурангуутаа хоёрхон жилийн дотор бүх дэлхийг эзэлсэн. Тиймээс эрдэмтэд шинэ вирус, нянгийн эх үүсвэрт асар их ач холбогдол өгдөг. Өмнөд туйлаас авсан усны дээжийг аюулгүй байдлын үүднээс бүрэн тусгаарласан. Харь гараг, сарнаас ирсэн бүхнийг мөн л болгоомжлох үүднээс “карантинд” оруулдаг. Гэхдээ мэдээж хэрэг бүх зүйл бидний хяналтад байхгүй.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hm(66.181.161.6) 2023 оны 09 сарын 22

Yaaya, aimar yum.

0  |  1
Top