Хүүхэд юм чинь тоглохыг л хүснэ

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 12 сарын 20

“Хичээл цахим болсон” гээд хүүхдүүд гэрийн хорионд орох ёсгүй. Хүйтэн гээд гэртээ бүгчихвэл жаахан салхинд л хатгаа тусахаар дархлаа сул болно. Дээр нь хүүхэд л юм чинь тоглож наадахыг хүснэ.

Дугуйлан, секцэд очихыг хүснэ. Ядаж орон сууцны хороолол, гэр хороололд ойрхон спорт заалнууд  нээлттэй байгаасай. Ковидын үе биш шүү дээ. Энэ бол хөдөлгөөн хязгаарлаж, хөл хорих шийдвэр огт биш. Харин ээж  аавууд хүүхэддээ тавьдаг халамж анхаарлаа сулруулж болохгүй.

Хүүхдүүд тоглох газар хайж яваад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орж хиймэл нууранд тоглож байгаад амиа алдсан гашуун түүх мартагдаагүй. Корона гээд гэр хороолол бусад газрын сагсны шитүүдийг хураачихсан хатуу үеийг бид туулсан. Спортын заалнууд түрээс төлдөг. Гэтэл боломжгүй айлын хүүхдүүд яах билээ гэж асууж байсан хүн цөөнгүй бий. Асуудал дэвшүүлж бичсэн сэтгүүлч бас олон бий.

Уг нь бидний жишээ авах дуртай Амeрикт ядуусын хороололд ч хүүхдүүдийн сагс тоглох талбай бэлэн, хувцас хэрэглэл, ширэн бөмбөгийг нь үнэгүй тараадаг. Сeкц дугуйланд үнэгүй хамруулж, амьдралын боломж, авьяас чадварыг нь харж байгаад дэмжиж тусладаг. Захын бор хүү шилдэг сагсчин болж өсдөг. Манайд эсрэгээрээ. Ядаж хүүхдүүдээ тоглох газар, чөлөөт цагаа өнгөрөөх зориулалтын талбайтай болгохсон. Спорт заалнуудыг хүүхдүүдэд түрээсгүй өгдөг болохсон. Хүүхдийн байгаа орчинд харуул хамгаалалт, хяналтыг сайжруулж аюулгүй болгохсон. Ингэж өөрчлөхгүй бол  мянга хашгираад нэмэргүй л дээ. Гэхдээ одоо өнөөдөр, маргаашийн амьдралд тулаад ирсэн тохиолдолд хэдийгээр хүйтний эрч чангарсан, хотын зам түгжрэл ихтэй гэж байгаа ч хүүхдүүдээ тоглуулах боломжийг бүү алдаарай.

Энэ удаа хотын зам түгжрэлтэй, ийшээ тийшээ зорчиход хүндрэлтэй гэж байгаа бол байрныхаа гадаа гараад хүүхдүүдтэйгээ хамт хэдхэн минут цасан хүн хийж болно. Агаарт хэсэгхэн алхаж болно. Чөлөөт урланд очиж хамт суугаад зураг зурж дурсамж бүтээж болно. Ойрхон тоглоомын газарт очиж болно гээд байгаа боломжоо эрэлхийлэхэд хариу нь гарна гэж найдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top