Британийн тэрбумтан “Manchester United” клубийг удирдана

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 25

Их Британийн тэрбумтан, Манчестер хотын уугуул Жим Рэтклифф хөлбөмбөгийн “Manchester United” клубийн хувьцааны 25 хувийг худалдан авчээ.

Түүний “Ineos Group” компанийн “Ineos Sport” охин компани сүүлийн жилүүдэд хямралд орсон дэлхийн хамгийн баян, алдар нэртэй клубүүдийн нэгийн спортын үйл ажиллагааг хариуцахаар болжээ. Жим Рэтклифф “Manchester United” клубийн хувьцааны 25 хувийг 1.3 тэрбум ам.доллароор худалдан авч, тус клубийн “Old Trafford” цэнгэлдэх хүрээлэнд нэмж 300 сая ам.доллар оруулна.

Тус клубийн хувьцааг эзэмшиж байсан Глейзерийн гэр бүл нэг жилийн өмнө шинэ худалдан авагчийн эрэлд гарчээ. Клубийн хувьцааг худалдан авах сонирхлоо Катарын банкир, шейх Ясим бин Хаммад аль-Тани илэрхийлж, хөлбөмбөгийн алдарт клубийг бүхэлд нь таван тэрбум ам.доллароор худалдан авахыг санал болгосон байна. Гэсэн хэдий ч талууд тохиролцоонд хүрч чадаагүй аж. Глейзерийн гэр бүл 2005 онд “Manchester United” клубийг 790 сая фунт буюу тухайн үеийн ханшаар 1.4 тэрбум ам.доллароор худалдан авч байжээ.

Рэтклиффийн “Ineos” компани газрын тосны бүтээгдэхүүний салбарт үйл ажиллагаагаа эхлүүлж, улмаар олон салбарт өргөжүүлжээ. Тус компанийн “Ineos Sport” охин компани Францын “Nice”, Швейцарын “Lausanne” хөлбөмбөгийн клубүүдийг мөн эзэмшдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top