Эмэгтэйчүүдээ хамгаалж чадаагүй улс мөхдөг

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 01 сарын 19

Энэ үгийг хэн хэлснийг мэдэхгүй. Гэхдээ хэн нэгэн ухаантан хэлсэн болоод энэ хүртэл “амьдарч”, бидний дунд хэлэлцүүлэг болж ирсэн биз. Мөрөнгийн эх нь булаг бол хүн төрөлхтөний эх нь эмэгтэй хүн учир ингэж хэлэхээс ч аргагүй.

Гэтэл бид яаж байгаа билээ. Дөнгөж өчигдөрхөн нэг нөхөр нохой хөтөлсөн жаахан охиныг өшиглөөд авсан. Өнөөдөр зарим нь “өшиглөсөн нь зөв” гээд шуугиж байна. Түүний өмнө яалаа, 13-хан настай охиныг Дорноговьд хүчирхийлж амь насыг нь егүүтгэсэн. Хязгаар нутгийн аймаг, сумдад охидыг хулгайлдаг эзэнгүй гэмт хэрэг удаа дараа гарлаа. Мөрдөгч биш болохоор юу болсныг нь мэдэхгүй. Гэхдээ таамаглаж буйгаар бол энэ төрлийн гэмт хэрэг тийм хол “хөл гар”-тай, хилээс цааш сүлжээтэй болчихож.

Бас нэг аймшиг бол гэр бүлийн хүчирхийлэл. Үрээ тэвэрсэн бүсгүй өндрөөс үсэрч амиа алдсан, эсвэл хартай ууртай нөхөртөө шидүүлчихсэн гэх хэргүүд мөн л олон гарчээ. Эвий хөөрхий, амьдралд хэчнээн хоргодоо бол гэж зарим нь халаглах. Бид юу болсныг мэдэхгүй. Бусдын амьдралыг шүүх ёсгүй гэж зарим нь сургааль айлджээ. Ямар ч зүйл тохиолдсон амиа л битгий золиорой. Болохгүй шүү, хүүхнүүд ээ.

Зугт, нуугд, олны дотор ор, хууль шүүхийн байгууллагад ханд, тусламж хүс. Ямар ч тохиолдолд олны дунд л явахыг хичээ, туслах хүн байж л таарна гэж зарим нь бас зөвлөжээ.

Нэг үeэ бодвол гэр бүлийн хүчирхийллийг хуулийнхан анхаардаг болсон. Гэхдээ хүчирхийлэгч гэмгүй царайлдаг нь үнэн. Энэ яав л гэж амь нь хамрын үзүүртээ яваа доожоогүй амьтан байна гэж хүмүүс харавч аймшигтай дарангуйлагч байх нь бий. Дүр эсгэсэн, жүжигчин байдаг юм, хүчирхийлэгч.

Хүнээ таньж нэг гэрт орж үр хүүхэдтэй болтлоо бодолтой л яваарай. Хүүхэдтэй болоод засрах байх гэж нэг хууртаад, хоёр хүүхэдтэй болчихвол зүгээр болох болов уу гэж дахиж гэнэдээд хүчирхийлэгчийн гарын шүүс болж эцэст нь амиа алдаж болохгүй. Хүчирхийлэгчийн гарт орсон бүсгүйн найз нөхөд, ээж аав, ах дүү садан, үр хүүхэд бүгд хүчирхийлэлд өртөж сэтгэл санааны хямралд орж хохирч байдаг гэсэн сэтгэгдлүүд сошиалд хөвөрч байна.

Эрчүүдээ дээдэлсэн улс хүчирхэг, эмэгтэйчүүдээ хамгаалж чадаагүй улс мөхдөг гэж хэн хэлсэн юм бол... Эрчүүдэд л хэлмээр байна, энэ үгийг.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.191.149) 2024 оны 01 сарын 20

Эмэгтэйчүүдээ харийнхнаас хамаагаалж чадаагүй улс мөхдөг

0  |  0
Ахмад настан(202.21.108.14) 2024 оны 01 сарын 20

Иймэрхүү утгагүй, явуургүй зүйл бичихээ боличихоо сэтгүүлчидээ...

1  |  0
зочин(66.181.189.166) 2024 оны 01 сарын 20

эрчүүдээс илүү муухай худач зальтай эмэгтэй чүүд их болоод байгаа юм биш үүл

1  |  2
Top