Уулзахсан даа, та гуравтайгаа...

Б.Төрбат | Zindaa.mn
2024 оны 01 сарын 22

Надад өөрөө ч мэдэлгүй өөрөөсөө түлхсэн нэг найз байдаг юм. Хамар хашаанд минь амьдардаг байлаа. Олон сайхан дурсамжийг хамтдаа бүтээсэн хархан багын анд минь. Холбоо бариагүй, холбоогоо таслаад олон жил болж байна. Одоо ч утасны дугаар нь цээжинд бий. Тэгсэн хэр нь би залгадаггүй, тэр ч залгадаггүй. Гэсэн ч зүрх сэтгэлд тэр найз минь тэр олон гэгээн дурсамжтайгаа оршсоор л байдаг.

Бас нэг найз бий. Уулзаагүй хэдэн жил болж байна. Ялгаатай нь би биш тэр нөхөрлөлөөсөө хөндийрсөн. Тэгсэн хэр нь хааяа залгаж мэнд мэддэг. Уулзах гэхээр нэг л болж өгдөггүй юм. Олон сайхан дурсамж дунд минь үлдсэн. Хааяа тэр найзыгаа хачин их санана. Уулзмаар санагдана. Яваад очмоор болно. Даанч уулзаж болдоггүй, чаддаггүй. Тэр ч гэсэн надтай ижил бодолтой явдаг байх гэж итгэдэг.

Өөр нэг найз байдаг юм. Үргэлж бүгдийг ойлгож, сэтгэл татам инээмсэглэдэг. Надад хамаг хөндүүрээ ярьдаг байлаа. Миний хамаг хөндүүрийг сонсдог байв. Тэгсэн одоо уулзаагүй хэдэн ч жил болж байгаа юм, бүү мэд. Бас л олон сайхан дурсажийг хамтдаа бүтээжээ. Хааяа утсаар ярина, мэнд мэднэ. Уулзахаар өдөр, цаг тохирдог ч уулзаагүй л байдаг. Хэн хэнийхээ сайн, сайхан явааг нүүр номоороо харж, дэмждэг. Магадгүй түүндээ хэн хэнийх нь сэтгэл ханачихдаг байж мэднэ...  Та нарт ч гэсэн ийм найз, ийм нөхөрлөл байдаг л байх. Сэтгэлд уяатай хэр нь уулздаггүй. Сэтгэлийнхээ мухарт түгжчихээд мартаж чаддаггүй дурсамж. Хаана явдаг бол гэж хааяа боддог шүү. Уулзахсандаа, та гуравтайгаа...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top