Хикикоморид зориулсан робот: Ганцаардлын ТАХАЛ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 04

Хөгжингүй орнуудаас Япон нийгмийн капиталын рейтинг болон нэг хүнд ногдох сэтгэл судлаач, сэтгэл засалчдын тоогоор доогуурт ордог. Гэхдээ тус улсад сэтгэцийн өвчний түвшин ч бага. Гэхдээ үүнд баярлах зүйлгүй. Учир нь Японд сэтгэцийн асуудлаар мэргэжлийн хүнд хандвал гадуурхагдаж магадгүй. Үүнтэй зэрэгцэн төрөлт буурч, амиа хорлолт нэмэгдэж байна. Япончуудын ганцаардлын асуудал тэдний эрүүл мэнд болон ажлын бүтээмжид нөлөөлж эхэлжээ. Яагаад Японд хикикомори гэх зожгирох үзэгдэл гарч ирсэн, үүнтэй эрх баригчид болон бизнесүүд хэрхэн тэмцэж буй талаар “Forbes” өгүүлжээ.

Япон маягийн ганцаардал

Тус улсад ганцаардал нь хэдийн түгээмэл үзэгдэл болжээ. Засгийн газрын холбогдох агентлагуудын явуулсан судалгаагаар, япончуудын 40 орчим хувь нь тусгаарлагдсан мэт мэдрэмж тээн амьдардаг ба хүнд үе тохиоход хэнээс тусламж эрэхээ мэддэггүй болохыг тогтоожээ. Хувийн болон мэргэжлийн харилцааг үнэлдэг нийгмийн капиталын рейтингээр Япон нь 167 орноос 132-т, “Их-7” бүлэгт сүүл мушгидаг.

Өөрөө шийдэх боломжгүй асуудлаар найз нөхөд, ойр дотнын хүмүүс болон мэргэжлийн байгууллагуудад хандахыг бусдад ихээхэн төвөг учруулахтай утга нэг үздэг. Энэ үзэл нь Японы нийгмийн ганцаардах, тусгаарлагдах асуудлыг улам бүр гүнзгийрүүлж байна.

Үүний сацуу Япон улс бусадтай харилцаанд огт оролгүйгээр амьдралд шаардлагатай бүхий л зүйлээ авч болох тийм тогтолцоог бий болгож чадсан. Амьдрахын тулд бага цалин, интернэтэд орох боломж байхад л хангалттай. Эл хүчин зүйлс япончуудыг өөрийгөө нийгмээс тусгаарлах хандлагыг улам дэвэргэж байна.

Бөглүү уулс ба бетонон оффис дахь ганцаардал

Дорнын соёл Хятадын болон Японы даяанчдын тухай эртний зохиол, түүхээр баян. Уулсын дундах урцанд амьдрах даяанчийг шүлэг, зохиолд магтан дуулахаас гадна зохиолч, яруу найрагчид өөрсдөө уулсын дунд үе үе ганцаар уран бүтээлийн эрэл хайгуул хийдэг байжээ. Бурхны шашинтнууд даяан хийхийг оюун санааны чөлөөлтийн нэг хэлбэр гэж үздэг. Сонирхолтой нь эрх баригчид өөрийгөө тусгаарлах ийм оролдлогыг гэмт хэрэг гэж үздэг байжээ. Нарагийн эрин үед (VII-VIII зуун) бөглүү уулсыг сонгосон, ялангуяа лам нартай тэмцэхийг оролдож байжээ. Гэхдээ үүнд эдийн засгийн шалтгаан голлох үүрэг гүйцэтгэсэн. Лам нар татвар төлөхгүйн сацуу цэргийн албанаас зугтдаг байв.

Харин орчин цагт Японд ганцаардал нь оюун санааны сонголт гэхээсээ илүү нийгэм, эдийн засаг, соёлын харилцан хамааралтай хүчин зүйлсийн нөлөөллийн үр дүн болжээ. Компанийн өвөрмөц соёл, ажлын ачаалал, чөлөөт цагаа найз нөхөд, ажлынхантайгаа баар, ресторанд өнгөрүүлэх шаардлага нь ажил, хувийн амьдрал хоорондын тэнцвэрийг алдагдуулдаг.

Их сургуулиа төгссөний дараа санхүүгийн хямрал, ажлын байрны хомстолтой нүүр тулж байсан “алдагдсан үе”-ийн төлөөлөгчид тогтвортой карьер хийх боломжгүй болж, ихэнх эрчүүд гэр бүл зохиохоос татгалзаж, өөрийгөө тусгаарлахад хүрчээ.

Нөгөө талаар, гэр бүлийг дэмжих, зохистой нийгмийн харилцааны орчныг бүрдүүлэхэд чиглэсэн Засгийн газрын арга хэмжээг нийгэмд тэр бүр нааштай хүлээн авдаггүй байна. 2007 онд “фүрари ман /тэнүүлч хүн/” гэх шинэ нэр томьёо хэрэглээнд оржээ. Ингэж ажлын цаг дууссаны дараа гэртээ очихгүйн тулд ресторан, цэнгээний газруудаар хэсүүчилдэг оффисын ажилтнуудыг нэрлэдэг.

Бодит байдал дээр эрчүүд гэртээ юу ч хийхгүй байхаас санаа нь зовох эсвэл эсрэгээр гэрийн ажил хийхээс зайлсхийхийг оролддог байна.

Үүнтэй зэрэгцэн Японы эмэгтэйчүүд зөвхөн эрчүүдэд найдах биш өөрсдөө эдийн засгийн амьдралд идэвхтэй оролцдог болжээ. Залуу япончууд анхаарлаа гэр бүлдээ бус ажлын байран дээр өөрийгөө хөгжүүлэн, илэрхийлэхэд хандуулдаг болжээ. Японы Үндэсний хүн ам зүйн хүрээлэнгийн судалгаанаас үзвэл, 2040 он гэхэд нэг гишүүнтэй өрх нийт өрхийн 40 хувийг эзлэх аж.

Ковидын нөлөө ба улс төрийн арга хэмжээнүүд

Ковидын цар тахал нийгмийн энэ асуудлыг улам хурцатгажээ. 2020 онд Японы Засгийн газраас явуулсан судалгаагаар, амиа хорлох тохиолдол өссөн болохыг тогтоосон байна. Тухайн онд нийт 7026 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 935 тохиолдлоор өсжээ.

Ганцаардал, нийгмээс тусгаарлагдах үзэгдэлтэй тэмцэхийн тулд Ерөнхий сайд асан Ёшихидэ Сүга 2021 онд ганцаардалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайдын албан тушаал хүртэл бий болгож байв. Энэхүү албан тушаалыг хашиж байсан Тэцүки Сакамото ганцаардалтай тэмцэх шаардлага байгаа эсэх талаар ярихдаа, эрүүл мэндийн асуудлаас гадна залуу үе, өндөр настнуудын дунд нийгмийн харилцаа үгүй болсныг онцолжээ. Түүний хэлснээр, өнгөрсөн үед хүмүүс хоорондоо харилцдаг байсан бол өдгөө ийм харилцаа аажмаар үгүй болж байна.

Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нд тус улсад Ганцаардал, тусгаарлалттай тэмцэх бодлогыг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Хуульд зааснаар, Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг орон нутгийн эрх баригчидтай хамтран нийгмийн эл үзэгдэлтэй тэмцэх арга хэмжээ авах юм.

Сая хикикомори

Японы Засгийн газрын бүхий л санаачилгууд сэтгэцийн эрүүл мэнд болон сэтгэл засалч, сэтгэл зүйчдийн сэдвийг орхигдуулдаг. 2023 онд тус улсын хэмжээнд 1179 хүн сэтгэл зүйчийн мэргэжлийн үнэмлэх гардан авчээ. ДЭМБ-ын мэдээллээр, тус улсад 100 мянган хүнд гурван сэтгэл зүйч ногддог бол АНУ-д 29, Канадад 48, Австралид 103, Германд 49 сэтгэл зүйч ногддог байна.

Япончуудын соёлын онцлог, бусдаас ялгарахгүй байх эрмэлзэл нь ямар ч асуудлыг өөрөө л шийдэх ёстой гэсэн үзлийг төлөвшүүлжээ.

Үүнээс гадна Япон улс сэтгэл зүйч Тамаки Саитогийн томьёолсон “хикикомори” гэх ойлголтыг дэлхий дахинд “бэлэглэсэн”. Хикикомори гэж зургаагаас дээш сар нийгмээс тусгаарлагдах үзэгдлийг нэрлэдэг. Ийм үйлдэл нь хувь хүний дасан зохицох чадвар ноцтой алдагдсаныг илтгэдэг. 2023 оны байдлаар, ийм эмгэгтэй хөдөлмөрлөх чадвартай 1,5 сая хүн байна.

«80/50 асуудал»

Сүүлийн жилүүдэд тус улсад “80/50 асуудал” гэх бас нэг үзэгдэл дэлгэрээд байна. Энэ нь 80 настай эцэг, эхчүүд 50 настай хикикомори хүүхдүүдээ асарч, ядууралд орох явдал. Удаан хугацаанд хикикомори-г залуу хүнээр төсөөлдөг байсан. Тэд хэдэн сарын турш гэрээсээ гарахгүй, хүнтэй ч харьцдаггүй. Эдгээр хүмүүсийн бүхий л амьдрал өрөөнд нь өнгөрдөг ба нийгмийн халамжийн асуудлыг ар гэрийнхэн нь нуруундаа үүрдэг байжээ. Хикикомори хэдий их хугацаанд нийгмээс зайгаа барина төдий чинээ нийгмийн тусгаарлалт нь гүнзгийрч, гэрээсээ гарахаас айна. Хикикомори үзэгдэл XXI зууны эхээр ихээхэн дэлгэрсэн ч ийм хандлагын шинж тэмдэг аж үйлдвэржилтийн дараах эхэн үед ажиглагдаж эхэлжээ. Харин өдгөө 1,5 сая болж эгнээгээ тэлээд байгаа хикикомори-чууд 50 насны босгыг давж, 80/50-ын асуудал 90/60 болоод байна.

Өндөр настай эцэг, эхчүүд насанд хүрсэн хүүхдүүдээ тэжээсээр, хорвоог орхихдоо жоохон ч гэсэн мөнгө тэдэндээ үлдээхээр хичээсээр. Харин Засгийн газар тэжээгчээ алдсан хикикомори-чуудын нийгмийн халамжийн асуудал төрийн албаны нуруунд ачаа болно хэмээн түгшинэ.

Найзын худалдаж авахгүй ба зарахгүй

Ганцаардлын цар тахал Японд шинэ төрлийн үйлчилгээ бий болох, өргөнөөр дэлгэрэхэд хүргэв. Энэхүү үйлчилгээ нь тодорхой хэмжээний мөнгөөр хуурамч, найз, тэр бүү хэл гэр бүлийн гишүүнийг санал болгодог. Энэ үйлчилгээ нь амьдралд янз бүрийн зүйл тохиоход байхгүй хүнийг орлох эсвэл бусадтай харьцахад сургадаг. Хуурамч найз хөлслөхөд 20-30 мянган иений төлбөртэй.

Японы компаниуд нийгмийн эрэлт, чиг хандлагыг соргогоор хүлээн авч, үүнд тохирсон бараа, үйлчилгээг гаргадаг. Тус улсад хүмүүстэй, тэр дундаа зөөгчтэй ямар ч харилцаа үүсгэхгүйгээр үйлчлүүлэх боломжийг олгодог “Ichiran” рамен баар, нэг хүний өрөө бүхий караокэ дэлгэрээд байна. Зарим компаниуд ийн ганцаардалд орсон хүмүүст тусалж байхад зарим компаниуд эсрэгээр ганцаардлын цар тахалтай тэмцэх үүднээс хүмүүсийг нийгэмшүүлэхийг эрмэлзэж байна.

Сэтгэлийн хөдөлгөөнтэй роботууд

Технологийн өндөр хөгжилтэй орны хувьд Япон улс нийгмийн асуудалтайгаа тэмцэхийн тулд робот, VR технологи, хиймэл оюун ухааныг идэвхтэй ашигладаг. Японы зах зээл дээр Aibo робот амьтан, Pepper хүн дүрст робот хэдийн танил болжээ. Өдгөө хиймэл оюун ухаан бүхий робот хамтран зүтгэгчийг бүтээх стартапууд олноор байгуулагдаад байна.

2020 оны Олимпын наадмаас өмнө Токио хотод DAWN | Avatar Robot Café нээгдэж байв. Тус кафед OriHime робот зөөгч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн удирдлагаар хоол зөөдөг. Зохион бүтээгчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх зорилго агуулж байсан бол өдгөө хикикомори-чуудад ажиллах шинэ боломж олгож байна.

Хиймэл оюун ухаан болон СhatGPT дээр суурилсан технологи нь сэтгэцийн эрүүл мэндээ дэмжих, ганцаардалтай тэмцэхэд нь тусалдаг аж. Сэтгэцийн асуудлыг шийдэхэд зориулагдсан орчин үеийн бүхий л технологиуд хиймэл оюун ухаан дээр тулгуурлан ажилладаг. SELF аппликэйшныг боловсруулагчид чатботын шударга хариултууд сэтгэл зүйн болон сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Чатботтой харилцсанаар хэрэглэгчид ямар ч төрлийн хүмүүстэй харилцах дадалтай болдог.

Шинэ технологийн хэрэглээ сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэсэн болгоомжлол бас бий. Учир нь виртуал ертөнц бодит байдлаас зугтах бас нэгэн орон зай болох талтай.

Нийгмийн роботууд хэт хараат байдлыг бий болгож, амьд хүмүүстэй бодит харилцаа үүсгэх чадварыг үгүй хийх эрсдэлтэй. Шинэ технологи гарахаас ч өмнө япончуудын дунд бодит байдлаас анимэ, мангагийн ертөнцөөр аялах чиг хандлага дэлгэрээд байсан билээ.

Япон улсад ганцаардал, нийгмийн тусгаарлалт ийм өргөн хүрээнд тархсан нь бусад хүмүүс болон нийгмийн өмнө хүлээх хувь хүний асар өндөр хариуцлагын төлөө төлж буй нийгмийн төлөөс.

Сэтгэл хөдлөл, нийгмийн ганцаардлын асуудлыг нийтийг хамарсан тахал хэмээн хүлээн зөвшөөрч, хамтын хүчээр даван туулах эрмэлзэл нөхцөл байдлыг өөрчлөх хүчтэй. Гэвч одоогоор нийгэм нь нөхцөл байдлыг бүхэлд нь бус тодорхой, жижиг асуудлыг шийдэхэд анхаарч байна. Япончууд энэ байдалдаа дасжээ. Тиймээс гэнэт чиглэлээ огцом өөрчилж, бусадтай идэвхтэй харьцаж, нийгэмшиж эхэлнэ гэдэг юу л бол.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top