АНУ-ын Сангийн сайд Жаннет Йеллен БНХАУ-д хандан Хятадын бизнес Укранинтай хийж буй мөргөлдөөнд Оросыг дэмжвэл ноцтой үр дагавар гарах болно гэдгийг анхаарууллаа. Жаннет Йеллений үзэж буйгаар компаниуд, тэр дундаа Хятадын компаниуд Оросын батлан хамгаалахын аж үйлдвэрт материаллаг болон бусад тусламжийг үзүүлэх ёсгүй аж. Америкийн Сангийн сайд үүнээс гадна БНХАУ-ын өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэлийн хүчин чадал нь Хятадад өөрт нь болон бусад орны үйлдвэрлэгчдэд хохирол учруулж болзошгүй гэв. Шинжээчдийн үзэж буйгаар Вашингтоны энэхүү мэдэгдэл нь АНУ-ын эдийн засгийн зовлон, олон улсын тавцан дахь ноёрхлоо алдсан зэргийг нь харуулж байна гэлээ.
Жаннет Йеллен “Хэрвээ Хятадын бизнес Украинтай хийж буй мөргөлдөөнд Оросыг дэмжиж байгаа нь илэрвэл ноцтой үр дагавар гарна” гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Хэ Лифэнтэй хийсэн уулзалтынхаа үеэрх хэвлэлийн хурлын үеэр хэлжээ. Сангийн сайд мөн “Украины эсрэг Оросын дайнд компани, тэр дундаа Хятадын компани дэмжлэг үзүүлэх ёсгүй. Оросын батлан хамгаалахын аж үйлдвэртэй хамтрах ч үүнд хамаарна” гэж онцолсон байна. Эдийн засгийн салбар дахь үндэсний аюулгүй байдалд АНУ-тай хамтран ажиллахыг тэрбээр уриалаад “Энэ нь үндэсний аюулгүй байдлын салбарт сэрэмжлэх дээр тулгуурлах бөгөөд нарийн чиглэсэн шинж чанартай, ил тод хэрэгжинэ” гэжээ.
Үүний өмнө дөрөвдүгээр сарын 2-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй утсаар ярихдаа Бээжин Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг дэмжиж, энэ нь Европ болон Атлантын далай дамнасан аюулгүй байдалд нөлөөлж байна хэмээн санаа зовж буйгаа илэрхийлсэн билээ.
АНУ-ын Сангийн сайд үүнээс гадна БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайдтай хэлэлцээр хийх үеэрээ Хятадын зах зээлийн бус бодлого, үйл ажиллагааны цар хүрээ болон Америкийн ажилчид, компаниудад үзүүлэх нөлөөллийн талаар санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Хятадын эдийн засгийн хэд хэдэн салбарт хэт их хүчин чадал нэмэгдэж байгаа шинж тэмдэг илэрч байгааг тэмдэглэж, эдгээр асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг уриалсан талаар АНУ-ын Сангийн яамнаас мэдэгдэв. Ж.Йеллен Хятадын үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь Хятадад өөрт нь болон бусад орны үйлдвэрлэгчдэд хохирол учруулж байна гэж үзэж, Хятад улс бусад эдийн засагт дарамт учруулж, шинэ салбаруудад эрсдэл үүсгэж буй аж үйлдвэрийн хүчин чадлаа багасгах хэрэгтэйг хэлжээ.
Ж.Йеллен худалдааны шинэ саад бэрхшээлийг бий болгож байгаа талаар ямар нэгэн сүрдүүлэг хийхээс татгалзсан боловч Гуанжоуд айлчлах үеэрээ Америкийн шинээр гарч ирж буй цахилгаан тээврийн хэрэгсэл, батерей, хувиргах систем, нарны эрчим хүчний хангамжийн сүлжээг хамгаалах нэмэлт арга хэмжээ авахыг үгүйсгэхгүйгээ хэлсэн юм.
Хятадын эдийн засгийн загварыг АНУ шүүмжлэх болсон нь Америкийн аж үйлдвэрийг хамгаалахын тулд Хятадын цахилгаан машин болон цэвэр эрчим хүчний бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэгдүүлэх эхний алхам гэж худалдааны мэргэжилтнүүд үзэж байна.
Бээжингийн хариу үйлдэл
Хариуд нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд АНУ-ын Сангийн сайдтай хэлэлцээр хийх үеэрээ худалдаа, эдийн засгийн салбарт АНУ-ын зүгээс тавьж буй хязгаарлалт нэмэгдэж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлэв. Хятадын төв телевизийн мэдээлснээр, Шадар сайдын хэлснээр Хятадын тал мөн үндэсний үйлдвэрлэлийн хүчин чадлыг ашиглахтай холбоотой асуудлаар Вашингтонд нарийн хариулт өгсөн байна. Өмнө нь гуравдугаар сарын 28-нд Хятадын “Чайна Дейли” сонинд “Хятадын хүчин чадал хэтэрсэн тухай Америкийн талын мэдэгдлийг барууныхан олон зууны турш хийж, ийм схемийг ашиглаж ирсэн тул давхар стандартын жишээ юм” гэж нэрлэжээ.
Тус материалд мөн “Эдийн засгийн суурь талаас нь авч үзвэл дотоодын эрэлт хэрэгцээгээ хангаад, илүүдэл бараа нь өөр зах зээлтэй болно, Барууны орнууд олон зууны турш үүнийг хийсээр ирсэн ч Хятад дээр ирэхээр энэ нь хүчин чадал хэтэрсэн асуудал болж, дэлхий даяар аюул дагуулдаг” гэж онцолжээ.
Амаргүй мэдэгдэл
Тэгвэл дээрх мэдэгдлүүдийн талаар Оросын шинжээч, РУДН их сургуулийн стратегийн судалгаа, таамаглалын хүрээлэнгийн орлогч захирал Евгений Семибратов “АНУ-ын Сангийн сайдын мэдэгдэл нь "АНУ-ын бодлогод маш тодорхой нийцэж байна. Америкийн сайд ийм сүрдүүлсэн мэдэгдлүүдээрээ АНУ Хятадыг олон улсын харилцаанд хараат улс эсвэл хоёрдугаар зэрэглэлийн гүрэн гэж үнэлсээр байгааг харуулж байна. Америкчуудын хувьд харамсалтай нь энэ хандлага сүүлийн 30 жилийн турш хэвийн үзэгдэл болсон. Тэдэнд дэлхийн тэгш харилцааг сэргээж, санал болгох нь маш хэцүү байдаг. АНУ Хятадад шахалт үзүүлэхийн тулд бүх хүчээ дайчлан дарангуйллын арга барилаа ашигласаар байна” гэв. Энэ нь Хятадыг Орост туслуулахгүй гэсэн шаардлага төдийгүй аж үйлдвэрийн асар их нөөц байгаа гэсэн нь ердийн үг биш аж. Ийм ажиглалт хийснээрээ АНУ БНХАУ-аас хүн амаа багасгаж, нийгмийн халамжаа бууруулахыг шаардаж болох гэнэ. Энэ нь үнэхээр улс төрийн галзуурал шиг харагдаж байгааг шинжээч Семибратов хэлжээ.
Бээжин мэдээж Америкийн талын мэдэгдлийг анхааралдаа авсан ч БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдын тайлбараас харахад тэднийг сонсох бодолгүй байгаа нь тодорхой гэж шинжээч үзэж байна. Тэрбээр “Америкчууд уламжлалт зарчмаасаа хазайхгүй, Хятадыг эрх тэгш түнш гэж үзэхгүй гэдэгт Хятадын эрх баригчид дахин итгэлтэй боллоо. Мөн АНУ Хятадад гаалийн татвар, хориг арга хэмжээгээр дарамт шахалт үзүүлсээр байх бодолтой байгаа. Гэсэн хэдий ч АНУ-д ийм стратегийг хэрэгжүүлэх хангалттай хэрэгсэл байхгүй, учир нь хоёр улсын эдийн засаг хоорондоо нягт уялдаатай байдаг” гэв.
Хятад улс Орост тусламж үзүүлвэл тодорхой арга хэмжээ авч магадгүй гэдгээ америкчууд анх удаа хэлж байгаа нь энэ биш. Энэ тухай анхнаасаа л яригдаж байсан ч БНХАУ-д ноцтой нөлөө үзүүлээгүй аж. Түүнээс гадна Хятад улс Украины мөргөлдөөний талаар нэлээд тууштай байр сууриа хадгалсаар байгаа нь НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийнх нь Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр хэлсэн зүйлээс харагджээ. Тэрбээр “АНУ зэвсэг нийлүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн дипломат хүчин чармайлтыг саармагжуулах замаар Украины нөхцөл байдлыг шийдвэрлэхэд гал дээр тос нэмэхээ нэн даруй зогсоох хэрэгтэй” гэсэн билээ.
Хятадын бизнесийн түншлэл нь Оросын төрд үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, эдийн засгаа хөгжүүлэх боломжийг олгодог нь Оросын эдийн засгийг сүйрүүлэхийг хүссэн АНУ-ын уурыг хамгийн ихээр хүргэж байна гэж Оросын хэвлэлүүд бичжээ. АНУ хамгийн түрүүнд Хятадын компаниудад шахалт үзүүлж, Оростой хамтран ажиллавал хоёрдогч хориг арга хэмжээгээр айлган сүрдүүлэхийг оролдож байна гэлээ. Энэ бодлого хараахан дорвитой амжилтад хүрээгүй байгаа ч америкчууд ямар нэгэн зүйл хийх шаардлагатай байгаа аж.
БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, 2023 оны эцсийн байдлаар Орос-Хятадын худалдааны эргэлт дөрөвний нэгээс илүү нэмэгдэж, анх удаа 240 тэрбум ам.доллар давсан байна. Үүнээс гадна 2024 онд харилцан худалдааны хэмжээ үргэлжлэн өсөж, нэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэл илүү нэмэгдэв.
Орос-Хятадын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаа энэ үед Оростой харилцаагаа нэмэгдүүлснээс болж Хятадын компаниудыг заналхийлсэн АНУ-ын Сангийн сайдын мэдэгдэл нь Орост инээдтэй мэт харагдаж байна гэдэгтэй шинжээчид нь санал нийлжээ. Үндсэндээ Вашингтон бүрэн эрхт Хятад улсад оршин тогтнох нөхцөлийг нь зааж өгч, БНХАУ-ын дотоод хэрэг, улс төрийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байна гэж Оросын шинжээчид үзэв. Мөн Вашингтон өөрөө Оростой хамтран ажиллахын оронд хоёр орны эдийн засгийн онцлогоос шалтгаалан хэрэгжүүлэхэд хэцүү шинэ үүрэг, хязгаарлалтаас өөр Бээжинд санал болгох онцгой зүйлгүй байна гэж шинжээчид дүгнэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
harvaas zunug baidengiin sangiin zunug avgai uunees uur ym yrij chadahgui n medeej shuudee. tegeed hytad n uunii ugiig huleej avlaa yu .
Өөрсдөө бол зэвсэг байтугайг нийлүүлж болдог бусад нь болдоггүй ямар гээч рорвоо вэ?!