Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 23 дугаар тойрогт ХҮН намаас нэр дэвшигч, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Ган үзэгтэн сэтгүүлч Г.Ганчимэгтэй ярилцлаа.
-Аав ээж, нутаг ус гээд та өөрийгөө танилцуулаач. Та аль нутгийн хүн бэ?
-Би Хэнтий аймгийн төвд төрж өссөн. Аав Содномын Гантөмөр, ээж Наваанжамбын Долгор нар маань хоёулаа Баянхутаг сумын уугуул хүмүүс. Ээж аав хоёр маань их цэвэрч нямбай, ямар ч ажлыг 100 хувийн төгс гүйцэтгэлтэй хийдэг хөдөлмөрч хүмүүс байсан. Аав маань усны аж ахуй, аймгийн өндөр настны зөвлөл, “Хэнтий-Ус” компани зэрэгт ажиллаж байсан санхүүч, нягтлан бодогч хүн. Санхүү эдийн засгийн техникум буюу одоогийн Санхүү, эдийн засгийн их сургуулийг төгссөн. Сийлсэн юм шиг гоё бичигтэй, нягт нямбай гэж жигтэйхэн, гарын ур сайтай хүн байлаа. Араг савар, хутга заазуур, сандал ширээ, гэрийн хаалганаас эхлээд байшин сууцаа хүртэл өөрөө л барьчихдаг байсан. Айлын өргөмөл ганц хүү.
Арван жилийн сургууль төгсөх үед нь дотооддоо тагнуул, эсвэл Украины Киевт цэргийн сургуульд явуулна гэдэг шийдвэрийг багш нар нь гаргачихсан байхад ажаа (аав нь) маань хотоос ирсэн шалгалтын комисын хүмүүст хандан “Би өргөмөл ганц хүүтэй хүн. Явуулахгүй” гэж гуйж, зүтгэсээр арай гэж авч үлдсэн гэж томчуудын ярьж байхыг би багадаа гэрийн хаяанд суугаад сонсож байлаа. Харин аав бол үг дуу цөөтэй, миний охи(о)н эмэгтэй хүнд түүх, уран зохиолын багш чинь гоё ажил шүү гэж ярьдаг байлаа. Ээж маань аймгийн захиргаа, Хөдөө аж ахуйн удирдах газарт ажиллаж байсан. Одоо ах, дүү хоёр маань гал голомтоо Яармагт сайхан авч явж байна даа. Дүү маань Хилийн цэргийн дээд сургууль төгссөн офицер хүн бий. Ах маань тэтгэвэрт суусан. Албан ёсны анкетын дагуу гэр бүлээ товчхон танилцуулахад ийм.
-Та өөрийнхөө тухай ярьсангүй. Багадаа ямар хүүхэд байсан, ямар сургууль төгссөн гэх мэтчилэнгээр...?
-Би яах вэ. Маш их илүү үгтэй хүүхэд байсан. “Томчуудын яриа сонсоод, гар чи” гэж загнуулаад л хөөгдөж гардаг хүүхэд байлаа. Одоо бодох нь ээ, бүр ч илүү үгэнд дурлах ёстой байсан юм билээ гэж хааяа бодогддог. Би нэг их эртний хүн биш ч гэлээ бидний багад хүмүүжлийн уламжлалт арга технологи л үйлчилдэг байлаа шүү дээ. Хэрлэн сумын 10 жилийн III дунд сургуулийг 1998 онд, Улаанбаатар хотноо Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит ММИС-ийг 2002 онд монгол хэл, уран зохиолын багшаар, сүүлд Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн дээд курсыг 2007 онд сэтгүүлчээр төгссөн. Монголын анхны эрэн сурвалжлах сонин “Нийгмийн толь”, өдөр тутмын “Хөдөлмөр”, “Зууны мэдээ”, “Монголын мэдээ”, одоо “Өглөөний сонин”-д ажиллаж байна. “Хувь заяа” хөрөг нийтлэлийн буланг санаалчлан хөтөлж байгаа.
-Та Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэрээ дэвшүүлжээ. “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан” гэдэг шүлэг шиг зүгээр л сэтгүүлчээ хийгээд “Хувь заяа” гэдэг гоё булангаа хөтлөөд явж болдоггүй юм уу. Ер нь яагаад сүүлийн үед хүн бүхэн улстөрч болчих гээд байна вэ?
-Би “Өглөөний сонин”-д орохоосоо өмнө чөлөөт уран бүтээлч нэртэй ч хэдэн жил ард түмнийхээ дунд амьдралын их сургуульд суралцаж байсан юм шүү. Энэ хугацаанд юу эсийг үзэх вэ. Өнчрөл хагацал, өвчин зовлон, баяр жаргал гээд хувийн амьдралд маш олон үйл явдал өрнөжээ. Нэг хэсэгтээ автортой, авторгүй юм бичээд энд тэндэхийн редакциас бичлэгийн шагнал аваад явж ч үзэв. Гэтэл үүнийгээ бүр болиод ард түмнийхээ нэгэн эд эс болж, бүр дотор нь орж амьдарч үзмээр санагдаад болдоггүй. Тэгээд л Үндэсний статистикийн хороон дээр Хүн ам, орон сууцны 2020 оны тооллого хэмээх нүсэр ажилд хүчин зүтгэж гэрээт ажилтан, “Тавантолгой түлш” ХХК-д хяналтын ажилтан, сүүлдээ Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт гэрээт ажилтнаар ч орчихсон байх шиг. Ковидын үед тэргүүн эгнээнд л ажиллаж байлаа. Хоёр ч удаа коронавирусын халдвар авч нөхөр, охин хоёртоо дамжуулсан байдаг юм. Огт өөр салбарт ажиллаж үзэх сонирхолтой шүү дээ. Анхандаа шинэ хүн гээд “атмандах” маягтай. Сүүлдээ анкет, энэ тэрээс нь уншсанаа дамжуулдаг юм уу, яадаг юм сэтгүүлч гээд сүрдэх маягтай болоод л ирнэ. Хэрэв би жүжгийн зохиолч байсан бол дүрийн судалгаа гэгчийг эдгээр он жилд хангалттай хийжээ. Мартсанаас мал мэнд үү гэгчээр Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 23 дугаар тойрогт ХҮН намаас нэрээ дэвшүүлж байгаа нь амьдарч байгаа хорооныхоо иргэдийн дуу хоолой болж, төр, иргэн хоёроо холбох гүүр нь болох гэсэн юм.
-Та яг дэвшиж байгаа хороондоо амьдардаг уу. Хүмүүс сонгууль болохоор л “Би танай уугуул, суугуул” гээд ирдэг гээд дурамжхан байдаг. Харин дүүрэг, хороондоо амьдарч байгаа хүн ард түмэндээ илүү ойр байна байх?
-Би Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд, олны ярьдагаар Улиастайд амьдардаг. Бүр 1998 оноос Улиастайгаа мэднэ. Оюутан болоод хотод анх ирэхдээ тэр хавьд төрлийнхөө нэг айлд суудаг байлаа. Сүүлд айлын бэр болоод очсон. Ингээд л 2008 оноос хойш энэ хорооны иргэн болон амьдарч байна даа. Үндсэн айлууд нь цэрэгжсэн ч юм шиг зохион байгуулалттай, эмх цэгцтэй, шулуун шударга, шуурхай дайчин хүмүүс байдаг. Анхандаа гайхдаг байсан л даа. Хүү хаа, хүүе хаая гээд л нэг хөдлөхөөрөө уухай түрж байгаа юм шиг ямар ч ажлыг тэр дор гялалзуулж амжуулчихдаг. Яг л нэг сумын төвийнхөн шиг бие биеэ сүрхий таньдаг, эв нэгдэлтэй хүмүүс байдаг байв. Арга ч үгүй юм билээ. Аав, өвөө нь гээд цэргийн дарга нарын гэр бүлүүд анх төвхнөж байсан учраас үндсэн айлуудын амьдралын хэв маяг, ахуйн соёлд нь энэ мэт сонин содон уур амьсгал шингэж үлдсэн байдаг. Нөгөө алим модныхоо хажууд унадаг гэдэг шиг л. Гэтэл сүүлийн жилүүдэд нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөө дагаад 21 аймаг бүрээс амьдрал хайж ирсэн хүмүүс эхлээд ганц, хоёроороо ханаа шийрлэж хатгасаар сүүлдээ нэг нутаг ус, сум аймгаараа айлсаж буусаар суурьшлын бүс тэлэгдэж хэчнээн ч удаа хороо хуваагдав даа. Анх 10 дугаар хороо байснаа 10, 23 дугаар хороо болж салсан юм. Тэгснээ 23, 28 дугаар хороо, саяхан 23, 35 дугаар хороо болж саллаа. Хүн ам өсөхийн хэрээр дагаад эмнэлэг, сургууль цэцэрлэгийн хүртээмж, зам талбайн газар зохион байгуулалт, гэрэлтүүлэг, тэр ч байтугай үнс тоос, золбин нохой, урин дулааны цагт Улиастайн гол дагаж амарч зугаалж яваа эрүүл, согтуу хүмүүсийн эрсдэл, улмаар гэр хороололд буюу хүн амьдардаг бүсэд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа жижиг, дунд үйлдвэрлэгчдийн дуу чимээний бохирдол, тэдний машин техникээр босож байгаа шороо тоос гээд эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөөд эхэлж байгаа юм. Гэтэл Улаанбаатар хотын төвд зүв зүгээр байгаа замын бордюр солиод л байхаас биш захын гэр хороолол руугаа огт хөрөнгө оруулалт хийдэггүй. Манай Улиастайхан гэхэд л замынхаа эвдрэл гэмтэлд “Олон нууруудын хотгор” гэдэг нэр өгчихсөн. Ингэж нэрлээд удаж байна. Энд тэнд их сайхан ажилтай дарга нар, төрийн албан хаагчид, хэсгийн ахлагч нар бас ч гэж байх юм аа. Харин манай хороонд хоноцын сэтгэлтэй явуулын хүмүүс л ирдэг бололтой. Хогоо хүртэл цаг хугацаандаа аччихгүй шүү дээ. Олны шивнээгээр бол дүүргийн зарим дарга нар нь нэг гараараа монгол төрийн алтан жолоо атгалцаад нөгөө гараараа хувийн компаниа удирдаад сууж байдаг л гэх юм билээ. Ийм нөхцөлд үнс тоос, золбин нохойн асуудал хэзээ ч дуусахгүй шүү дээ. Үүнийг эрх ашгийн зөрчил гэж хэлнэ биз дээ. Иргэд хогоо ачуулж чадахгүй, наагуур цаагуур гүйх тусмаа тэр дарга нар ажил хийж байгаа юм шиг харагддаг гэж бодож байна уу. Үгүй шүү дээ. Одоо хэддүгээр зуун билээ. Үнс тоос, үхсэн нохойн асуудалтай зууралдмааргүй байна. Тог цахилгааны мөнгө хурааж авахдаа хэнээс ч юу ч асуухгүйгээр хогны мөнгөө нэмж суутгаж авдаг шигээ хогоо ачаад явдаг болмоор байна. Хорин нэгдүгээр зуунд хогоор улс төр хийх чинь шившиг шүү дээ.
-Үнс тоос, үхсэн нохойн асуудалтай зууралдмааргүй байна гэлээ. Хороон дээр ийм л ажил хийдэг юм биш үү?
-Тэрийг чинь ачаад явдаг компани бий. Тэд ажлаа хийг л дээ. Харин одоо хүний хөгжил, амьдрах орчиндоо анхаарлаа хандуулж яагаад болохгүй гэж. Ний нуугүй хэлэхэд, захын гэр хорооллын иргэд туршилтын туулай шиг өдөр хоногийг өнгөрөөж байна. Захын хорооллын сургуулиудад дөнгөж сургууль төгссөн багш нар ирээд жаахан ажлын дөр сууж аваад, нэг анги худал, үнэн төгсгөсөн болоод л хотын төв рүү “зугтаачихна”. Өрхийн зарим эмч нар ч ялгаагүй дээ. Жаахан ажлын дөртэй болонгуутаа л төвөө л бараадах юм, хараад байхад. Энэ нь зөвхөн миний, манай хорооны асуудал биш. Хавтгайдаа л ийм дүр зурагтай байна. Хүний нөөцийн урсгал чинь хөдөөнөөс төв, суурин руугаа, хотын захын гэр хорооллоос төв рүүгээ гэсэн чиглэлтэй байна шүү дээ. Уг нь бид улсынхаа нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа. Тийм үү. Гэтэл зарим талаараа хөдөөний аль нэг сум, багийн төвөөс ч тааруухан орчин нөхцөлд хөгжих гэж хөгөө хөлдөө чирж байна. Шинээр шижигнэсэн бүтээн байгуулалт босгодоггүй юм аа гэхэд байгаа хэдэн гэрлээ бүрэн бүтэн асаачихмаар юм даа. Гэтэл зунжингаа гудамжны гэрэлтүүлэг нь асахгүй, харанхуй зуслаа. Эрхбиш урин дулаан цаг тулдаа, нарны гэрэл урт байсан учраас энэ зун ингэс, тэгэс гээд өнгөрөх шив дээ. Энэ мэтийн жижигхэн юм шиг мөртлөө эрүүл, аюулгүй, тайван амьдрах орчинд нөлөөлөх асуудал зөндөө үүрлэжээ, 23 дугаар хороонд. Үнэндээ, улстөрчид, эрхэм дарга нар Улиастайн голоос цааш оршин сууж байгаа иргэдийг нэг, нэг санал гэж хардагаас биш хүн гэж боддоггүй бололтой. Харин ард түмэн хүнээ дэмжиж хөгжүүлэхийг л хүлээж байна шүү дээ.
Сэтгэгдэл ( 0 )