“Эмээлт эко” АҮП-ийн Бизнес, инкубатор, үйлдвэр сургалтын төвийг нээлээ

Дэлхийн жишигт нийцсэн хөдөө аж ахуйн паркийг байгуулах замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх зорилготой 10-аад жил гацсан Эмээлт эко аж үйлдвэрийн парк өнөөдөр ийнхүү “Бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төв”-ийг нээж, паркт байрших үйлдвэрүүдийн төлөөллүүдтэй нэгжийн гэрээ байгуулсанаар Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн үйл ажиллагааг нээж байна. 

Сүүлийн хоёр жил энэ төслийн үйл ажиллагаа эрчимтэй урагшилж өнөөдрийн байдлаар ТЭЗҮ-ээ батлуулж, хамгаалалтын зурвас, Бизнес инкубатор үйлдвэрлэл сургалтын төвтэй болжээ. Нэг ёсондоо төслийн гацаа арилж өнөөдөр эхний ээлжийн бүтээн байгуулалтаа дуусган хүлээж авч байна. Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “Шар хөвийн хоолой”-д 539 га талбайг хамран байгуулагдана.

Парк нь жилд 7.5 сая ширхэг арьс шир, гурван мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган.тн мах, найман мянган тонн дайвар түүхий эдийг олон улсын стандартын дагуу боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрүүд байгуулагдаж, үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” байгуулагдсанаар Эмээлт орчмын орчны бохирдлыг бууруулах Улаанбаатар хотын иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангахад давуу талыг бий болгох юм. Мөн хүнсний бүтээгдэхүүний стратегийн хувьд хадгалах хүнсний агуулах, хөргүүртэй агуулах, гүн хөлдөөх агуулахыг төлөвлөлтийн байршилд цогц хэлбэрээр тусгаж өгсөн болно. Мөн парк байгуулагдсанаар нийт 5675 байнгын ажлын байрыг бий болгон, Аргалант-Эмээлт дагуул хотын эхлэл тавигдах бөгөөд эдийн засгийн хөгжлийн тулгуур нь болох юм.

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн хувьд нийт хөрөнгө оруулалтаа 6.7 жилийн хугацаанд нөхөх бөгөөд 1.72 их наядын орлого олж, татварт 86.3 тэрбум төгрөгийг бүрдүүлнэ. Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь бүс нутгийг хөгжүүлэх, нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих, хөдөө аж ахуйг кластераар хөгжүүлж, тойрог эдийн засгийг дэмжих замаар байгаль орчинд ээлтэй эко үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлж, Улаанбаатар хотод тулгамдаад буй түгжрэл, төвлөрөл, ажилгүйдэлийн асуудлуудыг шийдвэрлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэх нийслэлийн нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр эрчимжүүлэн ажиллаж буй хамгийн том төсөл юм. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top