ОЛОН ӨНГӨ: Сэлүүн хоосон болсон тэр л мөч жинхэнэ амралт

2024 оны 10 сарын 19

Сэлүүн хоосон болсон тэр л мөч жинхэнэ амралт. Анир чимээгүйн нам гүмд уусаж байгаа нь амралт. Хэдий чинээ өөрийгөө хоосолж чадна, төдий чинээ цоо шинэ эрчмээр цэнэглэгдэнэ. Амрах агшиндаа чин зүрхнээсээ хандах нь ажил хэрэгтээ ч тийн хандахын нэр. ''Хэр зэрэг ядарснаараа биш, хэр зэрэг ядраагүйгээрээ тухайн өдрийн үр бүтээлээ цэгнэвэл зохинo'' гэсэн мэргэн үг бий. Хүн ажлаас бараг ядрахгүй, амгалан бус сэтгэлээс, бухимдлаас л ядардаг. Бодлоосоо л бохирдог. Бооцоо бодож бэлхэрдэг. Хүнд тусалсан ч болзолгүй тусалж чадвал чухам эрчмийн эргэлт тэр буюу.

Хүн ажлаас болж дарамтад орох нь ховор, ажлын тухай, ажлын хамт олны тухай элдэв бодлоосоо л болж дарамтад ордог, эцэж цуцдаг. Ямар ч их ачаалалтай байсан дотоод гүндээ амарч сурахыг л бясалгал гэх. Бясалгал заавал зааланд сууж хийдэг эд биш ээ. Хөх байгальд ч, хөгцөрсөн өрөөнд ч үүнийг хийж болно. Хоёр хором л орно. Өөрсдийн ачааг буулгаж сурагтун. Сэнсэрч урагдсан сэтгэлээ тайвшруулж дадагтун. Аливааг өнгөрсөнд нь үлдээж хэвш. Унтаад л урдах түүртлээ мартах нь хамгийн сайн эм. Түүртэх өдөр байвч тэнийх өдөр түүнээс ч олон. Тамыг тайван давж сурчихвал тун догь. Энэ гагц таниас, таны сэтгэлийн тэнхээнээс шалтгаална. Тэгээд дадал болгочихвол даамай л сайхан тухлаг амьдрах болно. Сэтгэлийн байгалиа л тордчих нь зүй юм.

Н.Дуламсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top