Хэлний хэрэглээг хянах эргүүлийн байцаагчид ажиллаж эхэлжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 05

 

Украины баруун нутгийн Ивано-Франковск хотод төрийн хэлний хэрэглээг хянах эргүүлийн байцаагчид ажиллаж эхэлсэн тухай тус улсын телевизийн “Пятый канал” суваг мэдээлжээ.

Тус телевизийн мэдээнд гарч байгаагаар, байцаагч охин орос хэлээр ярьж байгаа эмэгтэйд украин хэлний курст явахыг санал болгоход цаад эмэгтэй нь маргааш энэ хотоос явах гэж байгаа тухайгаа хэлнэ. Хотын эрх баригчдын санаачилгаар ийм үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд олон нийтийн газарт орос хэлээр ярьж байгаа хүмүүст украин хэлний курст явахыг санал болгоход орших ажээ.

Хотын оршин суугчид Төрийн хэлний тухай хуулийг хэрхэн дагаж мөрдөж байгаад хяналт тавих хэлний байцаагчид аравдугаар сарын 28-наас ажиллаж эхлэх тухай Ивано-Франковск хотын дарга Руслан Марцинкив зарласан байна. Украины зүүн болон өмнөд бүс нутгаас оросоор ярьсаар байгаа шилжин суурьшигчдын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор ийм арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ажээ.

Украинд 2019 оноос төрийн хэлний хууль үйлчилж байгаа бөгөөд орос хэлний хэрэглээг нийгмийн амьдралын бүх салбараас шахан зайлуулахад орших юм. 2001 онд явуулсан хүн амын тооллогоор Украины иргэдийн 29,6% нь орос хэлийг төрөлх хэлээ гэж нэрлэсэн байдаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top