Япон болон Их Британи хоёр хоршиж ажиллахаар төлөвлөж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 14

 

Япон болон Их Британийн эрх баригчид эдийн засгийн асуудлаар зөвлөлдөх шинэ хэлбэрт шилжих бодолтой байгаа бөгөөд Доналд Трампын үед АНУ-ын засаг захиргаатай худалдааны яриа хэлэлцээ хийхдээ хоршиж ажиллахаар төлөвлөж байна гэж Японы бизнесийн хэвлэл Nikkei сонинд мэдээлсэн байна.

Тус хоёр улс яриа хэлэлцээг гадаад хэргийн болон эдийн засгийн яамны тэргүүн нарыг оролцуулан “хоёр дээр нэмэх хоёр” хэлбэрээр явуулах ажээ. Хамгаалах бодлого, үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр алдагдсан дэлхийн эдийн засгийн цэгцтэй байдлыг сэргээхийг талууд эрмэлзэх юм байна. Энэ асуудлыг Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба болон Их Британийн Ерөнхий сайд Кира Стармер нар Рио де Жанейро хотод болох “20-ийн бүлгийн” дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзахдаа нарийвчлан хэлэлцэх аж.

Трамп сонгуулийн өмнөх цуглаанууд дээр үг хэлэхдээ, Европын Холбооноос оруулж ирж буй бараанд 10%-ийн татвар ногдуулах замаар АНУ-ын худалдааны тэнцлийн алдагдлыг бууруулах, бизнес эрхлэгчдийг үйлдвэрүүдээ АНУ руу нүүлгэхэд хүргэх амлалт өгч байсан билээ. Харин Хятадын бараанд 60%-ийн тариф тогтоохын зэрэгцээ гадаадад үйлдвэрлэсэн авто машинд 100% татвар ногдуулахаар төлөвлөж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top