Энэ онд эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэх зорилт тавиад байна

Я.Болор | Zindaa.mn
18 цагийн өмнө

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлт болон тэргүүлэх ач холбогдол бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөр, тэдгээрийн хөрөнгө оруулалт, хэрэгжилт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн харилцаанд 2025 он нэн чухал үүрэгтэй гэдгийг онцлон тодотгоод, Үндсэн хуулийнхаа хүрээнд улсынхаа хөгжлийн бодлогыг тодорхойлох ёстой гэв. Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх, ягштал мөрдөх нь эдийн засаг, хөгжлийн хамгийн том бодлого хэмээгээд бүх түвшиндээ хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарч ажиллах нь улс орныг хөгжилд хөтлөх болно гэв. Үүнээс засаглалын асуудал ургах бөгөөд засаглалын нээлттэй, ил тод байдлыг хангаж буй эсэх, парламентын засаглалыг бэхжүүлж чадах эсэхээс хөгжлийн бодлого тодорхой харагдана хэмээн тэрбээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.

Түүнчлэн хөгжлийн бодлого нь тогтвортой байдалтай салшгүй холбоотойг тодотгон тайлбарлаад, үргэлжлүүлэн эдийн засгийн эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээрх бодлого, зорилтыг онцлоод Эдийн засаг, хөгжлийн яам дээрх гурван зүйлээр Монгол Улсын хөгжлийг томьёолж, хөгжлийн хөтөлбөр, бодлого, зорилтууддаа тусган ажиллаж байгаа гэв.  “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, дунд хугацаанд Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр байгаа бол богино хугацаанд Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлэхээр тус тус заасан талаар Л.Гантөмөр сайд мэдээлсэн. Дээрх баримт бичгүүдийн хүрээнд нэн тэргүүнд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, шинжлэх ухаанчаар хөгжих, урт хугацаандаа нээлттэй, чөлөөт эдийн засгаараа тэргүүлэгч улс болох бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаараа танилцуулсан.

Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлогын суурь баримт бичиг нь “Шинэ сэргэлтийн бодлого”-д суурилсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болохыг Л.Гантөмөр сайд дурдаад, эрчим хүчний реформ хийж эрчим хүч үйлдвэрлэх, улмаар үйлдвэрлэл хөгжүүлэх зорилтын хүрээнд гол бодлогуудаа төлөвлөсөн гэв.

Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хамгаалах, хөгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эдийн засгийг солонгоруулах зорилгоор авч хэрэгжүүлэх бодлого, эдийн засгийн орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зорилт, 14 мега төслийн зорилго, ач холбогдол, хууль эрх зүйн орчин болон түүнийг сайжруулах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан. Мөн тэрбээр эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, төлөвлөлтийн талаар, үүн дээр парламентын түвшинд хэрхэн хамтрах боломжтойг тайлбарлаж, энэ онд эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэх зорилт, түүнд хүрэх арга замын талаар мэдээлэл танилцууллаа.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл, Л.Соронзонболд, М.Бадамсүрэн, Г.Лувсанжамц, М.Мандхай, О.Батнайрамдал, П.Батчимэг, М.Энхцэцэг, Р.Сэддорж нар асуулт асууж, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр болон ажлын хэсгээс хариулт авсан.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн санхүү, төсөв, татвар, гааль, хөрөнгө оруулалт, даатгалын бодлогын хэрэгжилт, гадаадын хөрөнгө оруулалттай төсөл, арга хэмжээний хэрэгжилт, гадаад, дотоод өрийн хэмжээ, өрийн удирдлагын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг сонссон. Энэ талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат танилцууллаа. 

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн талаар дурдаад, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний тэргүүлэх чиглэл, зорилт болон макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг 2023, 2024 оны гүйцэтгэл, энэ оны төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.21) 17 цагийн өмнө

Энэ хүнийг сонсдог хүн байдаг боловуу

0  |  0
Top