Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, экспортыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилт, энэ хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр товч мэдээлэл өгсөн юм.
2024 онд уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 22.4 сая.тонн нүүрс, 2.4 сая.тонн төмрийн хүдэр болон баяжмал, 17.6 мян.тонн жонш, 5.4 мян.тонн зэсийн баяжмал тус тус арилжаалжээ.
Мөн хөрөнгө оруулагчдад дэмжлэг үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө оруулалт татах, хамгаалах цогц механизмыг бүрдүүлэх замаар хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагааг эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар танилцуулав. Энэ хүрээнд татварын бодлогоор хөрөнгө оруулалтыг дэмжих цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд хувьцаа, үнэт цаас борлуулсны орлогод ногдох орлогын албан татварыг 2027 он хүртэл 90 хувь, 2029 он хүртэл 50 хувь тус тус хөнгөлж байгаа гэлээ. Түүнчлэн нээлттэй компанийн хувьцааны ногдол ашгийн татварыг дотоодод 10 хувь, гадаадад 20 хувь байсныг нийтлэг 5 хувь болгож бууруулсан байна. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг орлогын албан татвараас чөлөөлжээ. Гарааны компаниудын орлогод ногдох албан татварыг байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацаанд хөнгөлдөг зохицуулалтыг 5 жил болгон нэмэгдүүлсэн байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар, аймаг, нийслэл, Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулахад гадаад, дотоодын хөрөнгө оруулагч ижил нөхцөлөөр холбогдох зардлыг хасаж тооцох боломжийг нээсэн аж. Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх цогц бодлогын хүрээнд хөрөнгө оруулагчдын татварын харилцааг хялбаршуулж, тайлан гаргах үүргээс чөлөөлж, хувьцаа, өрийн хэрэгсэл, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг нэгдсэн журмаар суутган тооцож, төсөвт төлдөг болжээ.
Үүний дараа Ж.Ганбат дарга хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэдгээрийн үр дүнгийн талаар мэдээлэл танилцууллаа. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнийг дагаж өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Компанийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал баталсан. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хуулийг баталсан бөгөөд энэ дагуу Үндэсний баялгийн сан нь Ирээдүй өв сан, Хуримтлалын сан, хөгжлийн сангаас бүрдэхээр зохицуулалтыг хийж, хэрэгжүүлж эхэлсэн байна. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр эрчим хүчний салбарт шинэчлэлт хийх шилжилтийн үеийн зардал 131.1 тэрбум төгрөгийг 2024 онд төсвийн тодотголоор шийдвэрлэсэн гэлээ. Тухайн оны батлагдсан санхүүжилтийг бүрэн олгосон бөгөөд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг Ж.Ганбат дарга нэгбүрчлэн танилцуулав.
Урт хугацааны даатгалын үйл ажиллагааны хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байгаа гэв. Төслөөр даатгалын нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг малын хорогдолтой уялдуулж уян хатан тогтоох, даатгалын нөхөн төлбөрийг гэрээний хугацаанд нэг удаа хэсэгчлэн урьдчилан олгох болон Даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг боловсруулж, 2025 оны эхний хагас жилд багтаан өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн даатгалын үйл ажиллагааг цахимжуулах, даатгалын үнэлгээ, хураамж тооцох, итгэлцүүр хэрэглэх аргачлалыг шинэчлэх, албан журмын даатгагчдын холбоог өөрчлөн зохион байгуулах зэрэг шинэлэг зохицуулалтуудыг тусган боловсруулаад байна.
Тэргүүлэх чиглэлийн гуравдугаарт “Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна” хэмээсэн байдаг бөгөөд гол зорилт нь бол нийгмийн хамгааллын салбарт нийгмийн даатгалын оновчтой тогтолцоог бий болгож, төрийн албан хаагчийн цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх, нийгмийн зорилтот бүлгийг зөв тодорхойлж, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдсэн гэв. Хот тохижилтын ажилчдын цалин 20 хувь, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн байна. Орон нутгийн нэмэгдэл олгож байгаа гэлээ. Суманд ажиллаж байгаа бол сар бүр үндсэн цалингийн 40 хувийн, аймгийн төвийн сум, нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажиллаж байгаа бол сар бүрийн үндсэн цалин дээр нь 20 хувийн нэмэгдэл олгож байгаа аж. Үргэлжлүүлэн Ж.Ганбат дарга тэтгэмжүүдийн нэмэгдлийн талаар танилцууллаа. Нийгмийн халамжийн тэтгэврийг 15 хувиар, асаргааны тэтгэмжийг 10 хувиар, амьжиргаа дэмжих тэтгэмжийг 15 хувиар нэмэгдүүлсэн байна. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, өвчлөлт нас баралтыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 3.1 их наяд төгрөг зарцуулсан байна.
Дараагийн тэргүүлэх салбар болох хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулах хүрээнд хүнсний хангамж хүн амын хүнсний хэрэгцээний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, импортын хамаарлаа бууруулж нийлүүлэлтийн сүлжээ аюулгүй байдлыг хангана хэмээн зорилт тавьсан юм. Энэ хүрээнд НӨАТ-аас хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих тоног төхөөрөмж, бордоог чөлөөлсөн байна. Мөн хүн амын зайлшгүй хэрэгцээний мах, сүү, хүнсний ногоо, жимс зэрэг 28 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг, эрүүл мэнд, боловсрол зэрэг 19 нийтийн үйлчилгээг мөн чөлөөлөх арга хэмжээг авчээ. Ж.Ганбат дарга үргэлжлүүлэн засаглалын үзүүлэлтийг сайжруулах, ногоон хөгжлийг дэмжих хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, тэдгээрийн үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн Монгол Улсын 2024 оны төсөв, урьдчилсан гүйцэтгэл, Засгийн газрын өрийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.
Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн санхүү, төсөв, татвар, гааль, хөрөнгө оруулалт, даатгалын бодлогын хэрэгжилт, гадаадын хөрөнгө оруулалттай төсөл, арга хэмжээний хэрэгжилт, гадаад, дотоод өрийн хэмжээ, өрийн удирдлагын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх дээрх мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, хариулт авснаар хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )