БНХАУ-ын Засгийн газрын АНУ-ын нүүрс, байгалийн шингэрүүлсэн хийд 15 хувь, газрын тос, хөдөө аж ахуйн техник, пикап автомашинд 10 хувийн татвар ногдуулах тухай шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр болж байна.
Хоёрдугаар сарын 1-ээс эхлэн Вашингтон Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар нэвтрүүлээд байгаагийн хариу арга хэмжээ юм. Үүнтэй холбогдуулан Хятадын тал мөн Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргаад байгаа билээ.
Тус хоёр улсын худалдааны эргэлт 2024 оны байдлаар 688.28 тэрбум ам.долларт хүрчээ. АНУ нийт 163.62 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг Хятад улсад нийлүүлснээс газрын тосны экспорт нь зургаан тэрбум ам.доллар, байгалийн шингэрүүлсэн хийн экспорт 2.4 тэрбум ам.доллар, чулуун нүүрсний экспорт 1.8 тэрбум ам.доллар байжээ.
Үүнтэй зэрэгцэн Бээжин энэ сарын 4-өөс стратегийн ач холбогдолтой вольфрам, теллур, висмут, молибден зэрэг ашигт малтмалд экспортын хяналт тавиад байна. Эдгээр нь сэргээх эрчим хүч, гэр ахуйн цахилгаан бараа, цэргийн техник, технологи зэрэг орчин үеийн технологийн суурь болдог байна.
Сэтгэгдэл ( 0 )