Бэлгийн багцуудаар өнгө нэмсэн цагаан идээний үзэсгэлэн

2025 оны 02 сарын 13

Сар шинийн баяр дөхөж нийслэл хотын томоохон худалдааны төв, үзэсгэлэн, үйлчилгээний танхим, задгай талбай бүрд шахам цагаан идээ, мах шүүс, дээл хувцас, бэлгийн бүтээгдэхүүнүүд дэлгэсэн лангуу ярайж үйлчлүүлэгчдийн хөл ч тасрахгүй байна.

Түүний нэг нь Чингэлтэй дүүрэг дэх Байгалийн түүхийн музейн өмнө, Эрх чөлөөний талбайд нээгдсэн Архангай аймгийн цагаан идээний үзэсгэлэн худалдаа юм. Шинэ жилийн баяраар мөсөн гулгуур засаж хүүхэд залуус гулган тоглож өнждөг байсан талбай нэг л өдөр сар шинийн үзэсгэлэн худалдааны талбар болсон байна. Угаасаа ч жилийн жилд энэ талбайд Архангайнхан сар шинийн баяр угтуулан цагаан идээгээ борлуулж хэвшсэн билээ. Нээгдээд гуравхан хонож буй, хоёрдугаар сарын 25 хүртэл үргэлжлэх энэ үзэсгэлэнд одоогийн байдлаар тус аймгийн Цэцэрлэг, Жаргалантаас бусад бүх сумын төлөөлөл иржээ. Үлдсэн сумынхан ч хэзээ мөдгүй ирэх биз ээ. Өчигдрийн байдлаар Хотонт, Хангай, Өндөр-Улаан сумынхан голдуу цагаан идээгээ борлуулж байв.

Үзэсгэлэнд дутуу зүйл алга. Дан ааруулаар тав, долоо, есөн үеэр зассан идээ, гүзээтэй өрөм, цагаан тос, мэхээртэй тос, цайны аяганы амсрын хэмжээтэй загсааснаас эхлээд том, жижиг тогооны өрөм, шимийн архи, үнээ, гүүний айраг, еэвэнгийнх шиг хэвээр хэвлэж нэрс, аньс, үхрийн нүд зэрэг төрөл бүрийн жимсээр өнгө оруулсан ааруул, тос, аарц, хөлдөөсөн сүү, хайлмаг, жимс, зөгийн бал, жимсний шүүс, сироп, шар сүүний чихэр, шар сүүний ундаа, бүр үхрийн өвчүүний захиалга авах гээд дутуу зүйл тэнд алга.

Үнэ ханшийг сонирхлоо. Таван үеэр зассан ааруулан идээ сүүн ааруулын, аарцан ааруулын гэдгээсээ хамаарч ялгаатай үнэтэй. Сүүн ааруулынх 550 мянга бол аарцны ааруулынх 450 мянган төгрөг байна. Цагаан тос нэг кг нь 45 мянга бол хайлмаг кг нь 20 мянга. Мэхээртэй тос 45-50 мянга. Шар тос кг нь 50 мянган төгрөг, өрөм цайны аяганы амсрын хэмжээтэй нь таван мянга, тэндээсээ том бага тогооныхоосоо хамаарч дээд тал нь 50 мянган төгрөг байна. Ааруул 35-45 мянгын хооронд үнэтэй. Мөн л сүүн ааруул, аарцан ааруулаасаа хамаарч буй бололтой. Шимийн архи нэг литр нь 10-12 мянга бол айраг литр нь 12-14 мянга, аарц кг нь 10-12 мянга гэж байна. Шаамарын зөгийн бал кг нь 25 мянга, аньс, нэрс зэрэг хөлдөөсөн жимс кг нь 20 мянган төгрөг ажээ. Шар сүүний чихэр кг нь 40 мянга гэнэ. Хэрэв үхрийн өвчүү захиалах бол кг нь 14500 гэсэн зарлал өлгөжээ.

Хангай сумын Чандмань багийн малчин өрхийн цагаан идээ гэсэн, утасны дугаар, зарж буй цагаан идээнийхээ үнийг нийтэд ил өлгөсөн асрынхан нүдэнд илүү тусч, худалдан авагчид ч үнэ ханш хэд вэ гэж асууж лавлахгүйгээр шуд наймаа хийж буй нь таатай санагдаж байв. Тус асрынхны зарж буй “Том саран” хэмээх ааруулаар зассан идээний багц долоон төрөлтэй. Хамгийн бага нэгдүгээр багц 15 ширхэг том саран ааруул, гурван суурь еэвэн хэлбэрийн ааруул, нэг кг цөрөм буюу жижиг хэвлэсэн ааруултай, нийт үнэ 320 мянган төгрөг. Дунд зэргийн дөрөвдүгээр багц гэхэд 45 ширхэг том саран ааруул, гурван суурь еэвэн хэлбэрийн ааруул, нэг кг цөрөм буюу жижиг хэвлэсэн ааруултай, нийт үнэ 680 мянган төгрөг. Долоодугаар багц нь 54 ширхэг том саран ааруул, гурван суурь еэвэн хэлбэрийн ааруул, нэг кг цөрөм буюу жижиг хэвлэсэн ааруултай, нийт үнэ 800 мянган төгрөгийн ханштай байна. Өндөр-Улаан сумын бүсгүйчүүд үзэмжтэй сав, баглаа боодолтой, хүний гар цайлгахад урамтай бэлгийн багцууд бэлтгэж ирсэн нь энэ үзэсгэлэнд өнгө нэмжээ. Ирэх жилүүдэд ийм санаачилгыг олон сум хэрэгжүүлэх биз ээ. Найман мянган төгрөгийн үнэтэй, С амин дэмтэй савласан шар сүүн ундаа нь яс төлжүүлэх, тамир тэнхээ сэлбэх байгалийн цэвэр эко дархлаа дэмжигч гэдгийг борлуулагчид хэлж байлаа.

Бэлгийн багцуудаас дурдвал нэг хайрцагтаа нэг удаа хэрэглэх хэмжээний шар тос, шимийн архи, өрөм, хэвлэсэн ааруул, шар сүүний ундаатай цуглуулга, ааруул, өрөмтэй цуглуулга, шоон хэлбэрийн ааруултай цуглуулга зэрэг 25-50 мянгын хооронд үнэтэй зарагдаж байна. Сар шинийн өдрүүдэд ахмад настан, бяцхан багачуудын гар цайлгавал малын цэвэр шимээс бүрдсэн кальци нөхөх, дархлаа тэтгэх бэлэг болно гэдгийг Өндөр-Улааны бүсгүйчүүд хэлж байсан юм. Үзэсгэлэн нээгдээд удаагүй байгаа учир хөл хөдөлгөөн багавтар байсан боловч худалдан авагчид элдэв хольцгүй цэвэрхэн сайхан цагаан идээг малчдын гар дээрээс шууд авч байгаа тул сэтгэл өег байгаагаа хэлж байлаа. Тэдний дийлэнх нь ахмад настнууд байсан юм. “Сард авдаг тэтгэврийн хэдтэйгээ харьцуулахад үнэтэй ч хэрэгтэй, хэрэггүй зүйлд үрж байснаас цэвэр цагаан идээг хэрэглээндээ тааруулаад авахад болохгүй зүйлгүй” гэж зарим нь хэлж байсан бол “Үзэсгэлэн эхэлсэн эхний хэд хоногт багтаж авахгүй бол удаад ирэхээр элдэв ченжүүд холилдоод шүдэнд наалдаж зууралдсан гурилтай ааруул, сингапур тосоор “сэлбэсэн” амт үнэргүй хуурмаг шар тос, элдэв буруу гарын зүйлс нэмэгдээд ирдэг тул яарсан” гэх хүн ч байлаа. “Шар тосны өнгө хурц шар болоод ирэхээрээ зулын тосны хольцтой байдаг. Үнэрлэхэд шар тосны үнэргүй, ер нь огт үнэргүй гэж хэлж болно. Түүнийг цайнд самрахад задардаггүй, шөлний царцсан тос шиг дугуй дугуй болоод хөвдөг, зул бариад ч нэмэргүй, унтардаг тул өрөм авч хайлмаг хийж шар тосоо гаргаж авсан нь сэтгэлд сэвгүй” гэх Архангайн нэр барьсан ченжид хууртаж хаширсан хүмүүс ярих нь ч сонсогдож байв. Бодох л хэрэг.

Харин борлуулагчид “Бид өөрсдийн гараар, өөрийн малын шимээр боловсруулсан идээ зардаг. Харин үүнийг маань худалдаж аваад гурил, зулын тос хольж, Архангайн цагаан идээний нэрээр иргэдэд худалдаж итгэл эвддэг хүмүүс байдаг” гэж байсан юм.

Дараа дараагийн өдрүүдэд цагаан идээгээ борлуулах сумдын тоо нэмэгдэж, идээ цагаа нь төрлөө нэмж, зорин ирэх хүмүүсийн хөл ч ихсэх төлөвтэй. Тэнгэр хангай ч дулаарч, цаг тавирч буй тул задгай талбайд худалдаа хийхэд таатай байгааг малчид хэлж байлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu