Улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнд гаргаж, Азийн аваргаар тодорч явсан Д.Хүдэрбулга жингээ тавьж, үндэсний бөхдөө түлхүү анхааран барилдаж эхэлснээр ноднин жилийн наадмаар улсын заан цолны босгыг О.Хангай аваргаар давсан.
Түрүү үзүүрт л яригдах аваргыг давахын тулд олон жилийн хөдөлмөр, хөлс урссан нь ойлгомжтой. Үүнээс гадна мөн сэтгэлзүйн бэлтгэл, өөртөө итгэх итгэл чухал. Хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг ямар нэгэн тал нь орхигдвол хүссэн амжилтандаа хүрнэ гэхэд хэцүү.
Д.Хүдэрбулгын хувьд ноднин жилийн наадмаар цолоо ахиулна гэсэн бодлыг нь ирлэж, итгэл өгсөн нэгэн зүйл бол Төв аймгийн Өндөрширээтдээ даншгийн Дархан аварга Баянмөнхийн хөшөөг сүндэрлүүлж, өвөг дээдэс, нутаг усаа баярлуулсан нь байлаа.
Зургаадугаар сарын 21-нд буюу халуун зунаар гэнэт их цас унасан өдөр Өндөрширээтийнхэн Баянмөнх аваргын хөшөөг сууринд нь цутгаж, босгохоор яаран хөдөлцгөөжээ. Яргай биетэй, домогт өгүүлснээр бол их өндөр Баянмөнх аваргын үлэмж том цээжинд чоно гөлөглөж байсан гэдэг юм билээ. Энэ үзэмжит, сүр жавхлант хөшөөг мэргэжлийн уран барималч Т.Түмэнбаяр сарын хугацаанд урлан босгожээ. Өөрийн бүтээлээрээ үзэсгэлэн хүртэл гаргасан өнөө цагийн шилдэг уран барималчдын нэг л дээ.
Үүнийгээ ч энэ хөшөөн дээр тод томруунаар харуулжээ. “Мэргэжлийн хүний хувьд дутуудуулсан тал бий. Илүү ч сайхан хийж болох байсан. Гэвч цаг хугацаа жаахан давчуу таарсан” гэж Т.Түмэнбаяр өгүүлсэн юм.
Даншгийн дархан аварга Баянмөнхийн зураг гэхээр зүйл өнөө цагт үлдээгүй тул дээхнэ үеийн бөхчүүдийн биеийн галбир, мөн домгийн дагуу их өндөр, гуалиг, өргөн ханхар цээжтэй гэсэн өгөгдлийг авч, төсөөлөн бүтээжээ.
Баянмөнх аваргын хөшөөг анх 2009 онд Нутгийн Зөвлөлийн дарга Ц.Батбаяр, Үндэсний музейн захирал Н.Зоригтбаатар нар нутаг усныхаа алдарт аваргыг алдаршуулах, түүнийгээ дагаад нутгаасаа сайн бөх төрүүлэхийг бэлэгшээн босгуулсан юм билээ. Гэвч он цагийн саалтанд эвдэрсэн тул Нутгийн зөвлөлөөс Өндөрширээтийн 100 жилийн ойд зориулан хөшөөг сэргээх ажлыг Д.Хүдэрбулгад даалгасан юм байна.
Д.Хүдэрбулга өөрөө улсын начин цолоо ахиулчих бодолтой өдөр бүр хөлс, хүчээ шавхаж яваагийн хувьд бөхийн талаа даан мөн бэлэгшээн уран барималч Т.Түмэнбаяртай уулзаад хөшөөг засаж янзлахад хэцүү болсон учир шинээр хийлгэхээр шийдэцгээжээ. Ингэж л энэ хөшөө боссон юм.
“Хөшөөг аваад явахынхаа өмнө Д.Хүдэрбулга хөлнөөс нь их удаан адис авч, залбирч зогссон. Тэрийг нь би хараад дотроо өрөвдөх ч шиг болсон. Ингээд наадмаар ганц л бөхийг дэмжсэн нь мэдээж Д.Хүдэрбулга. Гэтэл бүр начин цолоо хоёр давуулаад заан болоход нь маш их баярласан” гэж уран барималч маань ярилаа.
“Зарим хүмүүс сумын 100 жилийн ойн наадмаар хөшөөгөө нээе гэсэн юм. Гэвч би наадмын өмнө нээхийг их хүссэн. Наадмын өмнө нээчихвэл цолоо ахиулчих ч юм билүү гэсэн сүсэг, итгэл байгаад байхгүй юу. Түүнийгээ ч хүмүүст хэлсэн. Миний бодлыг дэмжиж, тэр их цастай өдөр бид нээсэн. Хувьтай хүн хур борооноор гэж тийм өдөр нээсэн нь бас давхар бэлэгшээлтэй санагддаг” гэж Д.Хүдэрбулга заан өгүүлэв. Аймгийн цолтноос нь авахуулаад аваргыг хүртэл давчихаад байгаа ид ирэн дээрээ яваа хүчтэний тээсэн бодол, хүсэл энэ байж.
“Бөхөд хайртай нутгийнхан маань хандив цуглуулж, сэтгэлийн харамгүй дэмээ өргөснөөр аваргын тун сайхан хөшөө захиргааны байрын өмнөх цэцэрлэгт хүрээлэнд боссон. Нутгийн зөвлөлийн дарга Ц.Батбаяр, Н.Зоригтбаатар ах гээд нутгийн минь бөхөд дуртай түмэн олны сэтгэлээр бүтсэн юм. Нутгийнхан маань л босгосон юм шүү дээ” гэж заан өгүүллээ.
“Ер нь наадмын дараа гэснийг наадмын өмнө гээд өөрийгөө бодоод жаахан зүтгүүлчихсэн юм биш үү?” хэмээн наргиа болгон асуувал “Тийм ээ, уул усаа дээдэлж, аваргын хөшөөг босгосон болохоор өөртөө илүү итгэлтэй ч барилдсан” гэж заан хэллээ.
Мэдээж, хөшөө бариад л бөх төрчихнө, цол авчихна гэж юу байхав. Гэвч Д.Хүдэрбулгын хувьд Баянмөнх аваргын анхны хөшөөг 2009 онд анх сумандаа нээж, наадам хийхэд түрүүлж, сумын заан цол хүртэж байжээ. Харин үүнээс 15 жилийн дараа хөшөөг шинээр дахин босгож, 100 жилийн ойгоо хийсэн жил улсын заан цолд хүрсэн байх юм. Энэ хорвоо дээрх бүх юм хоорондоо далд холбоотой гэдэг нь үнэн ч юм шиг санагдмаар байгаа биз.
Уран барималч Т.Түмэнбаярын хувьд энэ бол бөхийн дөрөв дэх хөшөө нь гэнэ. “Яг л дээр үеийн яргай биетэй, янзын сайхан галбиртай бөхийг урлаж өгсөн Түмээ ахад их баярласан. Хүмүүст хөшөөний зургийг харуулахад “Ямар гоё хийгээ вэ?” гэж хэлдэг юм” хэмээн заан сэтгэл дүүрэн өгүүлнэ лээ.
Одоо заан цолондоо дүүрэн барилдаж буй хүчтэн маань хэдхэн хоногийн дараа болох Маамын Лхагва арслангийн нэрэмжит барилдаанд зодоглоно гэдгээ хэлснийг дашрамд дуулгая. Түүхээ дээдэлж, удмаа өргөж, нутаг усаа баярлуулж, хөдөлмөрлөж зүтгээд байхад өөр дахиад ч хүртэж болох өндөр цол өмнө нь бий дээ.
Сэтгэгдэл ( 10 )
Хүдэрбулга заан бяр, бие тэгш юм байна билээ, өнөө жилийн наадамд түрүүлж магадгүй шүү. Амжилт...
Багадаа сонсож байсан сайхан домогт бөхийн дурсгалт хөшөө сэтгэл шингэсэн сайхан бүтээл болсонд бүх нийтээрээ шүтэж бишэрч баярлаж байгаа
Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан, гэдэг чинь л энэ шүү дээ. Сэтгэл орох юм бол бяр ч орно, ухаан ч орно. Ийм л зохиролтой юм.
Наадмаас өмнө нэг бөхийн баримал бариулчихвал цолоо ахиулдаг гээд ямар нь энэ тэнэгийн тархийг угаачихав аа, тэнэг дээр нь мухар сүсэг нэрмээд ийм болжээ, хөөрхий
ХӨШӨӨ ЯАХАВ ХАЛУУН УС БОЛОВСОН ОО БОЛ
Хаха, улсын цолонд хүрэх, цолоо ахиулахын тулд бөх болгон мухар сүсгээр нэг ийм баримал хаа нэгтээ босгоод унавал, заваарсан юм болно шүү, уг нь бэлтгэлээ сайн хийгээд, допингныхоо дозыг гайгүй тохируулаад, баримал бариулах мөнгөө найраа хийхэд л болох асуудал ш дээ, кк
Монголоор л дүүрэн бөхийн болсон болоогүй баримлууд байна, бөхийн барималтай болоод хөгжиж дэвжсэн сум, аймаг гэж харин дуулдаагүй л юм байна, бас л нэг төрлийн тэнэгүүдийн туйлшрал л юм даа, нэг хэсэг сум, аймаг бүр шахуу баахан сүржин хаалга энэ тэр хийж баахан шоудав, одоо ихэнх хаягдаад балгас шахуу юм болж байх шиг
Хүдэрээ заанд Аварга цолтон болох нөөц боломж байгаа. Өндөрширээт нутаг уул ус өвс ургамал тэгширсэн сайхан нутаг байна билээ. Хүдэр заанд Хүдэр аварга болохын ерөөл өргөе
Хүдэрээ заанд Аварга цолтон болох нөөц боломж байгаа. Өндөрширээт нутаг уул ус өвс ургамал тэгширсэн сайхан нутаг байна билээ. Хүдэр заанд Хүдэр аварга болохын ерөөл өргөе
Хөшөөнд мөргөх яахав бэлтгэлээ л сайн хий. Түрүүлж ч чадна шүү чи