Япон зэвсгийн экспортын хязгаарлалтаа цуцалжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Японы Засгийн газар зэвсгийн экспортын журамдаа өөрчлөлт оруулсан тухай засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Минорү Кихара мэдэгджээ.

Энэхүү шийдвэр нь өнөөгийн нөхцөл байдалд Японы аюулгүй байдлыг хангах боломжийг нээнэ. Тус улс болон бүс нутгийн энх тайвныг хамгаалахын тулд зэвсгийн экспортыг дэмжих, холбоотон орнуудын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх шаардлагатай байна гэж Кихара онцолжээ.

Өнөөг хүртэл Япон улс нь олон улсын өмнө хүлээсэн үүрэг эсвэл бусад улстай байгуулсан гэрээ, НҮБ-ын тогтоол болон тухайн орон мөргөлдөөний байдалд байгаа тохиолдолд зэвсэг нийлүүлдэггүй байв. Мөн зэвсэг нийлүүлэх зорилго нь хязгаарлагдмал байжээ. Тухайлбал, зэвсэглэлийг авран хамгаалах, тээвэрлэлт хийх, батлан хамгаалах, ажиглах, мина илрүүлэх зэрэг зорилгоор зэвсэглэл нийлүүлэх журам үйлчилсээр иржээ.

Эдгээр хязгаарлалтуудыг цуцлах тухай өөрчлөлт орсноор бүх төрлийн зэвсэглэл нийлүүлэх, үүний дотор бэлэн бүтээгдэхүүн болон эд анги зэргийг нийлүүлэх боломжийг нээж байна. Ингэхдээ зэвсэглэл нийлүүлэх шийдвэрийг парламент бус харин тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гаргах юм.

Түүнчлэн, зэвсэглэлийг зөвхөн батлан хамгаалах зориулалт бүхий тоног төхөөрөмж, технологи шилжүүлэх тухай хэлэлцээр байгуулсан орнуудад нийлүүлэх боломжтой. Хэдийгээр мөргөлдөөн буюу дайны байдалтай байгаа орнуудад зэвсэглэл нийлүүлэх боломжгүй гэж үзэж байгаа ч онцгой тохиолдолд дүрмээс гажих боломжийг үгүйсгээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top