Цахилгааны төлбөрийг 50 хувь хөнгөлөх журам боловсруулж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 12

Өнгөрөгч баасан гаригт төв банкнаас Монгол банкны бодлого үйл ажиллагаа, мөнгөний бодлогын талаар сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийж сургалт явууллаа.

Сургалтын гол зорилго нь анх удаа төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг сэтгүүлчдээр дамжуулан олон нийтэд хүргэх гэдгийг Монгол банкны ерөнхийлөгч онцоллоо.

Тэрбээр "Жил бүрийн аравдугаар сарын 1-нээс өмнө "Төв банкны тухай" хуулийн дагуу Монголбанк төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барьдаг билээ. Энэхүү баримт бичгийн ач холбогдлыг дутуу үнэлэх аргагүй юм. Түүнд Монголбанкны дараа жилийн зорилтууд төдийгүй өмнөх оны мөнгөний бодлогын хэрэгжилт тусгалаа олдог" гэв.

Мөн Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Р.Саранцэцэг “Мөнгөний бодлого", Валют эдийн засгийн газрын ТТССХ-ийн захирал С.Болд “Гадаад валютын дотоодын зах", Хяналт шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэн "Банкны системийн хяналт шалгалт"” гэсэн сэдвүүдээр дэлгэрэнгүй тайлбар хийн сургалт явуулав.

Энэ үеэр инфляцийн эсрэг Монголбанк дан ганцаар сөрөн зогсоод хүчрэхгүй гэдгээ бас хэлцгээж байв. Энэ үеэр МБХ-ийн захирал Р.Саранцэцэгээс цөөн хэдэн асуултад хариулт авлаа.

-Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд ямар зарчим баримтлах вэ?

-Дунд, урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийн орчинг бүрдүүлэхэд зайлшгүй шаардлагатай нам тогтвортой инфляцийн түвшинг бий болгоход мөнгөний бодлогын үндсэн чиглэл оршино. Энэ зорилгын хүрээнд санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд мөнгөний бодлогыг чиглүүлнэ.

-Ирэх онд инфляцийг хэдэн хувьтай байлгах бодлого Монголбанкнаас баримталж байна вэ?
-Бид ирэх жилийн хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдсэн инфляцийг нэг оронтой тоонд буюу 10-аас доош хувьд барихаар саналаа оруулж байгаа. Энэ нь хэдийгээр өндөр талдаа байх ч манай өнөөдрийн улс төр,эдийн засгийн нөхцөл байдалд үүнээс нам зорилт дэвшүүлэх боломжгүй байна. Төв банк инфляцийг ийм түвшинд хязгаарлаж цаашид намсгах зорилго тавьж байгаа. Харин 2013-2014 онуудад найман хувиас хэтрүүлэхгүй түвшинд байлгана.

-Инфляцийн өсөлтөд хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйлс?
-Ер нь инфляци үүсэх гурван ундсэн шалтгаан байдаг. Илүүдэл эрэлт. Энэ бол бараа, үйлчилгээг худалдан авах эрэлт нь тэдгээрийн нийлүүлэлтээс өндөр болохыг хэлж байгаа юм. Мөн нийлүүлэлтийн хомсдол. Бараа үйлчилгээний нийлүүлэлт түүнийг худалдаж авах эрэлтээс бага болох. Жишээ нь мах, бензиний нийлүүлэлтийн хомсдол. Гурав дахь шалтгаан нь инфляцийн хүлээлт үүсэх. Үүнд бизнес эрхлэгчид болон иргэд ирээдүйн орлогоо тооцох, хөрөнгө оруулалтын ашгаа тооцохдоо үнийн өсөлтийг тооцоолоход хүргэдэг. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд төсөв хэтэрхий тэлж байна. Энэ нь төсвөөс халамж тараан инфляцийг өдөөх, гаднаас орж ирж буй валютын урсгалаар хилийн чанадад үйлдвэрлэгдсэн барааны хэрэглээг тэтгэх хандлагыг бий болгож байна. Мөн мөнгөний нийлүүлэлт, иргэн, ААН-ийн зээл, орон сууц, барилгын материалын үнэ зэрэг өсч байгаагаас шалтгаалж байгаа.

-Эдгээр
эрсдлийн үед Монгол банк ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Энэ үед богино хугацааны, гэнэтийн их хэмжээний гадаад валютын урсгалыг мөнгөний бодлогын арга   хэрэгслээр зохицуулж, түүний эдийн засаг дахь сөрөг нөлөөллийг бууруулах ёстой.

-Тэгвэл Засгийн газар?
-Хамгийн нэгдүгээрт төсвийн урсгал зардлыг хязгаарлах. Мөн дотоодын зах зээл дэх илүүдэл эх үүсвэрийн эдийн засгийн чадавх, багтаамжийг нэмэгдүүлэх, бүтцийн гажуудлыг засах урт хугацаатай хөрөнгө оруулалт болгох. Гуравдугаарт, ирээдүйд хүлээгдэж буй хөрөнгийн дотогшлох урсгалын эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд хангах хөрөнгө оруулалтад цаг алдалгүй, оновчтой, жигд чиглүүлэх. Мөн гадаад худалдааны алдагдлыг бууруулах чиглэлээр зохистой бодлого хэрэгжүүлэх. Төсвийн тогтвортой байдлыг тууштай хангах зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top