Бяцхан хүү аав, ээжийнхээ ажилдаа явсан хойгуур компьютероо асаан өнөөх аллага үйлдэж буй тоглоомынхоо ард улайран сууна. Тэрээр “Алаад өгөөрэй. Уухайс даа, гоё үхлээ. За, одоо дараачийнх нь үхдэл болно доо” хэмээн чанга дуугаар хашгирна. Түүн шиг өөр олон айлд иймэрхүү алаан хядаантай тоглоом тоглогсод зөндөө олон. Сэтгэцийн эмгэг судлалын төвд ийм тоглоомд донтосноос болж өвчилсөн хүүхдүүд цөөнгүй ирдэг болсон гэнэ. Ер нь манай хүн амын 43 хувь нь сэтгэцийн ямар нэг асуудалтай гэсэн хачирхалтай судалгаа бий. Амьдралын орчин дахь сэтгэл гутрал, хөөрөл, хямрал, төрөлхийн гажиг, тоглоомын дон гээд юм юмнаас л ийм байдал үүсч буй нь тодорхой. Гэхдээ бид аллагаар дүүрэн тоглоомоос хүүхдүүдээ хамгаалж чадахгүй байна.
Америкийн цэргийн хурандаагийн санаачилж хийлгэсэн компьютерийн тоглоомууд дэлхий даяар хар мөр дагуулж байгаа ажээ. Тус улсын эмч нар ийм тоглоомоор хүүхдээ тоглуулахгүй байхыг зөвлөдөг боловч хаа сайгүй тархсан аймшигт алуурчин бүхий тоглоомыг устгах сонирхол энэ төрлийн бизнес эрхлэгчдэд огтхон ч байхгүй нь гачлантай. Өдрөөс өдөрт тоглоомын донтонгууд гарч ирсээр байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн зарим улс орнуудад гарсан онц ноцтой гэмт хэргүүдийн дийлэнх нь компьютер тоглоом, садар самуун явдлаар дүүрсэн киноноос болжээ. Тэдгээр тоглоом, кино нь залуучуудын сэтгэхүйд гүнзгий нөлөөлсөөр байна.
Америкийн Лос Анжелост нэгэн залуу 20 гаруй оюутныг буудан хөнөөсөн нь үүнтэй холбоотой байлаа. Мөн өнгөрсөн онд Хятадын Фужин мужид компьютер тоглоомд донтож сэтгэцийн өвчтэй болсон эр бага сургуулийн найман хүүхдийг хутгалж хөнөөсөн юм. Тэр гэмт үйлдлээ санаандгүй хийсэн гэхэд эргэлзээтэй. Мань эр хүүхдүүдийн хичээлдээ явах замыг тосон том хутга бариад зогсож байв. Хүүхдүүд цувран гарч ирмэгц шууд дайран захаас нь хутгалж эхэлсэн байлаа. Ийнхүү хутгалж байхдаа “Та нар надад амьдрах боломж олгосонгүй” хэмээн орилж байсан гэдэг. Энэ хэргийг үйлдсэн Зен Ми Си гэгч нь эмч мэргэжилтэй бөгөөд компьютер тоглоомын донтон байсан байна. Зан харилцаанд нь илэрхий өөрчлөлт орсоныг хамт ажиллагсад нь мэдээд түүнийг эмчилгээнд оруулсан байлаа. Гэвч тэр эмчийн заавар зөвлөлгөөг хайхарч үзэлгүй явсаар ийм хэрэг өдүүлжээ.
Энэ оны 7 сарын 25-нд Норвегт болсон аймшигт аллагыг хүмүүс сайн санаж байгаа байх. Андрес Бревик гэгч нь 100 гаруй хүнийг буудан хөнөөж дэлхий нийтийг цочирдуулсан юм. Шүүгчийн асуултанд тэр “Би томоохон хэмжээний халдлага үйлдэх хэрэгтэй гэж бодсон, тэгээд л...” хэмээн хэнэгч үгүй хариулжээ. Осло хотод дэлбэлэлт хийгээд дараа нь 40 гаруй км-т орших жижигхэн арал дээр амарч байсан тэдгээр хүүхдүүдийг хүйс тэмтэрсэн юм.
Саяхан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 3 дугаар байранд амьдардаг нэгэн гэр бүлийн гурвын гурван хүний амийг хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа. Энэ хэргийн эзэн Б.Эрдэнэбилэг гэгч нь бас аймшигт тоглоомын донтон бололтой. Тэрбээр урьд нь хүн амины хэрэг үйлдсэн байжээ. 2009 оны 1 сарын 8-нд өөрийн найз С.Эрдэнэбаяр, Д.Цогтбаатар, Н.Мэндбаяр, Ш.Гантулга нартай архидан согтуурч, нөхдөө зодож, хүлж орхиод, улмаар Ш.Гантулгыг дагуулан Н.Мэндбаярын дүүгийнд очиж, ээжид нь хутга тулган хүчирхийлсэн юм. Ийнхүү хүчирхийлэхдээ эмэгтэйн бэлэг эрхтэнд хутганыхаа үзүүрийг шүргүүлэн балмад аашилж байсан гэдэг. Харин энэ хооронд найз Н.Мэндбаяр нь хүлгэндээ ороогдон нас барсан байв. Ш.Гантулга тэр хоёр анх хийсэн хэргээ хүлээсэн боловч сүүлдээ өмгөөлөгч нарыг өндөр хөлсөөр ажиллуулан мэдүүлгээсээ бултан зайлсхийсээр өдий хүрчээ. Хяналтын прокурор Ц.Насанбат гэгч нь түүнийг өөгшүүлж, ялыг хөнгөлж, батлан даалтанд гаргах зэргээр “харж” үзсэн нь ийм хэрэг өдүүлэх бас нэг нөхцөл болсон байна.
Хилийн заставт буун дуу гарч, хүний амь хөнөөгдөх нь олширчээ. Одоогоос гурван жилийн өмнө Дорноговь аймгийн Улаан-Уулын заставт хилийн цэргийн дөрвөн байлдагч хоёр офицерийг буудан алсан юм. Тэд ийм хэрэг хийснийхээ дараа заставын дайчдаа барьцаалан “Нэг л хүн хөдөлбөл буудлаа хэмээн” сүрдүүлж байв. Энэ хэргийн гол толгойлогч нь Дархан-уул аймгийн харъяат, байдлагч э.Оюунболд гэгч байлаа. Тэд мөн компьютер тоглоомын эзэд байв.
Энэ оны 9 дүгээр сарын 8-ны өдөр МУИС-ийн харъяа Эдийн засгийн сургуулийн замын эсрэг талд байрлах РС тоглоомын газарт хүний амь хөнөөсөн хэрэг гарлаа. Талийгаачдын нэг нь Г.Цогт-Очир гэдэг бөгөөд интернэт, РС тоглоомын газар ажиллуудаг байсан гэнэ. Нөгөөдөхийг нь А.Санжаа гэдэг. Тэдний цогцос тэрхүү тоглоомын газарт хоёр хоносон бололтой. Тэд хоорондоо сайн найзууд байсан гэх боловч А.Санжаа нь Г.Цогт-Очирыг буудаж алаад дараа нь өөрийгөө хороосон нь тогтоогдсон байна. Ийнхүү аллага үйлдэхээсээ өмнө тэр Г.Цогт-Очирын эхнэр рүү утсаар ярихдаа “Нөхөр чинь 15 цагийн үед ирсэн. Тэгээд хөдөө явлаа гээд явсан” гэжээ. А.Санжаа нь 30 гаруй насны, гэр бүлгүй нэгэн бөгөөд бас л тоглоомын донтон байсан бололтой.
РС тоглоом хүүхдийн сэтгэцэд хэрхэн нөлөөлж буйг бид шар хадны эмнэлэг дээр очоод харж болно. Тэнд сүүлийн жилүүдэд ийм тоглоомоос болж сэтгэцийн өөрчлөлтөнд орсон, наад зах нь мэдрэлийн ядаргаа туссан хүүхдүүдэд зориулан тусгай тасаг нээжээ. Тиймээс хаана л бол хаана тааралддаг РС тоглоомын газруудыг цэгцлэх цаг болсон юм байна. Эрүүл мэндийн яам үүнийг анхаарч буй биз.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )