Б.Хурцыг улс төрийн шалтгаанаар хүн зодоогүй гэж үзжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 03

  Б.Хурц эх орондоо ирснээс хойш арав гаруй хоног өнгөрлөө. Хүмүүс  “Энэ нөхөр яагаад ийм амархан суллагдав. Германы тал түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн шүү дээ” хэмээн олон зүйлийг түүнээс сонирхож байна. Харин тэр хэвлэлийнхэнд ам нээсэнгүй. Нууцлаг байдал хэдий болтол үргэлжлэхийг бүү мэд. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Сэлэнгэ, Дархан-Уул аймагт зочлох үеэр иргэд түүнээс “Хурцыг ямар үнээр авчрав”, “Эрүүгийн хэргийг яагаад хэрэгсэхгүй болгосон бэ” хэмээн асууж байлаа. Ерөнхийлөгч тэдгээр асуултанд хариу өгөхөөс эрс татгалзсан юм. Тэрбээр “Энэ тухай нэлээд олон жилийн дараа иргэд маань мэдэж болох байх. Миний хувьд нийтэд ил тод ярьж болох зүйл, болохгүй зүйл гэж бас бий” гэв. Тэр төрийн нууцад хамааруулан ийнхүү хэлсэн болов уу. Харамсалтай нь 2003 онд Б.Хурц нарын тагнуулчид Францаас Д.Энхбатыг хулгайлж, эрх чөлөөнд нь онц ноцтойгоор халдан байж эх орондоо авчирсан нь яалт ч үгүй ил болсон үнэн юм. Сийзхүү, Бат-Эрдэнэ, Эрдэнэбат зэрэг тагнуулчид хамт явсан тухай мэдээ бий. Өөрөөр хэлбэл энэ талаархи мэдээллийн нууцлалт аль хэдийнээ задарчээ. Саяхан харин “Өдрийн сонин”-ы Берлин дэх сурвалжлагч Ю.Дэлгэрмаа Германы Дээд шүүхийн хэвлэлийн газрын төлөөлөгч, шүүгч, доктор Тобаис Каенетай уулзаж ярилцсан байна. Тобаис Каене Б.Хурцын талаар тайлбарлахдаа “ХНБГУ-ын Холбооны Дээд шүүхээс түүнийг суллах шийдвэр гаргасан. Манай эрүүгийн хуулийн 224, 234 дүгээр заалтын дагуу хүний биед ноцтой гэмтэл учруулсан, хулгайлсан бол 1-15 жилийн ял оноодог. Гэхдээ танхайн сэдлээр зодсон, улс төрийн шалтгаанаар зодсон гээд хоёр янзаар авч үздэг. Улс төрийн шалтгаанаар зодсон хэрэг бол ер нь их ховор” гэжээ. Ийнхүү Б.Хурцыг улс төрийн шалтгаанаар хүн хулгайлаагүй, зодоогүй гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон бололтой. Гэвч бүтэн жил Англи, Германд дамжин хоригдсон түүнийг гэв гэнэтхэн “Чи гэртэй харь” гээд явуулж орхисон нь эргэлзээ төрүүлсээр байгаа ажээ. 

Б.Отгонбаяр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top