МУИС-д “Технологи дамжуулах төв” нээгдлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 05

Инновацийн тогтолцоог бий болгох, мэдлэгийн аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор МУИС-ийн дэргэд  “Технологи дамжуулах төв” байгуулагдаж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтэд  Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, БСШУЯ, ШУА, ШУТИС, ХААИС, ЭМШУИС зэрэг бодлого боловсруулах болон судалгаа шинжилгээний  байгууллагын төлөөлөгчид оролцож хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн үеэр  их сургуулийн зарим судлаачдын судалгааны үр дүнгээр  ялангуяа биологийн салбарт хүнсний нэмэлт тэжээл, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх эхний гэрээ хэлцлийг  Солонгосын KAIST  буюу Гуаньжу их сургуулийн технологийн төвтэй хийх болсон тухайгаа МУИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, доктор Ч.Ганзориг хэллээ. 
МУИС-ийг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хүрээнд үүдээ нээсэн энэхүү төв нь эрдэмтэн судлаачдын мэдлэгийг баялаг болгон хувиргах үйл ажиллагааг чиглүүлэн зохион байгуулж, улмаар Монгол оронд мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй түлхэц үзүүлнэ гэдэгт албаны хүмүүс санал нэг байв. 
“Технологи дамжуулах төв”  нь эрдэмтдийн судалгааны үр дүнг шинэ технологи, шинэ  бүтээгдэхүүн болгон хувиргаж зах зээлд нэвтрүүлэхээс гадна тэдний оюуны өмчийг хуулиар баталгаажуулж, нууцлалыг чанд хадгалах юм. 
Төвд зөвхөн эрдэмтэн  судлаач гэлгүй  оюутнуудыг үйл ажиллагаандаа татан оролцуулж ирээдүйн шинэ бүтээл, оновчтой загварын эздийг тодруулах бас нэг зорилготой юм.
“Технологи дамжуулах төв” -ийн үйл ажиллагааны үр дүн олон нийтэд танигдсанаар багш, судлаачид амьдралд ойрхон, зах зээл рүүгээ хандсан судалгаа хийдэг болохоос гадна их сургууль болон  хувийн хэвшлийн пүүс, компаниудын харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхэд өндөр ач холбогдолтой юм байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top