Үрчлээний оньсого

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 03

Физиогномика. Шинжлэх ухааны хувьд аль эрт тодорхой болсон ухаан ч өдгөөг хүртэл Ази, Африк, Өмнөд Америкийн хэд хэдэн оронд царай төрхөөр нь хүнийг, хувь тавилан, заяа төөргийг нь шинжих явдал нэн түгээмэл хэвээр, бараг цорын ганц уламжлалт арга хэвээр, улам хөгжсөөр төгөлдөржсөөр байна. Олон парапсихологч ажил үйлдээ физиогномикийг дуртайяа ашигладаг. Царайны төрх байдал, өнгө, түүний хэсгүудийн том бага, хэлбэр галбираар физиогномчид ерөнхий онош тавьдаг төдийгүй тухайн хүний зан төлөв, сонирхол, авьяасыг ч шинждэг. /Физиог- номика-хүнийг царай төрхөөр нь шинжпэх ухаан. Орч/.
Оскар Уайльдын “Дориан Грейгийн хөрөг” хэмээх алдарт романы нэгэн баатрын амнаас, уран бүтээлийн шаналан гадаад байдлыг нь хувирган гутаадаг учраас уран бүтээлч улс ёс мэт муухай төрхтэй байдаг гэсэн гашуун үг унадаг, Хүний сэтгэл зүй, бие махбод, оюун санааны төлөв байдал нүүр царайд тусгалаа олдог нь эргэлзээгүй үнэн бөгөөд харин дээр өгүүлсэн санаа бодолтой хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөх эсэхийг мэдэхгүй байна. Түүнээс гадна зарим үзмэрч аливаа хүний нүүр царайг хараад /заримдаа хөрөг зураг, гэрэл зургийг нь харахад л хангалттай/ хэтийн хувь заяаг нь төвөггүй хэлж өгдөг. Мөн нас барсан хүмүүсийн хөрөг зурагнаа үхлийн тамга гэж нэрлэдэг зүйл ч тодорхой дүрслэгддэг. Анна Ахматовагийн:
Хүн үхэхийн цаг дор
Хөрөг дүр нь өөрчлөгддөг
Эрс өөр харцаар ширтдэг
Яруу найрагчийг хөдөөлүүлж ирээд
Яалтгүй үүнийг би анзаарсан
Энэ цагаас би анзаарсан
Энэ цагаас хойш үе үе шалгахад
Эрхгүй миний таамаг нотлогдоод байнам
гэсэн мөрүүдийг саная.
Яруу найрагч эмэгтэй соргог анзаарч, үхлийн тамганы онцлог шинжүүдийг үгээр зурсан нь энэ. Энэхүү аймшигт тамга хүнийг үхэхээс хавьгүй өмнө “дарагддаг” бөгөөд яг үхэхийн өмнөхөн бол туршлагагүй физиогномч хүртэл эрхгүй анзаарч хардаг гэж парапсихологчид нотолдог. Би 1993 оны хавар энэ үгэнд өөрийн биеэр итгэж билээ.
Тэр үед би Челябинскийн Төмөрлөгийн үйлдвэрийн дүүргийн нэгэн сургуульд парапсихологийн анагаах увдисын тухай цуврал лекц уншиж байсан юм. Манай хичээл оройтож тардаг, биднийг гарангуут сургуульд манаачаас өөр хүн үлддэггүй байв. Тэр гайт өдөр дөнгөж сая ажилд орсон хар хүн сургууль манаж хонох ёстой байлаа. Энэ бол түүний анхны гараа. Би ангийн түлхүүрээ жижүүрт өгөх үедээ түүнтэй хэдэн үг солилоо. Түүний хүйтэн царай, тоомжиргүй гүйлгэнэсэн харц надад айдас төрүүлэв. Түүний буй байдал, хөдөлгөөн, харц, явдал, ярианы өнгө цөм нийлээд ямар ч юм бэ нэг аймшигт совин төрүүлнэ. Үүнийг би ганцаараа ч ажиглаагүй байлаа. Манай курсийн нэг сонсогч бүсгүй надтай цуг явсан бөгөөд сургуулиас гарангуутаа “Энэ манаачийн харц ямар эвгүйцмээр юм бэ? Нуруугаар хүйт оргичихлоо” гэж аяархан хэлж билээ.
Маргааш өглөө нь бид нөгөө шөнийн манаач алуулсан гэж дуулав. Тэгэхээр тэр эрийн царайнаас бид үхлийн тамга олж харсан байж магад?
Бас өөр нэг тохиолдол бий. Миний нэг танил (парапсихологи, физиогномикаас хол хүн) эмгэнэлт явдлын өмнөхөн эхнэрийнх нь царай өөр хүнийх мэт болж хувирахыг харлаа гэв. Өглөөний цайн дээр өөдөөс нь харж суусан тэрбээр удтал харсны эцэст тэсэлгүй “Чи зүгээр үү!” гэжасуужээ. “Тийм ээ. Бүх юм сайхан байна” гэж тэр инээмсэглэн хариулав. Тэрбээр нөхөр рүүгээ харан инээмсэглэсээр байсан ч төрөлхийн ялдам инээмсэглэл нь аймшигтай ярзайлт болон хувирч, харцнаас нь үхлийн хүйтэн жавар сэнхийх шиг болжээ.
Түгшүүрт мэдрэмж улам улам даамжирсаар байсан боловч энэ бүхэн ердөө л тэгж санагдсан хэрэг хэмээн тэрээр өөрийгөө хүчлэн, муу бодлоосоо ангижрахын тулд ажилдаа улайрчээ.
Хэдхэн цагийн дараа эхнэр чинь автомашины ослоор нас барлаа хэмээн түүнд мэдэгдэв.
Дараагийн жишээ бол сонгодог уран зохиол. Михаил Юрьевич Лермонтов “Манай үеийн баатрууд”-ынхаа нэг бүлгийг “Хувь заяанд итгэгч” нэртэй туурвихдаа эмгэнэлт бодит явдлыг дэвсгэрлэн туурвисан нь хожим тодорхой болжээ. Энэ бүтээлийн гол баатар Печорин дэслэгч Вуличийн өөдөөс харан сууж ахуйдаа нүүрнээс нь Үхлийн тамга олж харснаа өөрт нь хэлдэг. Дараа нь Вулич тэнд байсан цэргийн дарга нарын нүдэн дээр өөрийгөө буудахаар цэнэгтэй гар бууны гох дарсанболовч буу нь баараад бууддаггүй. Мэдрэмжиндээ хууртжээ хэмээн итгэсэн Печорин унтахаар явна. Тэгтэл шөнө дунд түүнийг сэрээж, дэслэгч Вуличийг согтуу хасаг цавччихлаа гэж хэлдэг шүү дээ. Дараа нь юу болсныг бичвэрээр нь сонирхъё.
“…Тэрбээр амьсгаа татахын босгон дээр байсан бөгөөд ердөө “Түүний зөв” гэсэн хоёрхон үг хэлэв. Энэ үгийн битүү утгыг би л ганцаараа ойлгосон. Энэ бол надад хандсан үг. Би л хөөрхий түүний хувь заяаг өөрийн мэдэлгүй угтан хэлж, мэдрэхүй минь ч намайгхуурсангүй. Би түүний өөрчлөгдөж хувирсан царайнаас удахгүй ирэх үхлийн тамгыг олж үзжээ”.
Ирээдүй /ялангуяа эмгэнэлт/үрчлээ болгонд, харцанд, инээмсэглэлд, тэр бүү хэл хүний үсний засалтад хүртэл жин тан төлөвлөгдөн шингэдгийг бид тодорхой харлаа. Гэтэл үнэн хэрэгтээ хувь заяаг ганц нэгхэн тохиолдолд л урьдчилан хэлж болдог. Харин нүүр царайг шинжихүй нь үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлыг тандан судлах оношлох хамгийн хялбар арга билээ. Өнө эртний цаг үед физиогномикийн сургаалдаа Аристотель ч үүнийг тэмдэглэсэн нь буй.
Ингэхэд Европын хувьд энэхүү ухааны оргил цаг нь Х\/1!1-Х1Х зууны зааг үе байлаа. Энэ нь юун түрүүнд Швейцарийн шашин-ёс суртахууны номлолч, яруу найрагч, судлаач Иоганн Каспар Лафатерийн нэртэй холбоотой. Лафатерийн үндсэн сургаалиуд тухайн үеийн анагаах ухаан, гэмт хэрэг судлал, гүн ухаанд жинхэнэ эргэлт хийсэн. Европ тив тэр аяараа Швейцарь эрийн өвөрмөц үзэлд автжээ. Оношлогооны энгийн, түргэн, хялбар арга, Лафатерийн үзэл санааны шинэлэг, хүртээмжтэй байдал олны анхаарлыг эрхгүй татаж байлаа.
Орчин үеийн физиогномчид нүүрний төрх, хүний зан төлөвтэй нэгэн адилаар гучин наснаас хойш бүрэн төлөвшдөг хэмээн нотолдог. Гэхдээ зарчмын хувьд альч насны үилчлүүлэгчиин эрүүл мэнд, оюун санааны ертөнцийн байдлыг нүүр царайгаар нь тодорхойлж болно.
Ийм тохиолдолд тухайн парапсихологч задлан шинжлэхүйг сонирхогч басхүү хичээнгүй, ухаалаг, физиогномикийн салбарын өргөн мэдлэгтэй байх учиртай. Оскар Уайльдын бүтээл рүү дахин хандъя. Дориан Грей өөрийн ёс суртахууны уналтаа олноос уран чадварлаг нууж залуухан, сонирхолтой эр хэвээрээ байдаг. Гэтэл түүний хөрөг нь өтөлж, зураг дээрээс хүн бус, харшгүй муухай амьтан ширтэж байдаг. Уайльд ахуйн ердийн байдлыг хэтрүүлж, бидний байдгаараа нууж хаацайлдаг нүгэл хилэнц бүхэн нүүр царайд аймшигтай, үл арилах тамга болон буудгийг уран сэтгэмжийн аргаар уншигчдад үзүүлжээ. Үүнийг баллаж арилгах боломж байхгүй.
Харин эмчилгээний физиогномик аргын тухай яръя гэвэл Москвагийн мэдрэлийн эмч Гарик Назлояны санал болгож буй маш өвөрмөц аргыг нэн тэргүүнд санах нь зүйтэй болов уу. Эмчилгээний энэ гайхамшигт аргын мөн чанар гэвэл доктор өвчтөнийг өмнөөсөө харуулж суулгаад… түүний хөрөг баримлыг хийж эхэлдэг арга авай. Энэ засал заримдаа өдрийн хоёр гурван цаг, заримдаа хэд хэдэн хоног ч үргэлжилж, эмч “өвчний багийг” хөрөг баримлаас нь “салгаж хуулах” хуртэл үргэлжилнэ.
Энэ эгшинд өвчтөний нүүрнээс гай зовлонгийн ул мөр ховхрон унаж /энэ үгийг жинхэнэ утгаар нь хэлэв/ засал эмчилгээ үйлчлүүлэгчийн тасралтгүй элгээ хөштөл инээх, үгүй бол их дуугаар уйлахаар өндөрлөх нь олонтаа. Энэ хүн ухаан солиу болж галзуурчихлаа гэмээр сэтгэгдэл төрүүлэхийг яана. Гэвч нэг л мэдэхийн өвчтөний царай гэрэлтэн, эрүүл саруул болдог. Бид бүхэн эргэн тойрондоо дүнсгэр, бүрзгэр, өвчин зовлонд автсан хүмүүсийн царайг олж харах нь олонтаа. Аз жаргалаар гэрэлтсэн царай тэр болгон харагдаад байдаггүй шүү дээ. Шохоорхоод байх шалтаг ховор болохоор өөрийгөө толинд харах цөөрөөд л байгаа юм. Гэхдээ л… Толинд харж инээмсэглэцгээ! Ямар ч шалтгаангүйгээр зүгээр л инээ! Таныг сайхан инээдгийг бид мэднэ. Өөртөө болоод энэ ертөнцийн амьд бүхэнд амар амгалан, төгс төгөлдөр, саруул ухаан, эвлэрэл, авьяас, хөдөлмөрт дурлахуйг чин сэтгэлээсээ хүсэгтүн! Дахиад инээмсэглэ! Таны харцнаас сайн сайхан, хайр дурлалын гэгээн сайхан туяа цацарч байнам.
…Царай чинь гэрэлтэж, та эрүүл саруул болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top