Zindaa.mn сайтын уул уурхайн сэдвээр асуудал дэвшүүлсэн нийтлэл үргэлжилж байна. Манай сайт Таван толгойн хувьцааны албан ёсны цогц мэдээллийг иргэдэд хүргэхээс гадна ард түмэндээ уул уурхайн талаарх сонирхолтой тоо баримт, мэдээллүүдийг багцлан хүргэж байгаа билээ. Энэ удаад бид дэлхий дахинаа Голланд өвчин хэмээх нэр томъёог хүртэл үүсгэсэн Голланд улсын байгалийн баялгаа буруугаар ашигласан жишээг хүргэж байна.
Голланд улсад 1959 онд байгалийн хийн томоохон орд нээгджээ. Ордын ашиглалт эдийн засгийн үсрэнгүй хөгжил авчирна хэмээн судлаачид үзэж байв. Харамсалтай нь энэ таамаглал эсрэгээр эргэж тус улсын аж үйлдвэрийн салбар уналтанд орсон юм. Үүнээс үүдэн “Голланд өвчин” гэдэг нэр томъёо бий болжээ. Энэ ухагдахууныг эдийн засгийн салбар дахь байгалийн баялгийн өсөлт, үйлдвэрлэлийн салбарын уналтын харьцаагаар тодорхойлдог. Байгалийн баялгийн олборлолтын хэмжээ, үнэ ханш ямагт хэлбэлзэж байдаг байна. Өөрөөр хэлбэл, байгалийн баялаг нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн өндөр мэдрэмжтэй бүтээгдэхүүн юм. Тиймээс тухайн орны эдийн засаг, экспортод томоохон байр суурь эзэлдэг учраас төсвийн орлого, зарлага өсч буурахад шууд нөлөөлнө. Энэ нь муу хэрэг л дээ. Эдийн засаг үүнээс хамааралтай байх тусмаа эрсдэл ихтэй, “Голланд өвчин” тусах магадлал өндөртэй байдаг гэсэн үг. Ийм "өвчин" эдийн засагт үүсэх гол шалтгаан нь уул уурхайг ашиглахтай холбоотой хөрөнгө оруулалт болон түүхий эдийн экспортын орлого нь гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхээр дотоодын валютын бодит ханшийг чангаруулдаг. Энэ нь үнийн өсөлт болон үндэсний валютын ханш чангарах хэлбэрээр илэрнэ. Улмаар экспортын болон импорттой өрсөлддөг бүтээгдэхүүний гадаад валютаар илэрхийлэгдэх үнийг нэмэгдүүлснээр гадаадын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадварыг нь бууруулдаг байна. Ингээд уул уурхайгаас бусад салбарыг уналтанд оруулж, эдийн засгийн өсөлт суларч эхэлдэг. АНУ, Австрали, Мексик, Голланд, ОХУ зэрэг орон алт, зэс, нүүрс, нефть гэх мэт байгалийн баялгаар гэнэт “цатгалдаж”, “Голланд өвчин”-өөр өвчилж байжээ. Уг өвчний эхний шинж тэмдэг илрэх үед тухайн улсын төсвийн зарлага өсдөг. Энэхүү өсөлтөө удаан хадгалж чадахгүйд хүрдэг байна. Ингээд төсвийн орлого, зарлага нь байгалийн баялгаас хамааралтай болчихсон байдаг ажээ. Мөн Голланд улсын бас нэг томоохон алдаа бол ажиллах хүчний зах зээлээ өөрсдөө сулруулсанд оршино. Байгалийн баялгаас асар их хэмжээний орлого олох болсон тус улс иргэн бүртээ халамжийн томоохон бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Ялангуяа ажилгүйдлын тэтгэвэр, хүүхдийн мөнгө, эхийн мөнгө гэхчилэн маш олон төрлийн халамжийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр ажил хийх сонирхолтой хүн ховордож, хүн амынх нт дийлэнх хэсэг нь асар өндөр ажилгүйдлын тэтгэврээр амьдрах болжээ. Яг одоо Монголын төр засгаас явуулж байгаа халамжийн бодлого, эдийн засагт гарч байгаа валютын ханшийн өөрчлөлт нь Голланд өвчний шинж тэмдгийг бүрэн илтгэж байна. Манай улс төрийн намууд саяхан бэлэн мөнгөний амлалтаас татгалзах хэлцэл хийсэн явдал нь зүйтэй алхам боллоо. Одоо эдийн засагт урсан орж ирж байгаа их валютыг зөв удирдах, стратегийн гол ач холбогдол бүхий үйлвэржилтэнд зарцуулах зэрэг шаардлага бидний өмнө урган гарч ирж байна. Тэгэхээр яах ёстой вэ. Монголын төр, засаг энэ талаар бизнес эрхлэгчидтэй олон удаа уулзаж байлаа. Уулзалтын үеэр “Голланд өвчин”-өөс урьдчилан сэргийлэх гол арга нь хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын салбарыг төр бодлогоор дэмжих явдал” хэмээн тодорхойлж байв. Гэхдээ энэ нь “Голланд өвчин”-өөс урьдчилан сэргийлэх олон аргын зөвхөн нэг нь юм. Өөр бас нэг арга бол баялгийн өсөлтөөс орж ирсэн нэмэлт орлогыг нөөцөлж сан байгуулна. Үүнд “Хүний хөгжил сан”, Хөгжлийн банк зэргийн нэрлэж болох юм. Гол нь тэнд төвлөрсөн хөрөнгийг цацах бус арвижуулах зорилгоор дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбар, хувийн хэвшлийг дэмжих нь чухал гэдгийг дээр дооргүй одоо ойлгож эхэллээ. Ер нь онолын хувьд “Голланд өвчин”-ий аюулыг бууруулах хоёр үндсэн арга бий. Эхнийх нь валютын ханшийг тогтвортой байлгах, үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх явдал юм. Энэ нь төсөвт орж ирэх орлого ашгийг шууд оруулалгүй нэг хэсгийг нь тусгай санд төвлөрүүлэх замаар удаашруулан жигд барьж байдаг бөгөөд зарлагын өсөлтийн нөлөөллөөс хамгаалдаг сайн талтай. Нөгөөтэйгүүр орлого, ашиг тогтвортой урсан орох эсэх нь тодорхойгүй нөхцөл үүссэн үед гэнэтийн их ашиг олж түүнийгээ мөн санд оновчтой хэлбэрээр байршуулах нь эрсдэлээс хамгаална. Гэхдээ “Голланд өвчин”-ий гол аюул нь инфляцийн өсөлт юм. Энэ нь төсвийн хэт тэлэлт, нийгмийн халамжийг хавтгайруулснаас үүдэлтэй байдаг. УИХ-аас 2011 онд баталсан төсвийн алдагдал, урсгал зардлын өсөлтийн гол хүчин зүйлсийг 2010 онтой харьцуулахад цалин хөлс, бэлэн мөнгөний шилжүүлгийн зардал бараг 50 хувиар өссөн байлаа. Энэ талаар Дэлхийн банкны Монголыг хариуцсан тэргүүлэх эдийн засагч Рожер ван Дн Бринк “Бидний тооцоолсноор 2011 оны эцэст инфляци одоогийн түвшин буюу 10 хувь дээр дахин 15 хувь нэмэгдэнэ. Ингэснээр инфляци нь төсвийн зарлагын бодит үнэ цэнийг богино хугацаанд үнэгүйдүүлж, хуваарилсан бэлэн мөнгөний ач тусыг багасган тусламж дэмлэг хамгийн их хэрэгцээтэй байгаа хэсэгт хүндээр тусна” гэжээ. Ингэж төгрөгийн бодит ханш чангарах нь эрдэс баялгийн бус олон улсын худалдаанд гарах боломжтой салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл Монгол улсын хувьд хөдөө аж ахуйн зэрэг бүтээгдэхүүнийг нь дэлхийн зах зээл дээр борлуулдаг бусад салбар энэ аюулд хамгийн түрүүнд нэрвэгдэж мэдэхээр байгаа ажээ.
Уул уурхайн алба. Б.Отгонбаяр Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )