Хүлээсэн Аз жаргал

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 18


 

 Хүн бүр математикч байх албагүй, харин эцэг эх болдог гэдэг.  Үнэхээр ч айл гэрийн аз жаргал  бол хүүхдийн инээд хөөр, дуу шуугиан юм.  Эцэг эх болохыг хүссэн ч хүсэхэд хясна гэгчээр үрийн зулай үнэрлэж чадахгүй  яваа хосууд олон бий. Тэднийг нэгийг их эртнээс би таньдаг юм. Бүсгүй нь ажилсаг нямбайн дээр хоол унд сайхан хийнэ. Эр нөхөр нь ч дуу шуутай нэгэн. Гэвч  тэр хоёрт нэг л юм дутагдаж байсан. Тэр бол мэдээж хүүхэд.   Хааяа нэг уулзах үед  үртэй болохыг хүсдэгээ хэлж байсан нь ганц  бус. Эхний ганц хоёр жил тэд үртэй болно гэдэгтээ итгэж байсан нь мэдээж. Дараагийн жилүүдэд  гайхаж, хүлээж, гуйж олон жилийг авсан. Ойрд уулзаагүй тэр залуутай саяхан нэг таарлаа.  Жаахан гомдолтой явдаг байсан нөхрийн царай гэгээ татаж тун ч их гэр рүүгээ яарч байв.  Учрыг асуувал үртэй болсон гэнэ. Тэрүүхэн хооронд  эхнэр нь жирэмсэн гэж дуулдаагүй дээ хэмээн бодож хүүхэд олох, төрөх хугацааг тооцоод үзвэл  нэг л  хугацаа нь  тохирохгүй байв. Лавлаад сайн асуутал хүүхэд өргөж авчээ. Гэнэт өргөж авсан бус бүр авахуулах гээд явж байсан хамаатныхаа хүнээс өргөж авсан аж.

 Хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр дээр тогтсон шар будаа лугаа их хувь заяа гэлцдэг. Энэ хорвоод хүн болохоор ирсэн нэгэн нялх амьтнаас төрсөн эцэг эх нь салахыг хүсч. Харин өргөмөл эцэг эх хоёр нь бяцхан охины  амийг хэвлийдээ устгуулах гашуун зовлонгоос салгаж өөрийн үр болгохоор шийджээ. Есөн сарын турш төрөхийг нь хүлээн эхийнхээ гэдсэнд байхад нь очин ярьж хөөрөн дуу хоолойгоо таниулдаг байсан аж. Хорвоо дээр ирэхийг тэсэн ядан хүлээсэн бяцхан охиноо хосууд төрөхөөс шууд гэртээ гаргаж авсан бөгөөд араасаа олон дүү дагуулахыг бэлэгдэж Булган хэмээх нэр өгчээ.  Үртэй болохын жаргал, эцэг эх байхын хариуцлагыг мэдэрч шөнө нойргүй хонож байгаа ч тэд туйлаас  баяртай байна. Олон жилийн турш ил гаргахгүй ч дотроо шаналж явсан  залуугийн царайд ямар их аз жаргал гэрэлтэж байгааг би өчигдөр харсан. “Аав болох ямар байна?” гэж асуухад ганц  ч үг дуугарахгүй нүүр дүүрэн инээмсэглэл тодруулаад хоёр гараа байдгаар нь алдлан агаар дээр маш том зүрх зурж үзүүлсэн. Үгээр хэлэхийн аргагүй Аз жаргал гэж үүнийг л хэлдэг байх даа хэмээн үүнийг бичигч би вээр  бодож суусныг нуух юун. Ажлаа тарангуут гэр рүүгээ, эхнэр хүүхэд рүүгээ яардаг болсноо ил цагаахан ярьж суусан тэр хүүхэдтэй болж чадахгүй байгаа хосууд байвал бид  хүлээсэн аз жаргалаа олсон шиг бусад хүмүүст бас нээлттэй байгаа шүү хэмээн захисан  билээ. Тийм, ээ хүн бүр математикч байх албагүй, харин хүн бүр эцэг эх болдог юм.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top