Зүүнхараа дахь чанга дэглэмтэй Дарьтын хорих ангиас энэ сарын 18-нд хоёр хоригдол оргожээ. Оргосон хоригдлуудыг Б.Отгонбаяр, Б.Мөнхтөр гэдэг бөгөөд тус хориход ял эдэлж байгаа ялтнууд гэр бүлийнхээ хүмүүстэй жилд нэг удаа уулзалтын өрөөнд гурав хоног уулзах эрхтэй аж. Өнгөрсөн пүрэв гаригт Б.Отгонбаяр болон Б.Мөнхтөр нарын ээжүүд эргэлтээр ирсэн байна. Гэтэл хоригдлууд хоёр дахь хоногийн шөнө ээж нарыгаа унтаж байхад нь эргэлтийн байрны дээврээр гарч оргосон аж. Тэд хорих ангиас чанх хойшоо гарч Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараа тосгоны нутаг дэвсгэр болох Шувуутын ам руу зугтаажээ. УМБГ-ын Эрэн сурвалжлах, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Эрүүгийн цагдаагийн газар, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын зуу гаруй албан хаагч нар оргосон хоригдлыг бүслэн авч өчигдөр 18:34 цагт баривчилсан байна. Г.Отгонбаяр нь 2010 оны дөрөвдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн нутагт 67 настай эмээг гэртээ ганцаараа байх үед нь 11 удаа хутгалж амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөж, гэрийг нь шатаасан хэргээр 25 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.
Харин Б.Мөнхтөр 1991 онд төрсөн. 2010 оны Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр "Ертөнц" гэх зочид буудалд найзуудтайгаа архидаж тэнд байсан О гэх охиныг хүчирхийлэх гэж байгаад хоолойг нь боож амь насыг хөнөөсөн хэргээр 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн аж.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )