Дорноговь аймгийн Замын-Үүдэд хүчтэй шороон шуурга болсоны улмаас ачааны галт тэрэгний хоёр чингэлэг унасан байна. Тухайн үед салхины хурд секундэд 14-25 метр хүрч байсан бөгөөд энэхүү аюулт үзэгдэл 34 минут үргэлжилжээ. Хүчтэй шороон шуурга галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулаагүй ч салхины хурд огцом нэмэгдсэний улмаас БНХАУ-аас Замын-Үүд өртөөнд орж ирж байсан 1202 дугаар галт тэрэгний 34 дэх вагонд ачсан хоосон чингэлгүүдийг авч шиджээ. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга н.Энхжаргалаас тодруулахад “Чингэлэг унасан тухай дуудлагын дагуу манай аврагчид очиход төмөр замыхан чингэлгийг босгоод хэвийн байдалд оруулчихсан байсан. Азаар энэ үеэр хүн гэмтэж бэртээгүй, галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулах эвдрэл гаралгүй өнгөрсөн. Дээрх аюултай үзэгдлийн улмаас үүдсэн нөхцөл байдлыг газар дээр нь судлахаар УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албанаас комисс томилогдон Замын-Үүдэд ажиллаж байгаа гэсэн. Мөн энэ өдөр холбооны агаарын шон хугарч, шилжүүлэн ачих гуравдугаар талбайн гаражийн дээвэр хуурч, тус сумын хэд хэдэн айлын гэх нурсан” гэж байв.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )