Стандартчилал, хэмжил зүйн газар, Бүгд найрамдах Чех улсын Стандартчилал, хэмжилзүй сорилтын газар болон Чех улсын Хэмжил зүйн хүрээлэнтэй хамтран энэ сарын 22, 23, 24-ний өдрүүдэд “Эдийн засгийн хөгжилд хууль эрхзүйн хэмжил зүйн үүрэг” сэдэвт сургалт, семинарыг зохион байгуулж байна.
Тус семинарт Чех улсаас ирсэн мэргэжилтнүүд, Олон улсын хэмжил зүйн байгууллагууд болон Европын холбооны улс орнууд, Чех улсын хэмжил зүйн тогтолцоо, зохион байгуулалт, хууль тогтоомж, түүний хэрэгжүүлэлт, шинэ хандлага, хөгжлийн хөтөлбөрийн талаар болон хэмжил зүйн хяналтын тогтолцоо, үйл ажиллагаа, хэмжих хэрэгслийг зах зээлд нийлүүлэхтэй холбоотой дүрэм журмын талаар сургалт явуулж, зөвлөгөө өгөх аж.
Энэ үеэр СХЗГ-ын мэргэжилтнүүд Монгол Улсын Хэмжил зүйн тогтолцоо, зохион байгуулалт, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль эрх зүйн орчин, эдийн засгийн хөгжилд хэмжил зүйн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар ярих юм. Мөн хоёр талын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн үр дүнг хэлэлцэх гэнэ. Семинарт СХЗГ-ын Хэмжил зүйн хэлтсийн төв орон нутгийн мэргэжилтнүүдээс гадна МХЕГ-ын улсын байцаагчид, Байгал орчны хэмжилзүйн төв лаборатори, УБТЗ, Цөмийн энергийн газар, Зэвсэгт хүчний нэгдсэн лабораторийн мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )