Рок попчид ардын хөгжимтэй “бут” авна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 23

2012 онд ҮДБЭЧ-ын үндэсний хөгжмийн их найрал байгуулагдсаны 50 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэхүү ажлынхаа хүрээнд тус байгууллага рок поп оддын “Их хуралдай” тоглолтыг ирэх баасан гаригт Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа, хөгжмийн зохиолч Б.Чинбат, “Sweetymotion” хамтлаг, гитарчин Д.Өлзий-Орших, “Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш, “Никитон” хамтлагийн гитарчин Ц.Цогтбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Хурлын үеэр тэд “Биднийг ардын хөгжимчидтэй хамтарч тоглоно гэхээр зарим хүн “Тэмээ ямаа хоёр шиг” гэж ярих байх. Бидний дуулах бүх дууг Монгол төрийн үндэсний их найрал хөгжимдөх учир ямар ч үзэгчид өчүүхэн ч төдий тэгж санагдахгүй. Харин ч ховорхон тохиох тоглолтоороо гайхшруулах болно” хэмээн ам бардам ярьж байсан. Тоглолтод дээрх уран бүтээлчдээс гадна “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавъяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт Д.Болд, “Харанга” хамтлагийн дуучин Д.Лхагвасүрэн, дуучин С.Наран, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцоно.  

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top