Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд өдрийн цагаар согтуу тээврийн хэрэгсэл жолоодож яваад ганцаараа зам хөндлөн гарч явсан 10 настай хүүг дайрч, амь насыг нь хөнөөсөн Ш.Алтанхуягийг шүүхээр болжээ. Одоогоор Алтанхуяг Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа юм. Хэргийг сануулахад, Ш.Алтанхуяг нь нийслэлийн Баянгол дүүргийн VI хороо, 25 дугаар эмийн сангийн урд замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад 10-хан настай хүүгийн амь насыг хөнөөжээ. УНИ 09-66 улсын дугаартай “Toyota Land Cruiser” маркийн автомашин хөлөглөж явсан бөгөөд хүүг дайрчихаад 15 метр орчим зайд чирсэн нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт бичигдэж үлдсэн байдаг. Ш.Алтанхуяг нь осол гаргах үедээ 70 хувийн согтолттой, өөрийгөө хянах чадвараа алдсан байсан нь тогтоогджээ. Мөн ослын дараа машинаас согтуу хүүхэн бууж ирэн хүүхдийг “босооч” гэж өшиглөсөн нь иргэдийн дургүйцлийг ихэд хүргэсэн.
Тэрээр Ш.Алтанхуяг нь “Мон дулаан трейд” компанийн охин компани болох “Хишигтэн нүүдэлчин” компанийн гүйцэтгэх захирал бөгөөд өмнө нь 13 жилийн хорих ял эдэлж байсан нь илчлэгдээд байна. Хэргийг Замын цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгаж дууссан бөгөөд энэ дүгнэлтийг одоо тээврийн прокурорын газар нягталж үзээд шүүхэд шилжүүлэх юм. Үүний дараа түүний гэм бурууг шүүх аж. Ш.Алтанхуягийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол Эрүүгийн хуулийн 215.3-т зааснаар хэргийн улмаас бусдын амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох хуультай юм байна.
Харин бүсгүйд ямар нэгэн захиргааны хариуцлага тооцох боломжгүй бөгөөд манайд ийм эрх зүйн акт байхгүй гэнэ.
Д.Шинэбаяр

Сэтгэгдэл ( 0 )