Д.Цэндмаа: Дэлхийн музейн шим шүүсээс гадны байгууллагын тусламжтай хүртэж л байна даа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 23

"Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” ЮНЕСКО-гийн төслийн нээлт болон төслийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр Монголын Үндэсний Музейд боллоо. Нээлтийн ёслолд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал асан Коичиро Мацуура, ЮНЕСКО-гийн Бээжингийн төлөөлөгчийн газрын дарга Абхиманю Сингх, ЮНЕСКО-гийн Японы үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Шихару Като, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар оролцлоо.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл хэлэхдээ: "Энэ бол маш чухал төсөл юм. Төсөл хэрэгжиж эхэлснээр олон сайхан үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна" гэлээ. Мөн тэрээр "Мэдлэгтэй музейн ажилчид бол музейгээсээ үнэ цэнэтэй зүйлээ алдахгүй. Мэдлэгтэй үзэгчид бол музейгээ хайрладаг, хамгаалдаг. Мэдлэгтэй ард түмэн бол түүх соёлынхоо үнэ цэнэтэй зүйлийг талхны мөнгөөр арилждаггүй болно. Магадгүй энэ төсөл хэрэгжиж эхэлснээс хойш бид түүх дурсгалын үнэт зүйлээ дахин гаднын дуудлага худалдаагаар харахгүй байх гэдэгт итгэж байна" хэмээсэн юм.

Нээлтийн үеэр Олон улсын музейн зөвлөлийн Монголын үндэсний хорооны тэргүүн Д.Цэндмаатай цөөн хором ярилцлаа

-Өнөөдрийн төслийн талаар танилцуулна уу?

-Өнөөдөр ЮНЕСКО болон Японы илтгэлцлийн сантай хамтарсан “Музейн тогтвортой хөгжлийн чадавхийг дээшлүүлэх” төслийн нээлт болж байна. Энэ төсөл нь хоёр багц үйл ажиллагаа явуулах юм. Нэгдүгээрт  ЮНЕСКО-гоос хэвлэгдсэн олон орны музейнүүдэд хэрэглэгдэж байгаа гарын авлага, номыг орчуулж музейн тухай материалтай болох юм. Хоёр дах нь 2013 оноос музейн 15 ажилтныг үндэсний сургагч багшаар бэлтгээд тэр сургагчид дөрвөн аймагт очиж бүсийн сургалт зохион байгуулж бүх музейн ажилчдыг сургалтанд хамруулах төсөл байгаа юм.

-Төслийн хүрээнд дөрвөн сургалт явуулах юм байна. Ямар чиглэлээр явуулах вэ?

-Тийм. Монголын бүх музейн боловсон хүчинд үр өгөөжөө өгөх зорилготой сургалтаа явуулах юм. Музейн менежмент, Олон нийттэй харьцах, маркетинг, музейн үзүүлэн дэглэх, судалгаа гэсэн дөрвөн чиглэлээр сургалтаа явуулна. Эхний ээлжинд нийслэл хотод сургалтаа зохион байгуулж музейн үндэсний сургагч нарыг бэлдэх гэж байгаа. Ялангуяа сурган хүмүүжүүлэх дадлага туршлагатай залуу боловсон хүчинг мэргэшүүлэхийг зорьж байна. Бэлтгэгдсэн үндэсний сургагч нар хөдөө орон нутагт мөн сургалтаа зохион байгуулна.

-Энэхүү төсөл хэдий хугацаанд үргэлжлэх вэ. Үр дүнгийн талаар?                                    

-2013 он дуустал явагдана. Монголын Үндэсний музейн сургалт, арга зүйн төвийг түшиглэн Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт нийт 12 сургалт зохион байгуулах юм. Төслийн үр дүн гэвэл хоёр гарын авлага нь арга зүйг заасан зурагтай, нөгөө нь музейн бүх ажлыг заасан ЮНЕСКО-гоос ирүүлсэн Рани музейн практик ажлын ном байна. Манайд 2005 онд ЮНЕСКО-гийн санхүүжилтээр орчуулж байсан. Дэлхийн музейн шим шүүсээс гадны байгууллагын тусламжтай хүртэж л байна даа.

Х.Даваанаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top