Өнөө өглөө “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тэсрэх бөмбөг байрлуулсан байж болзошгүй хэмээн онц байдал зарлаж, нислэгүүдийг хойшлуулаад байсан. Энэ талаар тодруулахаар “Чингис хаан” олон улсын буудал дээр очлоо. Дээрх мэдээллийн талаар “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын ерөнхий захирал Г.Бямбасүрэн “Өнөөдөр өглөөний 05 цагт олон улсын явагчдын танхимаас сэжиг бүхий зүйл илэрсэн юм. Энэ нь харахад тэсрэх бодистой ойролцоо харагдахаар зүйл байсан. Үүний дагуу нисэх буудал өөрөө аюулгүй ажиллагааг хангахын тулд онцгой байдал зарлаж үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоосон. Энэ дагуу Тагнуулын ерөнхий газар, ОБЕГ, Мөрдөх байцаах газар, Хил хамгаалах ерөнхий газар, Мэдээлэл шуурхай удирдлагын төв, Чингис хаан нисэх буудлын комисс томилогдож үйл ажиллагаагаа хянаж ажиллаж байна. Хяналт шалгалтын явцад сэжиг бүхий зүйл маань сургалтын дуу чимээ гаргадаг хэрэгсэл болох нь тогтоогдлоо. Одоо үүнийг хэн ямар зорилгоор хэн авч ирж орхисныг шалгаж байна. Өнөөдөр орон нутгийн 17 нислэгтэй байгаа. Харин өглөө бол Москва-Берлиний чиглэлийн ирсэн нэг онгоц, Сөүл-Токиогын гурван нислэгтэй байсан. Үүнээс Токиогын нислэг явсан. Гонконгын 10 цагийн нислэг, Сөүлийн 06:45 цагийн нислэг саатаж байгаад одоо бүртгэлээ хийж байна” гэлээ. Мөн түүнээс нислэг хойшилсоноос зорчигчдын хохиролын талаар хэн хариуцах талаар асуухад “Аэро компаниуд өөр өөрсдөө тогтоох байх” гэлээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )