Улсын цэцэрлэгүүд энэ сарын 22-ны 09.00 цагт бүртгэлээ эхэлсэн бол өчигдөр 17.00 цагт дууссан юм. Нийслэлийн боловсролын газар “Хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг хийх тухай зөвлөмж” гаргаж, нийслэлийн бүх цэцэрлэгүүдийн удирдлагад хүргүүлсэн гэнэ. Энэ зөвлөмжид “Хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг жил бүрийн наймдугаар сарын IV долоо хоногийн сүүлийн гурван өдөрт хийнэ” гэж заасан байна. Сүүлийн жилүүдэд нийслэлд хүн ам ихсэж, нягтрал бий болоод байгаа билээ. Үүнээс болж сургууль, цэцэрлэг хүртээмжгүй байдаг. Тухайлбал, цэцэрлэгийн бүртгэлд олон цаг зогсож, бүртгүүлж амжилгүй хоцорлоо гэсэн мэдээлэл гарч байсан.
Бүртгэлийн сүүлийн өдөр 14 цагийн үед БЗД-ийн 13-р хороололд орших 122 болон 129-р цэцэрлэгт очин бүртгэлийн ажил хэрхэн явагдаж байгаа талаар мэдээлэл авах гэсэн боловч цэцэрлэгийн эрхлэгч нар нь байсангүй. Харин арга зүйч багш нар нь байсан боловч мэдээлэл өгөх дургүй байлаа. Учир нь “Бидэнд мэдээлэл өгөх эрх байхгүй. Мэдээлэл нь надад байхгүй” хэмээн татгалзаад байв.
122-р цэцэрлэг өчигдөр, уржигдар хуучин хүүхдүүдээ бүртгэсэн. Өнөөдөр шинэ хүүхдүүд бүртгээд дууссан гэв. Ганцхан өдөр бүртгээд, 11 цагт дууссан аж. Шинээр хэчнээн хүүхэд бүртгэсэн тухай мэдэх гэтэл мэдээлэх боломжгүй гэсэн юм. Энэ үеэр өнгөрсөн жил явдаг байсан хүүхдээ эцэг, эхчүүд бүртгүүлэх гэж ирсээр байлаа. Уг нь бүртгэлийн ажил нэг өдөр нэг цагт эхлэн, нэг өдрийн нэг цагт дуусах зөвлөмж гарсан байтал тус цэцэрлэг дураараа өөрсдөө бүртгэлийн хугацаагаа товлосон байж таарах нь.
Харин 129-р цэцэрлэгийн бүртгэл хэвийн үргэлжилж байх үеэр арга зүйч багшаас цөөн зүйл тодруулж амжлаа.
-Танай цэцэрлэг хэдэн хүүхэдтэй үйл ажиллагаа явуулдаг вэ? Энэ жил нэмэлт хэдэн хүүхэд авч байна?
-Манай цэцэрлэг 330 хүүхдийн багтаамжтай. Гэхдээ 600 орчим хүүхэд явдаг. Шинээр 60 хүүхэд авч байгаа.
-Зарим цэцэрлэгүүд өнгөрсөн жил цэцэрлэгтээ явж байгаад энэ жил бүртгэлээсээ хоцорвол өөр хүүхэд авдаг гэсэн. Танай цэцэрлэг энэ тохиолдолд хэрхэх вэ?
-Гуйгаад ирэхэд авч л таарна. Яалт ч үгүй дөрөв, таван жил явсан хүүхдийг ээж, аавынх нь шалтгаанаас болоод хасах хэцүү шүү дээ. Манайх бол авдаг юм. Бусад цэцэрлэг тэгдэг гэсэн.
-Эцэг, эхчүүд ямар бичиг баримт бүрдүүлж ирэхээ мэдэж байна уу?
-Эцэг эхийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ л хэрэгтэй. Өөр зүйл шаардахгүй байгаа.
-Эрүүл мэндийн шинжилгээ нэгдсэн журмаар авна гэж байсан?
-Цэцэрлэгүүд зөвшөөрөхгүй байгаа юм шиг байсан. Шинжилгээгээ олуулаа нэг дор өгөхөөр ямар нэгэн халдвартай хүүхэд байвал тарах магадлалтай гээд байгаа юм билээ. Манай цэцэрлэг харьяа 10-р төвдөө шинжилгээ хийлгэж ирээрэй гэсэн шаардлага тавьж байгаа.
-Засвар, цэвэрлэгээ хийж байх шиг байна. Хэдэн хувьтай байна вэ?
-Чадал чинээгээрээ хийсэн байгаа. Одоо 70 хувьтай л явж байна. Гол нь гадаа тоглоомын талбайгаа тохижуулах л ажил үлдээд байгаа. 28-нд дуусчихна даа.
-Нийт хэдэн ажилтантай вэ?
-Нийт 52 ажилтантай. Үүнээс 16 нь үндсэн багш байгаа.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )