Хичээлийн шинэ жил эхлэхэд долоо хүрэхгүй хоног үлджээ. Энэ үеэр “Нарантуул” зах дээр оюутан сурагчид хичээлийнхээ бэлтгэлээ хангах гээд хөл хөдөлгөөн ихэсдэг. Тиймээс ард иргэддээ сэрэмжүүлэх үүднээс Хэв журмын ахлах байцаагч, Цагдаагийн хошууч Б.Аюуштай ярилцлаа.
-Хичээлийн шинэ жил эхлэх гээд “Нарантуул” захын хөл хөдөлгөөн их болжээ. Энэ үед л хулгайн хэрэг ихэсдэг байх тийм үү?
-Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор Нарантуул худалдааны төв ачаалал ихтэй байна. Ер нь баяр ёслол, хичээлийн шинэ жилийн үеэр орж гарч байгаа иргэдийн тоо 2-3 дахин ихэсдэг. Ердийн өдөр 30-40 мянган хүн байдаг гэхээр ачаалалтай үед 60-70 мянган хүн орж гардаг. Харин өнөөдрийн хувьд амралтын өдөр таарч байгаа болохоор ачаалал маш их байна. Үүнийг дагаад хулгай тэр тусмаа халаасны хулгайн гэмт хэрэг ихсэх хандлага байна. Тиймээс манай цагдаагийн тасаг өөрсдийнхөө боломж хүчээр ажиллаж байна. Хамгийн гол нь худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэдэд “Цүнхээ сайн урдаа барьж яваарай, хялбар аргаар олз омог хайж явагч нараас болгоомжлоорой. Та эд зүйлс, хөрөнгө мөнгөө баталгаатай найдвартай гэсэн газраа хадгална уу” гэх сэрэмжлүүлгийг байнга өгч байна. Мөн зогсоолууд дээр байгаа машинуудыг эргэж тойрч жолооч нарт бас сэрэмжлүүлэг өгч байна. Ингэж ажилласны үр дүнд энэ долоо хоног харьцангуй тайван өнгөрлөө.
-Хөл хөдөлгөөн энгийн үеэс илүү нэмэгдсэнтэй холбогдуулаад цагдаагийн нэмэлт хүч авсан уу?
-Авсан. Манай цагдаагийн ерөнхий газрын нийгмийн хэв журмыг хамгаалах албанаас тодорхой тооны нэмэлт хүч гаргаж хаалганууд дээр байршуулсан. Мөн орж гарч байгаа иргэдийн бараа таваарыг хянах, хулгай хийж болзошгүй гэсэн хүмүүст хяналт тавьж ажиллаж байна.
-Өдөрт хэчнээн цагдаагийн албан хаагч хэв журам сахиулахаар ажиллаж байна вэ?
-Одоогоор бид нэмэгдүүлсэн хүчээр буюу 23 албан хаагчтайгаар ажиллаж байна. Хэвийн нөхцөлд дөрвөн офицер 13 цагдаа ажилладаг.
-Өнөөдрийн байдлаар хулгайн гэмт хэрэг гарсан гэсэн дуудлага хэд ирэв?
-Хаалга болгонд цагдаа зогсоож, хяналт хийлгэж байгаа. Тиймээс бид нарын энэ арга барил тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар хулгайн гэмт хэргийн дуудлага болон иргэдийн зүгээс эд зүйлсээ алдсан гэсэн гомдол ирээгүй байна. Мөн иргэд өөрсдийнхөө болгоомжгүй байдлаас лангуу болон авдар дээр цүнх, бусад эд зүйлсээ мартаж явах тохиолдол их гардаг. Тиймээс иргэддээ хандаж хэлэхэд өөрсдөө сэрэмжтэй явах хэрэгтэй. Их хэмжээний мөнгө биедээ авч явахдаа анхаарал болгоомжтой байгаарай гэж хэлмээр байна.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )