“Их хуралдай” үзэгчдийн алга ташилт дор болов

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 26

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын Үндэсний хөгжмийн их найрал байгуулагдсаны 50 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Үүний хүрээнд өчигдөр рок поп одод Үндэсний хөгжмийн их найралтай хамтран “Их хуралдай” тоглолтоо Соёлын Төв Өргөөнд зохион байгууллаа. Тоглолтын нээлтийг УИХ-ын гишүүн, Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, ҮДБЭЧ-ын захирал Г.Цогтгэрэл нар нээж үг хэлсэн юм. Манай улсад анхлан зохион байгуулагдаж буй энэхүү тоглолт дөнгөж эхлэх үеэсээ л үзэгчдийн цөсийг хөөргөсөн. Тоглолтын салхийг төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Сэрсэн тал”-ыг ҮДБЭЧ-ын их найрал хөгжимчид тоглож хагалсан юм. Их Монгол Улсын авьяаслаг хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүдийн нэг ийнхүү эгшиглэхэд сэтгэлд юутай таатай мэдрэмж төрнө. Үүний дараа төрийн соёрхолт Д.Болд “Миний хоёр эрдэнэ” дуугаараа үзэгчдэдээ бэлэг барьсан.

Б.Чинбат үзэгчдийг гайхашруулав

Энэ тоглолтын нэгэн хүндэт зочноор хөгжмийн зохиолч, дуучин, продюссер Б.Чинбат байлаа. Тэрбээр гурав дахь номерт тайзнаа гарч төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын бүтээл “Мандухай цэцэн хатан”-ыг сэтгэл сэргэтэл тоглоод авна билээ. Үүнийхээ дараа аавдаа зориулсан “Уулын сүүдэр аавыг минь дайрахгүй” бүтээлээ эгшиглүүлсэн. Б.Чинбат тэрхүү бүтээлээ тоглохдоо арван хуруу нь сэтгэлийнхээ догдлолыг гүйцэхгүй шахуу гүйж байгаа нь ажиглагдсан.   

Гадаадын бүтээлд үзэгчид дургүйцлээ

Үзэгчид тоглолтын зохион байгуулагчдыг энэ үед “Сонголтоо муу хийчих вүү дээ” хэмээн мэр сэр ярих нь чих дэлсэв. Учир нь ҮДБЭЧ-ын их найрал хөгжимчид домогт “Bee Gees” хамтлагийн "How Deep is your love" аялгууг тоглоход “Монголын их найрал хөгжимчид тоглож байж, Монголынхоо шилдэг аялгууг тоглохгүй яасан юм бол. Энэ хамтлагийн аялгуу уг нь сайхан ч өөрийн улсын алдарт хөгжмийн зохиолчдын аялгууг тоглосон бол илүү сайхан байсан юм даа” хэмээв. Энэ аялгууны дараа Freddie Mercury-гийн "We are the champions" аялгууг тоглосон. Энэ аялгууны үеэр дэлгэцэнд “Лондон-2012” зуны XXX олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож медальт байр эзэлсэн тамирчид болон бусад алдарт тамирчдынхаа зургийг үзүүлсэн нь үзэгчдийн сэтгэлийг улам хөөргөөд авав. Тамирчдын зургийг гарахад үзэгчид “Уухай” өргөж, алга ташин өнөөх аялгуу тоглогдож байгааг мартах шиг болсон. Тус олимп саяхан болж өнгөрсөн тул тэдний сэтгэлд нуугдсан баяр тогтож амжаагүй ажээ.

Рок попын оддоос хэн ирсэн бол

Энэ үг гарах шалтгааныг хөтлөгч бий болгов. Учир нь тоглолт эхлээд нэг их удаагүй байхад хөтлөгч “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн нар гадаадад хувийн ажлаар явж байгаа тул хараахан ирж чадсангүй” хэмээхэд үзэгчид “Бусад нь ирсэн болов уу. Д.Жаргалсайхан, Х.Лхагвасүрэн нарын сайхан дууг сонсоно гэж бодсон юмсан. Бусад нь ирсэн байгаа даа” гэх нь “Хэн ирснийг нь хүлээж л сууя” гэж хэлэх шиг санагдана. Тоглолт болохоос өмнө “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш, дуучин С.Наран, хийлч Ч.Дэлгэрцэцэг, “Sweetymotion” хамтлаг, хөгжмийн зохиолч, продюссер, төгөлдөр хуурч Б.Чинбат “Никитон” хамтлагийн гитарчин Ц.Цогбаярыг оролцоно хэмээн зар тараасан тул үзэгчид энэ том тоглолтод бүрэлдэхүүнээрээ оролцоно хэмээн бодохоос яах вэ дээ. Энэ бодол тасарч амжаагүй байхад “Sweetymotion” нэлээн эртний дуу болох “Ингэн тэмээний дуу”-гаараа тус чуулгад баяр хүргэсэн бол дараа нь саяхан өөрийн болгосон “Бүүвэйлэх хорвоо”-гоороо үзэгчдэд бэлэг барьсан. Тэдний дараа гавьяат жүжигчин Б.Сарантуяа “Ихэр саран”, “Тэр намайг дурсдаг болов уу” зэрэг дуугаараа үзэгчдийг шуугиулаад тайзнаас буусан. Үзэгчид ч түүнийг дахин дуулахыг хүсч шүгэлдэх нь шүгэлдэж, уухайлах нь уухайлав. Гэвч тэр нь тус болсонгүй. ҮДБЭЧ-ийн их найрал хөгжимчид жанжны нэрээр овоглосон Сүхбаатар аймгийн тухай хийгдсэн “Наран мандах нутаг” киноны хөгжмийг тоглов. Тус хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав зохиосон билээ. Энэ аялгууг тоглоод бараг дуусаагүй байхад поп хатагтай үзэгчдийнхээ урмыг бодсон мэт монгол хувцас өмсч гарч ирэн “Зүүдний говь”, “Аргагүй монгол аялгуу”-гаа шавь Л.Насанбуянтайгаа эгшиглүүлж бүжигчидтэйгээ хамт бүжив. Тоглолт энэ мэтчилэн үргэлжилж поп дива С.Наран “Аавдаа үнсүүлэхийн жаргал”, “Зүрхэнд хоногшсон чинь минь” дуугаараа ая өргөсөн бол хийлч Дээгий төгөлдөр хуурч Б.Чинбатаас юугаараа дутах вэ гэсэн шиг “Мандухай цэцэн хатан”-ыг тоглосон. Мөн өөрийнхөө тоглох дуртай “Чарлис”-ыг тун ч аятайхан донжийг нь тааруулаад тоглоно билээ.

Хоёр удирдаач хөлсөө шавхав

Үндэсний хөгжимийн тоглолт учир удирдаач зүй ёсоор байх учиртай. Энэ эрхэм бөгөөд хариуцлагатай үүргийг ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатар, Р.Ганбат нар хариуцсан. Тэд номер бүрт ээлжлэн хоёроос дөрвөн аялгууг дараалуулан дохьсон болохоор олон хүн цугласан бүгчим танхимд хөлс нь урсах нь ойлгомжтой. Духных нь хөлс бурзайж харагдах нь тус тоглолтод хэрхэн ач холбогдол өгч байгааг нь ч илтгэнэ. Н.Буянбаатар ямар сайндаа хөтлөгчийн сэтгэгдлээ хэлээч гэх үгнээс зайлсхийж “За түр хүлээж байгаарай. Ах нь хөлсөө арчаадхая” гээд халааснаасаа алчуур гаргаж арчиж байгаа харагдсан. Ингээд тоглолт өндөрлөхөд гавьяат жүжигчин Б.Сарантуяа, төрийн соёрхолт Д.Болд, дуучин С.Наран, “Sweetymotion” хамтлаг хамтарч “Халуун элгэн нутаг”-ийг эгшиглүүлэээд авна билээ.  

Э.Гантулга, П.Одгэрэл нараас үзэгчид залхжээ

“Нохойнд барьдаг мод” гэдэг үг байдаг даа. Энэ үг UBS телевизийн хөтлөгч Э.Гантулга, П.Одгэрэл нарт тохирох шиг болов. Учир нь тэд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулагдахад ихэвчлэн хөтлөгчөөр ажилладаг. Тиймээс үзэгчид “Энэ хоёроос өөр хөтлөгч олддоггүй юм байх даа. Ядаж байхад нэг хэвэнд баригдчихжээ” хэмээн ам амандаа ярилцана. Олны үг ортой гэдэг дээ. Тийм ч байж болох. Гэхдээ зохион байгуулагчдын үзэл бодол л тэднийг сонгох үгүйг мэднэ шүү дээ. Нэмж хэлэхэд үзэгчдээс УДЭТ-ын жүжигчин У.Урнаа, гавьяат жүжигчин Б.Түвшинжаргал, топ модель Г.Одгэрэл нарын зэрэг олны танил эрхмүүд цугласан байв. 

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top