Шог зураач Л.Мөнхбатын “Цаг ирвээс” үзэсгэлэн өнөөдөр “Улаанбаатар” музейд нээгдлээ. Түүний хувьд энэхүү үзэсгэлэн нь бие даасан анхных нь болж байгаа аж. Гэхдээ Л.Мөнхбат энэ үзэсгэлэнгээ тайлан хэмээн нэрлэж байгаа юм билээ. Учир нь бүтээлүүдээ өмнө нь дэлгэрэнгүй толилуулж байгаагүй болохоор энэ удаа таниулахыг зорьсонд байгаа гэнэ. Нийт 120 гаруй бүтээл дэлгэгдсэнээс 1980 онд зурж байсан бүтээл нь ч багтжээ. Үзэсгэлэнд түүний аав С.Лувсанжалбуу, ээж Л.Сумъяа нараас гадна соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Байды, шог зураач А.Бат-Эрдэнэ, кино зохиолч, шог зураач А.Амарсайхан, нэрт нийтлэлч, фельетонист Б.Цэнддоо нар хүрэлцэн ирсэн харагдлаа. Л.Мөнхбатын бүтээлүүдэд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, сайд асан Жасрай нарын дүр маш их байр суурийг эзэлсэн байв. Мөн аав, өвөөгийнхөө хөргийг ч дүрсэлжээ.
Ингээд шог зураач Л.Мөнхбаттай хөөрөлдсөнөө хүргэе.
-Бие даасан анхны үзэсгэлэнгээ гаргаж байгаад тань баяр хүргэе. Өмнө нь бусад уран бүтээлчидтэй хамтарч үзэсгэлэн гаргаж байсан гэж сонссон...
-Баярлалаа. Өмнө нь би хамтарсан үзэсгэлэн гаргаж байсан. Оюутан байхдаа Москва дахь Монголын Элчин сайдын яаманд ч гаргаж байсан. Мөн ХБНГУ-д гарсан Монголын шог зураачдын үзэсгэлэнд оролцсон.
-Таны үзэсгэлэн бусдынхаас юугаараа онцлог вэ?
-Би үзэсгэлэнгээ тайлан гэж нэрлэж байгаа. Бусад зураачидтай хамтраагүй, бие даасан үзэсгэлэн болохоор тэр. Үүнд олон жил хийсэн бүтээлүүдээсээ түүж оруулсан. 1980 онд наймдугаар ангидаа анхны зургаа зурсан гэж бодохоор 32 жил болж. Олон жилийн өмнө зурсан ч утга санаа нь алдагдахааргүй байгаа болов уу.
-Тайлбаргүй зураг болохоор тэр үү?
-Тайлбаргүй зураг урт настай, ямар ч цаг үед ойлгогдохоор байдаг юм билээ. Гэхдээ шог зурагт тайлбар шаардлагатай байдаг. Манайд С.Цогтбаяраас гадна олон зураач тайлбар зургаар дагнасан байдаг.
-Ер нь та яагаад өнөөдөр л бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм бэ. Өмнө нь гаргах боломж олдоогүй юм уу?
-Гаргая гэж олон жил бодож байсан ч зав гарахгүйн зэрэгцээ гадаадад олон жил амьдарсан болохоор болсонгүй. Хэзээ нэгэн цагт үзэсгэлэн гаргавал “Цаг ирвээс…” гэж нэрлэе гэж эртнээс бодож байсан юм. Билгүүн номч Бямбын Ринчен гуайн “Цаг ирвээс…” нэртэй гайхалтай сайхан эссэ байдаг. Хэрэв цаг ирэх юм бол миний эрдэнэсийн хаалга өөрөө нээгдэж оюун билэг маань өөрөө цуглаж, намайг мэддэг хүмүүс ирнэ. Цаг ирэхийг хүлээ гэсэн утгатай эссэ л дээ. Би оюутан байхаасаа л үүнийг уншиж байсан, одоо ч уншиж байгаа. Ер нь хүний эрх, авьяас билэгтнийг боож, хааж байсан үе өнгөрсөн. Сайхан цаг ирээд удаж байна. Миний хувьд ч цаг нь ирсэн. Цаашид гаргах ном, үзэсгэлэнгээ ч ингэж нэрлэнэ. “Цаг ирвээс-1, 2…” гэх мэт үргэлжилнэ.
-Та сонинд ч ажиллаж байсан юм билээ?
-Тийм ээ. Би Москва хотын хэвлэлийн дээд сургуулийн төгсөгч. Би зөвхөн шог зураач биш, мэргэжлийн график дизайнер хүн л дээ. Тиймээс сонин хэвлэлд ажиллаж өөрөө ч сонин сэтгүүл гаргаж явлаа. Мэргэжлийнхээ тухай, соёл, урлаг, спортын талаар ч нийтлэл бичдэг байсан. Б.Ринчен гуайн “Цаг ирвээс…” эссэ шиг. Гэхдээ шог зураачдын өнөөдрийн байдал, яаж хөгжиж байгаа талаар нийтлэл бичиж байв. “Билүү” гэдэг шог сэтгүүлийн уран сайхны редактор, Засгийн газрын мэдээ сонины хэвлэх үйлдвэрийн даргаар ажиллаж байлаа. “Өдрийн сонин”-ы ерөнхий дизайнерээр ажиллаж байхдаа 2000 онд “Оны шагнал”-ын эзэн болсон.
-Мөн “Sport news” сонин гаргаж байсан гэдэг?
-Тийм. Тэр сонинг өөрөө эрхлэн гаргасан. Энэ мэтчилэн яривал сэтгүүлзүйд түлхүү ажилласан байдаг юм.
-Таны энэ бүтээлүүдийг харахад нэлээд эртнийх юм. Өнөөгийн үзэгчид хэр ойлгох бол...?
-Шог зураг хоцрогддоггүй юм. Социализмын үед манай улсад шог зураг гайхалтай хөгжиж байсан. Тэр үед манай нэрт зураачид хамгийн сэтгэлгээний чадалтай зургаа шог зураг гэж нэрлэсэн байдаг юм. Шог зохиолч, зураач У.Доржготов гуай хамгийн ухаалаг бүтээлүүдээ шог гээд нэрлэсэн. Өөрөөр хэлбэл, зөвхөн шог гэхээс гадна сэтгэлгээний өндөр агуулгатай байдаг. 1990-ээд онд социализм задарч, соц орнууд дундаа хамгийн хөгжил дэвшилтэй Ардчилсан Герман нөгөөтэйгөө нийлэхэд бүх сонин, сэтгүүл, радио, телевиз нь нийгэмтэйгээ арчигдан алга болоход ганцхан “Ойленшигель” гэдэг хошин сэтгүүл үлдсэн байдаг юм. Яагаад үүнийг ярьж байна гэхээр аль ч нийгэмд хошин шогийн зааг гэж хаана ч байдаггүй гэдгийг тодотгох гэсэн юм. Манайх одоохондоо эдийн засгийн хувьд ядуу байгаа ч сэтгэлгээний хувьд өндөр хүмүүс шүү. Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Байды гуай дэлхийн хэмжээний уралдаанд байр эзэлж байсан. Б.Цогтбаяр ч гэсэн дэлхийн хэмжээнд байнга шог зургаар өрсөлддөг зураач.
-Та олон жил гадаадад амьдарсан гэсэн. Тэр үедээ уран бүтээлээсээ хөндийрсөн үү?
-Хөндийрөөгүй. Орост оюутан байхдаа сонинд зургаа хэвлүүлж байлаа. Харин сүүлийн арваад жил Солонгост амьдрахдаа сонин хэвлэлд нь хандаж үзээгүй. Зав зайгаараа л зурж байсан. Хүн хаана ч явсан мэргэшиж сурсан юмаа хаяж чаддаггүй юм билээ. Тэр хугацаанд жил бүр л нутагтаа ирж амардаг байв. 2005 онд ирэхэд “Тоншуул” сэтгүүлийн 70 жилийн ой таарсан. Тиймээс “Люмерпа” гээд шог зургийн номоо гаргасан юм. Би ер нь зарим зургаа дахин засах дуртай. Сэдвийг нь биш зарим нэг зураасыг нь өөрчлөх, санааг нь тодотгох зэргээр.
-Та шавьтай юу. Ц.Байды багшийнхаа хажууд шавь бэлдэж зүрхлэхгүй байна уу?
-“Сэтгэмж” дизайны дээд сургуульд багшилж байхдаа олон шавьтай болсон. Хэвлэлийн дизайнераар ажиллаж байгаа олон хүүхэд бий. Үнэт цаасны компанийн ерөнхий дизайнер, захирлууд, мөн хувцасны дизайнер ч бас олон байдаг юм. Харамсалтай нь, шог зураач нэг ч шавь төрүүлж чадаагүй. Ер нь шог зураач төрдөг учраас надад тийм төрмөл хүүхэд таараагүй юм уу даа.
-Таны удамд хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс бий юу?
-Аав минь Завханы Сонгино сумынх. Сартуул хүн. Аавын удамд Төмөрийн Хулд гээд алдартай дархан хүн байсан юм билээ. Ээж Завханы Шилүүстэйнх. Шилүүстэйнхэн ер нь их шооч улс байдаг юм уу гэж би боддог юм. Төрийн шагналт, нэрт фельетонч Б.Цэнддоогийн ээж, гавьяат, шог зураач Цогтбаярын аав Самандарь нар бас Шилүүстэйнх гэдэг шүү.
-Та хэр шооч хүн бэ?
-Ам хэлээрээ нэг их шоолоод байдаггүй юм аа. Харин бүтээлээрээ цаашлуулна шүү.
У.Баярсайхан
Сэтгэгдэл ( 0 )