Найман оны санхүүгийн хямралын дараа арайхийн гэгээ үзэж байсан дэлхийн эдийн засаг арван оны сүүлээр Европын өрийн хямрал даамжирснаар дахин эвгүйтэж эхэлсэн билээ. Улмаар арванхоёр онд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байв. Харин энэ арвангурван оны дэлхийн эдийн засгийн онцлох дүр зургийг эдийн засагчид сайнтай, саартай байдлаар тодорхойлж байна.
-Ямар ч байсан манай өмнөд хөрш Хятадын эдийн засгийн өсөлт энэ онд тогтвортой байх төлөвтэй байна. Оны эхэнд дунджаас доогуур буюу 8 хувийн өсөлттэй байх ч оны дунд үе гэхэд нэмэгдэх прогнозыг судлаачид хийжээ. Улмаар тус улсын барилгын салбарын бүтээн байгуулалт эрчимжих мөчлөгийн нөлөөгөөр зэс, төмрийн хүдрийн үнэ өсөх хандлагатай байна. Энэ нь манай тухайд чихэнд чимэгтэй мэдээлэл юм.
-Ер нь бол арвангурван оны хоёрдугаар хагасаас дэлхийн эдийн засгийн өсөлт тогтворжих төлөвтэй байна. Хэдийгээр оны эхний хагаст тэргүүлэгчдийн эдийн засгийн өсөлтүүд сулхан талдаа, жишээ нь АНУ 2 хувийн өсөлттэй байхаар харагдаж байгаа ч, оны дунд үе гэхэд илүүтэй нэмэгдэх төлөв байгаа аж. Мөн энэ онд тус улсын эрчим хүчний нийлүүлэлтийн суваг дэлхийн газрын тосны хомсдолыг арилгана гэсэн хүлээлт байна. Ерөнхийдөө дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн асуудал тогтворжих магадлал өндөр байгаа аж.
-Энэ онд тэргүүлэгч гүрнүүдийн төв банкууд мөнгөний зөөлөн бодлого үргэлжлүүлэн барих дүр зураг харагдаж байна. Бодлогын хүүгийн түвшингээ бага хэвээр хадгалах төлөвтэй байгаа. Гэхдээ Японы төв банк мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруулах магадлал өндөр байгаа юм. Ямар ч байсан Шинзо Абе тус улсын Ерөнхий сайдаар томилогдсоны араас Төв банкны зүгээс иений интервенцийг хийж эхэлсэн юм.
-Харин Европын эдийн засаг сул хэвээр байх төлөв харагдаж байна. Одоо бол Европын томоохон эдийн засаг сайн заслыг авчихаагүй байгаа. Тэрчлэн энэ онд Испанийн эдийн засаг эрсдэл дагуулах бол Европын төв банкны интервэнц нөхцөл байдлыг сайжруулах магадлалтай. Харин ирэх гуравдугаар сард болох Италийн сонгууль улс төрийн тогтворгүй байдлаар дамжуулан эдийн засагт бүрхэг байдал дагуулж болзошгүй байгаа юм. Мөн Германы эдийн засагт хэт халалт явагдаж болзошгүй бөгөөд европын эдийн засаг дахь тэгш бус байдлууд улам нэмэгдэнэ гэж судлаачид үзэж байна.
-Мөн энэ онд корпорациудын бондууд нь урт хугацааны хөрөнгө оруулалтын гол өгөөж өгөх хэрэгсэл нь байх хандлагатай байна. Дэлхийн эдийн засгийн 20 хувийг үйлдвэрлэгч АНУ-ын бондын өгөөж өндөр байх бөгөөд хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэнэ.
-2008 оны санхүүгийн хямралын эхлэл АНУ-ын моргэйжийн зээлийн бүтэлгүйтлээс болсон. Тэгвэл энэ онд моргэйжийн зээлийн хүү хамгийн доод түвшинд хүрэх бөгөөд барилгын салбарт үнийн өсөлт гарахын зэрэгцээ Америкийн барилгын салбар тогтворжиж, хувийн бизнесүүд сэргэж эхлэнэ гэсэн прогноз байна.
-Харин хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт сайн байх боловч өндөр хөгжилтэй орнуудын өсөлтөөс доогуур байна. Түүнчлэн инфляцийн дарамт тус улсуудын хувьд асуудал байх бол Австралийн уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэх прогнозтой байгааг судлаачид тэмдэглэж байна.
Болор
Сэтгэгдэл ( 0 )