Өнөөдрөөс сайхан маргааш иргэний боловсролоос эхэлнэ -1

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 02

                          ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАВ-1


Энэ ертөнцийн хүн болохоор илгээгдсэн хүүхдүүд хэн гэгч эхийн умайд бойжиж, хэн гэгч эрхмийнд бүл нэмэхээ өөрсдөө сонгодоггүй. Хийсвэр ойлголтоор бол хэн нь ямар нэгэн байдлаар давуу эрх эдлэхгүйгээр, хэн нэг нь ялгаварлан гадуурхагдалгүйгээр бүгд тэгш эрхтэйгээр, сонголтгүйгээр ээждээ илгээгддэг. Яг үүн лугаа адил хүн бүр адил тэгш эрхтэй байх ёстой. Гэхдээ хуулийн хүрээнд гэдгийг ойлгож буй биз ээ. Хуулиар олгогдсон эрхийг, эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө мөнгөөр хэмжихгүйгээр, нийгмийн давхаргад ялгаа гаргалгүйгээр хүртээх нь хүний эрхийг дээдэлж буй хэрэг мөн юм.


Хүний эрх гэдэг нь “Үндэсний ба олон улсын хамтын нийгэмлэгийн хууль тогтоох үйл явцын дагуу тодотгон томъёолж, хууль зүйн эрх болгож хуульчилсан хэм хэмжээг хэлнэ. Эдгээр эрхийн хууль эрхийн үндэс нь захирагдагсдын зөвшөөрөл, өөрөөр хэлбэл эрхийн субъектүүдийн зөвшөөрөл юм1” гэсэн байдаг.


Мөн Хүний Эрхийг Хамгаалагчдын тухай НҮБ-ын тунхаглалд “Хүн бүр бие даан ганцаараа буюу бусадтай эвлэлдэн нэгдэж, үндэсний болон олон улсын түвшинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүндэтгэн биелүүлэх явдлыг хөхиүлэн дэмжих түүний төлөө тэмцэх эрхтэй хэмээн 1998 оны 12 дугаар сарын 9-ны өдөр тунхаглажээ.


Харин Хүний эрхийг хэрхэн хамгаалах болсон талаар болон түүхэн хөгжлийн талаар ойлголт өгье. Энэ талаар хамгийн ойлгомжтой мэдээллийг Монгол улсын ХЭҮК-ын гишүүн Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Оюунчимэг өгсөн байна. Тэрбээр “Хүний эрхийг тодорхойлж, түүнийг хамгаалах тухай санаа нь явцын дунд хөгжиж сүүлдээ хуульчлагдсан байдаг. Үүнийг хэрэгжүүлэхэд Английн Магна Карта (1215), Эрхийн тухай айлтгал (1628), Эрхийн тухай хуульчилсан акт (1689) зэргийг баталсан олон чухал үйл явдал эхлэлийг нь тавьж XVIII зуунд байгалийн хуулийн талаарх анхны санаанууд, хүний эдлэх жам ёсны эрхийг хуульчилсан эрх болгон хүлээн зөвшөөрч, хөгжүүлсэн бөгөөд эдгээр эрхийг анх удаагаа улсын үндсэн хуульд тусгасан байна. Энэ нь төр болон хувь хүний хоорондын хуульчилсан харилцааны илэрхийлэл болж Төрийн эрх мэдэл нь чөлөөт хувь хүний зөвшөөрснөөр бий болдог гэдгийг нотолсон болно. Хүн ба иргэдийн эрхийн тухай Францын тунхаглал (1789), Эрхийн тухай Америкийн хууль (1791)-ийг энэ зарчмыг баримтлан гаргасан юм. XIX зуунд хэд хэдэн тусгаар тогтносон улс орон энэ зарчмыг баталсан ба нийгэм, эдийн засгийн эрхийг мөн аажимдаа хүлээн зөвшөөрч эхэлсэн юм. Улс орнуудын Үндсэн хуулинд хүний эрхийг баталгаажуулсан байдаг боловч хууль тогтоомжоор ч юм уу, албадлагаар, магадгүй нийгмийн албан бус арга хэрэгслээр, түүнийг хязгаарлах буюу үгүйсгэх явдал зарим үед гарч байна. Үүгээр ч зогсохгүй улс орнууд өөрсдөө ч хуульчилсан эрхийнх нь байдлыг үл харгалзан хүний эрхийг зөрчих явдал олонтоо гардаггэжээ.


1 Хүний эрхийн “Эмнести Интернэшнл” байгууллагын тодорхойлолт

 

 Дээрх мэдээлэлд “Улс орнуудын Үндсэн хуулинд хүний эрхийг баталгаажуулсан байдаг боловч хууль тогтоомжоор ч юм уу, албадлагаар, магадгүй нийгмийн албан бус арга хэрэгслээр, түүнийг хязгаарлах буюу үгүйсгэх явдал зарим үед гарч байна. Үүгээр ч зогсохгүй улс орнууд өөрсдөө ч хуульчилсан эрхийнх нь байдлыг үл харгалзан хүний эрхийг зөрчих явдал олонтоо гардагхэмээн дурьдагдсан нь нийгэмд гардаг үзэгдэл юм.


Түүнчлэн манай өнөөгийн нийгэмд хүний эрхийн боловсролын талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа нь хомс байгаагаас үүдэн хүний эрхийг зөрчих үзэгдэл ихээр гарч байгаа төдийгүй дунд сургуулийн сурагчдын дунд энэ талаарх ойлголт байхгүй байгаа нь нэг талаар “Түшгүүр” болж байгаа юм. Хүний эрх, тэр дундаа хүүхдүүд хуулиар олгогдсон ямар эрх байдаг, түүнийгээ хэрхэн эдлэх талаар ойлголт сул байгаа нь эрхийнхээ төлөө тэмцэх, өөрийгөө хамгаалах чадвар төдий чинээ сул байна ч гэж болох талтай. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуульд заасан Хүний эрх, эрх чөлөөний тухай заалтыг олон нийтэд хүргэж, сануулах нь зүйн хэрэг юм. Нэг үгээр хэлбэл тухайн оршин сууж буй улсынхаа хуулийг судлаж мэдэх, хүний эрхийн боловсролд цаг заваа зориулах нь иргэний баялаг мөн. Ийм ч учраас нийтлэлээ “Өнөөдрөөс сайхан маргааш иргэний боловсролоос эхэлнэ” хэмээсэн учиртай.


Монгол улсын Үндсэн хуулийн II бүлэг. ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ


Арван дөрөвдүгээр зүйл.

            1. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.

            2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.

Арван тавдугаар зүйл.

            1. Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно.

            2. Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно.

Арван зургадугаар зүйл.

            1. Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

                        1/ амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;

                        2/ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;

                        3/ хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.  Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;

                        4/ ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй;

                        5/ өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;

                        6/ эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно;

                        7/ сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно;

                        8/ соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална;

                        9/ шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;

                        10/ нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно;

                        11/ улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй.  Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;

                        12/ төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;

                        13/ халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал  харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;

                        14/ Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй.  Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн  дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;

                        15/ шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй;                 

                        16/ итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;

                       17/ төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;

                        18/ улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.


 

Үргэжлэл бий...

 

Өнөөдрөөс сайхан маргааш иргэний боловсролоос эхэлнэ цуврал 2-ыг ЭНД ДАРЖ уншина уу

 

Өнөөдрөөс сайхан маргааш иргэний боловсролоос эхэлнэ цуврал 3-ыг ЭНД ДАРЖ уншина уу

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top