Барилгын компаниуд орон сууцны талбайгаас хумсалж байгаа талаар ШӨХТГ-т иргэдээс ирэх гомдол тасрахгүй байгаа. Иргэдийг их хэмжээгээр хохироосон хэд хэдэн барилгын компани бий. Үүний нэг нь “Тектоник”.
“Тектоник” компани иргэдийг 400 гаруй сая төгрөгөөр хохироогоод байгаа аж. Тус компанийн барьсан, Хан-Уул дүүрэгт байрлах “Ханс вилл” хорооллын дөрвөн блок орон сууцны бүх айлд метр квадратын зөрүү гараад байгаа аж. Одоогоор хоёр блок нь ашиглалтад ороод байгаа юм байна.
Энэ компанийн талаар өнгөрсөн долоо хоногт ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдээлэл хийсэн юм. О.Магнай энэ талаар ““Тектоник” компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж эрүүгийн хэрэг үүсгэхээр УМБГ-т шилжүүллээ. Дээрх компанийн бариулсан “Ханс вилл” хорооллын орон сууцны талбайгаас 7-20 метр дутсан ба иргэдэд нийт 400 сая төгрөгийн хохирол учруулсан. Тиймээс тус компани нь иргэдийн хохирлыг 2014 оны нэгдүгээр сарын 15-ны дотор барагдуулахаар болсон ч ШӨХТГ-ын шаардлагыг хугацаандаа биелүүлээгүй тул ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан болсон” гэсэн мэдээлэл хийсэн юм.
Одоогоор 30-аад иргэнээс ШӨХТГ-т өргөдөл өгөөд байгаа аж. Өргөдлийн дагуу шалгаж үзэхэд нэг өрхөөс дунджаар 5-20 метр квадрат зөрж байна. Энэ талаар “Ханс вилл” хороололын оршин суугчидаас тодруулсан юм.
101 байрны оршин суугч Н.Сумъяа хэлэхдээ “Манайх энэ хороололд арваннэгдүгээр сард нүүж ирсэн. Манай байрнаас метр квадратын зөрүү мөн гарсан. Энд байгаа бүх айл 15-20 сая төгрөгөөр хохироод байна. Энэ байрыг барьсан “Тектоник” компанийн эзэд оршин суугчидтай нэг ч удаа уулзаагүй. Дээгүүрээ их танил талтай юм шиг байна лээ. Бидний хохирлыг барагдуулаач гэхэд урдаас валютын ханш өссөн гэж хэлсэн” юм.
Мөн тус байрны оршин суугч Амараа “Манай байрнаас 5 метр квадрат дутсан. Одоо удахгүй 103 дугаар байр ашиглалтад орох гэж байгаа. Захиалга өгсөн айлууд мөн метр квадрат дутуу байна гээд гомдол гаргаад яваад байсан. Энэ асуудал дээр ШӨХТГ-аас ямар ажил хийж байгаа юм бол. Хуулийн байгууллагад л хандвал шийдэж өгөх байх даа” гэсэн юм.
Сурвалжилга хийж байх үед “Тектоник” компанийн “Ханс вилл” цогцолборын орон сууцнаас худалдан авсан байрнаас нь 18 метр квадрат дутсан гэх худалдан авагчтай уулзлаа. Тэрээр мэдээлэл өгөхдөө /нэрээ нууцлахыг хүслээ/ “Би өнгөрсөн намар энд хоёр байр худалдаж авсан юм. Авсныхаа дараа мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэхэд хоёр байрнаас нийтдээ 16 метр квадрат дутсан. Тэгээд энэ талаар барилгын компанидаа хандтал та нар “Шинэчилсэн гэрээ”-нд гарын үсэг зурсан. Бид ямар ч хариуцлага хүлээхгүй” гэж хэлсэн
“Шинэчилсэн гэрээ” хийж, иргэдийг хохироожээ
Тухайн орон сууцны иргэд хуучин гэрээндээ нийт тэдэн ам.метрыг хэдэн төгрөгөөр гэж тусгасан байдаг. Харин шинэ гэрээндээ хоёр өрөө байрыг тэдэн төгрөгөөр гээд хийчихсэн байгаа аж. Өнөө ам.метрын тухай юу ч дурьдаагүй гэсэн үг. Хэрвээ энэ гэрээг хийхгүй бол таны мөнгийг буцаагаад өгье гэжээ. Гэтэл гэрээнд заасны дагуу гэрээ цуцлагдсан тохиолдолд нийт үнийн дүнгийн 20 хувийг буцааж олгохгүй ээ гэсэн заалттай юм байна. Ийм дарамтад орсон учраас тус байрны 170 гаруй хүн “Шинэчилсэн гэрээ”-нд гарын үсэг зураад байгаа юм байна. Энэхүү шинэчилсэн гэрээний талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Иргэд ихэвчлэн юун дээр алдаж барилгын компаниудад хулхидуулж байна вэ. Энэ талаар судалгаа хийсэн үү?
-Гэрээг үзэглэхээс эхлээд бүх үе шатанд барилгын компани л ашигтай ажиллах хувилбарыг бий болгодог. Өөрөөр хэлбэл, иргэд өөрийгөө хохирогч болох дараа дараагийн эрсдлийг огт тооцоолдоггүй. Зарим нэг нь мэддэг ч үгүй байх. Тиймээс ШӨХТГ-аас стандарт гэрээг бий болгосон. Стандарт гэрээ нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан зүйл заалттай. Тэгэхгүй бол барилгын компанийн гэрээнд эхний улиралд төлбөрийн тэдэн хувийг төлсөн байх учиртай.
Хэрэв заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол алданги тооцно гэж заасан байдаг. Зарим компани гэрээнд торгууль гэсэн үгийг оруулж ирсэн тохиолдол ч бий. Орон сууц бол хувцас биш. Насан туршийн үл хөдлөх хөрөнгө. Тийм байтал иргэд гэрээнд нэг их ач холбогдол өгдөггүй. Хүний аманд багтаж гарын үсэг зурдаг. Энэ бол том алдаа. Улмаар энэ үйлдэл нь барилгын компаниудын хууль бус үйлдлийг гааруулахад хүргэдэг. Анхны гэрээг нягт хийвэл барилгын компаниудын увайгүй үйлдэл цэгцэрнэ. Гэтэл манайхан анх байранд орсон учир хэл ам хийгээд яах вэ гээд хойш тавьдаг. Тэгж яав ч болохгүй.
-Энэ гэрээг танай байгууллагаас авах уу. Эсвэл барилгын компаниудад албан ёсоор тарааж өгөх үү?
-Гэрээг ШӨХТГ-ын цахим хаяг руу орж татаж авах боломжтой. Энэ гэрээг барилгын компанид танилцуулж, энэ гэрээг баримтална гэх хэрэгтэй. Алсдаа ямар нэгэн эрсдэл гарахгүй байх баталгаа тэр гэрээнд бий.
-Зөрчил гаргасан барилгын компаниуд хохирлыг хэдий хугацаанд нөхөн барагдуулах ёстой вэ?
-Хохирлын хэмжээнээс хамаарч тухайн компанид хугацаа зааж өгсөн. Одоогийн байдлаар 300 гаруй иргэний гомдол бий. Энэ асуудлыг нягтлах гэж гурван мэргэжилтэн тусгайлан ажиллаж байна. Ачаалал их учир, хохирол барагдуулалт удаан байж магадгүй гэсэн хариулт өглөө.
Иргэдийн их хэмжээгээр хохироогоод байгаа “Тектоник” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах уу. Даварсан барилгуудад даруулга хэрэгтэй байгаа юм бишүү.
Б.Анхаа
Сэтгэгдэл ( 10 )
400 саяын хохирол гээд яриад байх юумаа.Бүх айлынх нь м\кв дутаж байхад.480 айл шүү дээ багаар бодоход 5 тэрбум төгрөгний хохирол яригдаж байна.Энэ бага уу?????????????????
Ene comparing sain shalgah heregtei.
Oorsdool teneg bn bAs
ямар хэцүү юм бэ. Нэг нэгнээ хохироогоод бид сайхан амьдрана гэж үү
БОЛЬЁ ОО