Томуу, томуу төст өвчин хүндэрсээр хүний аминд хүрчээ. Он гарснаас хойш хоёр сар ч болоогүй байтал Дорноговь аймагт 0-5 настай зургаан хүүхэд эндэсний гурав нь уушгины хатгаа, бусад нь нярайн эмгэг, тархины саажилт зэрэг оноштой байсан байна. Ханиадтай хүн тус аймагт Цагаан сараар олширч, одоо болтол буурахгүй байгаа гэнэ. Өнөгөрсөн долоо хоногт аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаториор 27547 хүн үйлчлүүлсний 2528 нь томуу, томуу төст өвчтэй байжээ. Ганцхан хоногт ирж буй яаралтай тусламжийн дуудлагын хорь гаруй, амбулаториор хийсэн нэг өдрийн үзлэгийн 17 хувийг ханиад томуутай хүн эзэлж, Хүүхдийн тасаг ачаалал ихтэй байгаа аж. Тиймээс уржигдар тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргын шийдвэрээр өрхийн эмч нарыг ажил тарсны дараа яаралтай тусламжийн дуудлагад дайчлан явуулж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )