Э.Бат-Үүл үүрэг өглөө

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 19

Зам тээврийн осолд хүүхдүүд өртөх тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгайлан арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг өгөөд байна.

 

Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар 2013 орон нутагт 30, нийслэлд 7 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алджээ. Харин амь насаа алдсан хүүхдийн насны байдлаас харахад 7 хүртэл насны хүүхэд 20 буюу 54 хувийг эзэлж байна. Нийслэлд хүүхэд өртсөн зам тээврийн ослын тохиолдолд 1107 бүртгэгдсэн нь урьд оны үзүүлэлтээс 29,9 хувиар буурсан  хэдий ч гэтмлийн зэрэг өсчээ. Бүртгэгдсэн зам тээврийн осолд өртсөн хүүхдийн 76,8 хувь нь явганаар, 21,4 хувь нь тээврийн хэрэгсэлээр зорчигч, 1,3 хувь нь дугуйгаар, 0,5 хувь нь бусад тохиолдлоор замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртөж хохирсон байна. Осол өртсөн хүүхдийг насны байдлаар ангилвал  8-14 насны хүүхэд 44,2 хувийг, 0-7 хүртэл насны хүүхэд 38,4 хувийг, 15-17 насны хүүхэд 17,4 хувийг эзэлсэний 62,6 эрэгтэй, 37,4 хувь нь эмэгтэй хүүхэд гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явж байхдаа зам тээврийн осолд өртжээ.

Мөн тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 70 гаруй хувь нь зориулалтын суудалд сууж зорчоогүйгээс шалтгаалсан байдаг байна.

 

 Тиймээс дээрх судалгаа, тоон үзүүлэлтээс хамаарч нийслэлийн Засаг дарга А/97 дугаар захирамжаар тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэх зориулалтын нэмэгдэл суудлын стандартын талаар холбогдох хууль тогтоомжинд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж танилцуулах, жолооч нарт зориулалтын хүүхдийн нэмэгдэл суудлыг хэрэглэж хэвшүүлэхэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газарт, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн журмаар тээвэрлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Боловсролын  газарт үүрэг болголоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top