Барилгын компаниуд орон сууцны талбайгаас хумсалж байгаа талаар ШӨХТГ-т иргэдээс ирэх гомдол тасрахгүй байгаа. Иргэдийг их хэмжээгээр хохироосон хэд хэдэн барилгын компани бий. Үүний нэг нь “Тектоник” компани юм. “Тектоник” компани иргэдийг 400 гаруй сая төгрөгөөр хохироогоод байгаа аж.
Тус компанийн барьсан Хан-Уул дүүрэгт байрлах “Ханс вилл” хорооллын 4 блок орон сууцны бүх айлд метр квадратын зөрүү гараад байгаа аж. Одоогоор 101, 102 дугаар блок ашиглалтад ороод байгаа юм байна. Тун удахгүй 103 дугаар блок нь ашиглалтад орохоор болжээ.
"Ханс вилл" хорооллын метр квадратын үнэ 2.5 сая төгрөг юм байна. Шинэхэн байрандаа захиалга аваад дуусаж байгаа аж. Ашиглалтад орох гэж байгаа 103 дугаар байранд өнгөрсөн сарын сүүлээр Улсын комисс шалгалт хийжээ. Одоогоор Улсын комисс шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа юм байна.
ШӨХТГ-т тус байрны оршин суугчид өргөдөл гомдол гарган шалгуулж байгаа. Өргөдлийн дагуу шалгаж үзэхэд нэг өрхөөс дунджаар 5-20 метр квадрат дутаж байгаа аж. Шинээр ашиглалтнд орох 103 дугаар байранд орох иргэд ч мөн гомдлоо холбогдох байгууллагад өгсөн байна. Одоо Улсын комиссын шийдвэрээс иргэд хэрхэн яаж хохирох, эсвэл хохиролгүй болох шийдвэр гарах юм байна.
Энэ талаар “Ханс вилл” хорооллын оршин суугчдаас тодруулсан юм.
101 байрны оршин суугч Н.Сумъяа “Манайх энэ хороололд арваннэгдүгээр сард нүүж ирсэн. Манай байрнаас метр квадратын зөрүү мөн гарсан. Энд байгаа бүх айл 15-20 сая төгрөгөөр хохироод байна. Энэ байрыг барьсан “Тектоник” компани оршин суугчидтай нэг ч удаа уулзаагүй. Энэ компани дээгүүрээ их танил талтай юм шиг байна лээ. Бид нарын хохирлыг барагдуулаач гэхэд урдаас валютын ханш өссөн" гэсэн юм.
Мөн тус байрны оршин суугч Амараа “Манай байрнаас 5 метр квадрат дутсан. Одоо удахгүй 103 дугаар байр ашиглалтад орох гэж байгаа. Захиалга өгсөн айлууд мөн метр квадрат дутуу байна гээд гомдол гаргаад яваад байсан. Энэ асуудал дээр ШӨХТГ-аас ямар ажил хийж байгаа юм бол. Хуулийн байгууллагад л хандвал шийдэж өгөх байх даа” гэсэн юм.
Мэдээлэл бэлтгээд явж байх үед “Тектоник” компанийн “Ханс вилл” цогцолборын орон сууцнаас худалдан авсан байрнаас нь 18 метр квадрат дутсан гэх худалдан авагчтай уулзлаа. Тэрээр мэдээлэл өгөхдөө /нэрээ нууцлахыг хүслээ/ “Би өнгөрсөн намар энэд хоёр байр худалдаж авсан юм. Авсаныхаа дараа нь мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэхэд хоёр байрнаас нийтдээ 16 метр квадрат дутсан. Тэгээд энэ талаар барилгын компанидаа хандтал та нар “Шинэчилсэн гэрээ”-нд гарын үсэг зурсан. Бид ямар ч хариуцлага хүлээхгүй” гэж хэлсэн .
“Шинэчилсэн гэрээ” хийж, иргэдийг хохироожээ
Тухайн орон сууцны иргэд хуучин гэрээндээ нийт тэдэн ам.метрыг хэдэн төгрөгөөр гэж тусгасан байдаг. Харин шинэ гэрээндээ хоёр өрөө байрыг тэдэн төгрөгөөр гээд хийчихсэн байгаа аж. Өнөө ам.метрын тухай юу ч дурьдаагүй гэсэн үг. Хэрвээ энэ гэрээг хийхгүй бол таны мөнгийг буцаагаад өгье гэжээ. Гэтэл гэрээнд заасны дагуу гэрээ цуцлагдсан тохиолдолд нийт үнийн дүнгийн 20 хувийг буцааж олгохгүй ээ гэсэн заалттай юм байна. Ийм дарамтад орсон учраас тус байрны 170 гаруй хүн “Шинэчилсэн гэрээ”-нд гарын үсэг зураад байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 3 )
шууд их хэмжээний залилан хийсэн байна. Хүмүүсийг хохиролгүй болгоод бариулсан компанийн удирдлагуудыг зохих зүйл ангиар нь шийтгэх хэрэгтэй. Их хэмжээний мөнгө залилсан хүн хэдэн жил авдаг юм бол...
Гол нь Улсын комисс хүлээж авахгүй байснаар байранд орох гэж байгаа хэрэглэгчид нь л хохирохоос энэ м2 дутаасан гээд байгаа компани яах ч гүйшдээ, байраа хүлээсэн иргэд ороогүй байгаа байрныхаа банкны зээл болон өөр байрны түрээсийг төлнө гээл хэцүү л байна. Эхлээд тэр комисс нь хүлээж авчихаад бусад асуудлаа шууд компани болон удирдлагуудаас нь авч шийдвэрлээсэй
Хэрэглэгчдийг хохироож болохгүй, байруудыг нь хүлэж аваад оршин суугчдыг нь оруулаад, дараа нь ТӨР өндөр торгууль ногдуулаад, дахиж барилга барих эрхийг нь цуцлах хэрэгтэй.